Хөгшин шаргынхаа толгойг Тооно ууландаа залсан

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 11 -нд

Есөн хөлт цагаан тугийг залсан морьтон баатрууд есөн шарга морины нуруун дээр салхи татуулан давхиж, Төв цэнгэлдэх хүрээлэнд орж ирдэг болоод хориод жилийн нүүрийг үзэж байна. Хэнтий, Дорнод, Сүхбаатараас ирсэн эдгээр шарга морьдыг  1998 оноос цуглуулж эхэлсэн тухайгаа Төрийн торгон сүргийн агтны даамал Ц.Галбадрах өгүүлж байлаа. Тухайн үед хөдөө орон нутагт очоод төрийн 9 хөлт цагаан тугийг залах шарга морьд хайж явна гэхэд үл итгэсэн хэрсүү өвгөчүүл өнөө Лавлаа Даш шиг л элдвээр ээрдэг байсан гэдэг. Харин дараа нь өөрийн морь төв цэнгэлдэхэд тамгатай, зүстэйгээ ороод ирэхэд  “сая л итгэлээ” гэж байхтай олонтаа таарч байсан гэх. Төрийн торгон сүргийг 1998, 2003, 2005, 2008, 2011 онуудад дахин сэлбэжээ. Жил ирэх тусам   хөдөөгийнхөн маань шарга морьдоо өгөх гэж уралдан ихэд бэлгэшээдэг болсон аж. Хурдан морины уяа эвлүүлэх уяачид хурдан шинжийг харж наймаа хийдэг бол агтны даамал маань өнгө, гадаад үзэмжийг онцлон харж сонголтоо хийдэг гэнэ лээ. Эдгээр морьдын ахмадууд болох 1998 онд ирсэн шарга морь нас өндөр болж өнгөрсөн жил сэтэрлэн, энэ хавар өөд болсон гэнэ. Төрийн торгон сүргийг малладаг Зэвсэгт хүчний 232-р ангийнхан хөгшин мориныхоо толгойг Тооно ууландаа залсан байна.


П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна