“Нутгийн хурд” уралдаан маргааш болно

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 04 -нд

Дорнод аймгийн Баян-Уул сумын Морин спорт уяачдын “Онон-Улз” холбооноос санаачлан “Нутгийн хурд-2” уралдааныг маргааш буюу 2013 оны зургадугаар сарын 05-нд зохион байгуулах гэж байна. Энэ жил Дорнод аймгийн Баян-Уул сумын Морин спорт уяачдын “Онон-Улз” холбоо байгуулагдсаны 15 жилийн ой тохиож буй юм. Тиймээс энэхүү “Нутгийн хурд-2” морин уралдааныг ойнхоо нэрэмжит болгон зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уг уралдаан нь Дорнод аймгийн хойд бүсийн сумдыг хамрах ажээ.
“Онон-Улз” морин спорт уяачдын холбоо нь 1998 оны хоёрдугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд өөрийн сумын болон сумд, аймаг, бүс, улсын уралдаануудад уяачдаа тогтмол оролцуулж иржээ. Мөн жил бүр сумын морин спорт уяачдын холбооны нэрэмжит гурван насны морьдын уралдааныг зохион байгуулдаг байна. Түүнчлэн сумын “Алдарт уяач” цолыг 1991 онд сумын Засаг дарга Ц.Хуягбаатарын санаачлагаар олгож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд одоогийн байдлаар 27 уяачдад энэхүү цолыг олгоод байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд Улз нутгийн хурдан хүлгүүд улс, аймаг, бүсийн уралдаануудад тогтмол амжилттай хурдлах болсон нь “Онон-Улз” морин спорт уяачдын холбооны үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна