Хэрлэнгийн хөдөө арлаар зорчсон нь

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 04 -нд

2013 оны зургаадугаар сарын 3. Өглөөний 08 цагт Батлан хамгаалах яамны үүднээс 20 хүний суудалтай автобус Хэнтийн зүг хөдлөсөн юм. Манай “Тод магнай” сэтгүүлийн хамт олон санаачлан БХЯ, спортын сэтгүүлчидтэй хамтран нэгэн аяллыг зохион байгуулсан нь энэ байлаа. Ийнхүү замдаа гарсан бид хурдны өлгий Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь зэвсэгт хүчний 232-р ангид очсон юм. Ангийн захирагч хурандаа Б.Ганбаатар өнгөрсөн хугацаанд ажил үйлсээрээ шалгаран, Солонгос улсад амрахаар яваад эзгүй байв. Биднийг тус ангийн дэд хурандаа Баттөмөр, дэд хурандаа З.Майдар нарын хамт олон хүлээн авлаа. Өглөө эртлэн гарсан манай багийнхныг тус ангийн ажилсаг тогооч нар гарын хоолоороо дайлсан бөгөөд  ангийн удирдлагууд “ченжийн гараар дамжаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүн” хэмээн онцолсон юм. Харин үдийн хоолны дараа хурандаа Баттөмөр ангийнхаа товч танилцуулгыг хүргэсэн билээ. 1979 онд “Отрын малын штаб” нэртэйгээр Хэнтий аймгийн Галшар сумын нутагт байгуулагдаж байсан тус анги биднийг очиход шинэ цэргүүдээ аваад удаагүй байлаа. Тус анги нь 1982 онд онд цэргийн ангийн зохион байгуулалтанд орж, 1989 оноос Дэлгэрхаан сумын нутагт шилжин байрлажээ. Харин 2011 оны дөрөвдүгээр сараас “Морьт тусгай дивизион” болж шинэчилсэн зохион байгуулалтад орж, 2012 оны 12-р сард тугаа гардан авсан түүхтэй юм билээ. Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлж тайван болон байлдааны цагийн орон тооны морьт цэргүүдээр олон талт тусгай үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ малын удмын сан, үүлдэр угсааг сайжруулж “Шилмэл сүрэг” бий болгох эрхэм зорилготой ажээ. Харин бие бүрэлдэхүүний суралцах орчинг бүрдүүлэн олон талт үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийн түвшинг хангах, зэвсэгт хүчний оперативийн нөөцийн малын тодорхой хэсгийг амьдын жингээр хадгалах, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын хэрэгцээт мах бэлтгэх, Төрийн торгон сүргийн агтыг тогтоосон хэмжээнд байлган толгойн тоо, чанар байдлыг алдагдуулахгүй маллах, Зэвсэгт хүчний морин цэргийн сургалтын төвийн үүрэг гүйцэтгэх, Монголын морьт цэргийн уламжлалыг сэргээх, төрийн ёслолын арга хэмжээнд оролцох зорилттой ажээ. Эндээс спортын сэтгүүлчид бидний  аяллын зорилгыг харж байгаа бизээ. Тодруулбал төрийн есөн хөлт цагаан тугийг залдаг есөн шарга морины арчилгаа маллагааг газар дээрээс нь сурвалжлан хүргэхийг зорьсон юм. Энэ үеэр Хэнтий аймаг дахь Галшар адууг үндэслэгч Өвгөн ноён Хардал жанжин бэйсийн хөшөөнд Хөдөлмөрийн баатар, Монгол улсын Тод манлай Д.Даваахүү тэргүүтэй улсын цолтой уяачид хүндэтгэл үзүүлж, төрийн торгон сүрэгт өөрсдийн хурдан удмын адуунаасаа хандивлаж буйгаа дуулгаж, тус ангид хүрэлцэн ирцгээсэн билээ. Ийнхүү үйл явдлаар өрнүүн  Хэнтийн хөдөө арлаас хийсэн сурвалжлага бүхий аяны богцоо бид цувралаар хүргэх болно.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна