Зургаа түрүүлж, тав айрагдсан Н.Дүйдэнгийн хар азарга

Тэлмэн
2013 оны 6-р сарын 21 -нд

Дарьганга  нутгаар овоглосон олон хурдан буянгуудын нэг нь Дүйдэн панзын домогт хар азарга. Гадагшаа гарч уралдах  хориотой хатуухан цаг үед тодорсон энэ хурдан буян зөвхөн нутгийн дэвжээнээ тоосоо өргөн, аймаг, сумдын баяр наадамд зургаантаа түрүүлж, хоёр аман хүзүүдэн гурав айрагдсан  байдаг.
Сумынхаа худгийн моторыг ажиллуулдаг Дүйдэн хэмээх яриа хөөрөөтэй, хөл хөнгөн нэгэн байх. Залуугийн л наймаа панз үсэргэн  суусан газраасаа шороо атгаж, атгаснаа алт болгодог адтай аавын хүү гэгдэж явсан Н.Дүйдэн хар азарганыхаа эзэн Дашдэндэвтэй эхнэрийнхээ талаар хамаатдаг. Хар үрээний эзэн Онгон сумын харьяат Дашдэндэв хүүхдээ сургуульд оруулахаар Дарьгангад ирж, Дүйдэн ч угтаж авч, үдэн гарган хүргэн хүүгийн хүчийг харуулж, яриан далимаар “хурдан хараа зарчихаач” хэмээн үг унагаж, санаагаа цухалзуулжээ. Даага, шүдлэндээ сумынхаа наадамд түрүүлсэн хар үрээ хурдан гэдэг нь нэгэнт тодорсон хүлэг байсан тул Дашдэндэв баахан эргэлзэж, эцэст нь тухайн үедээ нэлээд өндөр ханшаар буюу  2500 төгрөгөөр наймаалцахаар болж. Ханш өндөртэй хурдны наймаа тэр даруй л  олны сонорт хүрч “Дүйдэн панз тулдаа л авлаа”, “ Дүйдэн морины үнэ өсгөлөө”, “хязаалан үрээ ийм өндөр үнэтэй байх даа яахав” гэх  олон талт эргэлзээ тээсэн үгс нутаг хошуугаар нэг хөвөрч байв. Залуу цагаас арилжаа наймаа хийн, аливаа юмны үнэ цэнийг мэдрэх болсон Дүйдэн харин хийсэн наймандаа сэтгэл хангалуун “сайн юм үнэтэй байдаг юм” хэмээн саваагүй нэгний амыг таглаж байсан гэдэг.
Дүйдэн панзын наймаа алдаагүй гэдгийг хар азарга батлан харуулж,  шинэ эзэндээ ирсэн цагаас хойш дөрөв түрүүлэн, хоёр аман хүзүүдэн, гурав айрагджээ.
Хар азарганы амжилт:
1963 онд-Онгон сумын наадамд-түрүү
1964 онд-Онгон сумын наадамд-түрүү
1965 онд-Дарьганга сумын наадамд-түрүү 
1967 онд-Дарьганга сумын наадамд-аман хүзүү
1968 онд-Дарьганга сумын наадамд- түрүү
1969 онд- Дарьганга сумын наадамд-түрүү
1969 онд- Аймгийн фестивальд-айргийн дөрөв
1970 онд-Онгон сумын наадамд- дөрөв
1971онд- Дарьганга сумын наадамд-түрүү
1972 онд- Дарьганга сумын наадамд-аман хүзүү

Хар азарганы удам угшлыг хөөвөл эцэг нь Онгон сумын азарга, харин эх нь Баяндэлгэр сумын бүр тодруулбал Дорноговь аймгийн Иххэт сумын Тайж адууны угшилтай гүү байсан хэмээдэг. Хар азарга Н.Дүйдэнгийнд ирээд соёолон наснаасаа эхлэн таван гүү хураах болсон бөгөөд тэр жилээ төдийлөн сайн давхиагүй гэдэг. /1966 онд соёолондоо айрагдаж чадаагүй/ Харин хавчигаасаа эхлэн хүлэг эзэн хоёрын хийморь асч айраг түрүү алдаагүй юм. 1967 онд хар азарганы гал төл таван эр унага гарч, Жамсрангийн хараас бусад нь эцгийн шийрийг хатаан хурдалсан билээ.
Дүйдэн эхний төлүүдийн нэгийг дүү Лувсандорждоо бэлэглэсэн нь дааган цагаас эхлэн хурдалж, тэр цагаас эхлэн хар азарганы үр төлийг авах хүсэлтэй эрчүүд Дүйдэн панзыг эргүүлдэх болсон гэдэг. Хар азарганы гал төлүүдээс тав түрүүлж, зургаа айрагдсан Шарын Тожин, хоёр түрүүлж, зургаа айрагдсан Гомбожавын том хүрэн, хоёр аман хүзүүдэж,  тав айрагдсан Сумъяагийн Том хараас гадна Дондогийн хар, сумын намын дарга асан Мажигжавын хээр, Эрдэнэцагааны Дүгэрээгийн хүрэн, Гомбын ногоон зэрэг олон хурдан хүлгүүд төрсөн. Хар азарганы үр төлүүдийн гаргасан амжилтын талаар цухас дурдвал:  
1.Л.Шарын Тожин
Л.Шарын Тожин азарга нь Дүйдэн харын үр төлүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн азарга юм.  Энэ азарга Сумъяагийн Том хар азарганы төл. Өөрөөр хэлбэл Дүйдэнгийн харын төлийн төл юм. Тожин азарга Дарьганга сумынхаа наадамд тав түрүүлж, зургаа айрагдсан хурдан хүлэг бөгөөд 1994 оны Алтан-Овооны тахилгад зургаад давхиж байжээ. Тожин азарга уягдсан цагаас сумынхаа баяр наадамд:
1979 он АХ-ын 58 жилийн ойд даага-түрүү
1980 он АХ-ын 59 жилийн ойд шүдлэн-айргийн дөрөв
1981 он АХ-ын 60 жилийн ойд хязаалан –айргийн тав
1982 он АХ-ын 61 жилийн ойд соёолон–айргийн тав
1983 он АХ-ын 62 жилийн ойд азарга–түрүү
1984 он АХ-ын 63 жилийн ойд азарга–түрүү
1985 он АХ-ын 64 жилийн ойд азарга–аман хүзүү
1986 он АХ-ын 65 жилийн ойд азарга–түрүү
1987 он АХ-ын 66 жилийн ойд азарга–түрүү
1991 он АХ-ын 70 жилийн ойд азарга–айргийн гурав
1992 он АХ-ын 71 жилийн ойд азарга– айргийн гуравт тус тус хурдалжээ.
Л.Шарын Тожингийн гал үрс Базаррагчаагийн тожин, С.Ядамсүрэнгийн  тожин, Д.Дарьзавын хар, Онгон сумын Борхүүгийн зээрд, Ч.Лхамсүрэнгийн Гоосоон хээр, Ш.Батмөнхийн зээрд  зэрэг азарганууд хурдалжээ. Лхамсүрэнгийн Гоосоон хээрийн төл Ядамсүрэнгийн хээр, хүрэн, Мэндсайханы хээр зэрэг хурдалсан адуунууд цөөнгүй бий.
2. Р.Гомбожавын том хүрэн
Сумын наадамд хоёр түрүүлж, зургаа айрагдсан энэ хурдан буян Дүйдэнгийн харын гал төл Р.Гомбожавын Өнчин зээрд азарганы төл юм.  Эцэг зээрдийг Өнчин хэмээн нэрийдэхийн учир нь тухайн үед Дүйдэн Эрээн толгойн рашааныг хариуцан ажиллуулдаг байж. Энэ рашааныг уусан зарим малын гэдэс цанхайж үхдэг гэмтэй. Зээрд унаганы эх тийм тавилангаар хорвоог орхиж өнчин  унага үлдсэн нь хожмоо нэртэй хурдан хүлэг болсон юм. Өнчин зээрдийн гал төл Том хүрэн азарганы эх нь “Шар” хэмээх Цэвэгжавын тожин гүү юм. Хүрэн азарга уягдсан цагаас эхлэн сумдын баяр наадмуудад:
1978 он АХ-ын 57 жилийн ойд даага-айргийн гурав
1979 он АХ-ын 58 жилийн ойд шүдлэн-айргийн гурав
1983 он АХ-ын 62 жилийн ойд долоотой Онгон сумын наадамд- айргийн дөрөв
1984 онд АХ-ын 63 жилийн ойд азарга-Наран сумын наадамд түрүү
1986 онд АХ-ын 65 жилийн ойд азарга-айргийн гурав
1987 онд АХ-ын 66 жилийн ойд азарга-аман хүзүү
1988 онд АХ-ын 67 жилийн ойд азарга-айргийн гурав
1989 онд АХ-ын 68 жилийн ойд азарга-түрүүнд тус тус хурдалжээ. Түүнчлэн том хүрэн азарга соёолон, хавчиг, есөн настайдаа тус тус сумынхаа наадамд зургаад хурдалж байсан гэдэг. Том хүрэнгийн үр төлүүдээс Ш.Чулуунбаатарын хонгор халзан, Тогмидын хүрэн, Хүрэлбаатарын шарга зэрэг азарганууд гарсан юм.
3. Н.Сумъяагийн Том хар азарга
Сумынхаа баяр наадамд хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэн, тав айрагдсан Норовын Сумъяагийн хар азарга Дүйдэнгийн харын гал төл. Норовын буурал адууны буурал гүүнээс гарсан унага юм. Хар азарга уягдсан цагаас эхлэн сумынхаа баяр наадамд:
1965 онд АХ-ын 44 жилийн ойд даага-аман хүзүү
1966 онд АХ-ын 45 жилийн ойд шүдлэн-түрүү
1967 онд АХ-ын 46 жилийн ойд хязаалан-айргийн дөрөв
1968 онд АХ-ын 47 жилийн ойд соёолон-айргийн тав
1975 онд АХ-ын 54 жилийн ойд азарга-аман хүзүү
1976 онд АХ-ын 55 жилийн ойд азарга-айргийн дөрөв
1978 онд АХ-ын 57 жилийн ойд азарга-айргийн гурав
1979 онд АХ-ын 58 жилийн ойд азарга-түрүү
1980 онд АХ-ын 59 жилийн ойд азарга-айргийн дөрөвт тус тус хурдалжээ.
Том хар азарганы үр төлүүдээс Н.Сумъяагийн бага хар, Л.Шарын тожин, Одот улаан, Д.Сүхбаатарын хув хүрэн зэрэг азарганууд, Сумъяагийн саарал, хүрэн зэрэг их морьд тодорчээ.
Н.Дүйдэнгийн хар азарганы үр төлүүд аймаг, улс, бүс, Их хурдад түрүүлж айрагдсан морьдын заримаас  дурдвал:
1.АХ-ын 80 жилийн ойгоор төрийнхөө их баяр наадамд аман хүзүүдсэн Рашийн хүрэн азарга
2. Шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд дөрвөлсөн Тод манлай уяач Д.Ононгийн буурал морь
3.Төрийн наадмын түрүү УИХ-ын  гишүүн асан Р.Будын хул даага
4.АХ-ын 82 жилийн ойгоор аман хүзүүдсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн Тожин азарга
5.1992 онд Сүхбаатар аймаг байгуулагдсаны 50 жилийн ойгоор тавд хурдалсан Р.Гомбожавын хүрэн
6.1994 оны Алтан-Овооны их тахилгат тавласан Р.Гомбожавын хээр соёолон
7.Сүхбаатар аймгийн наадамд гурвалсан С.Мөнх-Эрдэнийн хүрэн
8. Сүхбаатар аймгийн наадамд дөрвөлсөн О.Дугарсүрэнгийн хүрэн
9. Сүхбаатар аймгийн наадамд аман хүзүүдсэн О.Дугарсүрэнгийн саарал
10.1990 оны Алтан-Овооны тахилгат  дөрвөлсөн Дашнямын зээрд морь
11. 1990 оны Алтан-Овооны тахилгат түрүүлсэн Моонохойн хар хязаалан гэх мэт олон хурдан буянгуудыг нэрлэж болох юм.
 Арван жилийн турш Дарьганга сумнаа дархалж уралдсан Дүйдэнгийн хар азарганы үр төлүүд эцгийн шийрийг хатаан хурдалж, нэг жилийн наадмаар төл зургаан хар үрээ мордож байсан түүхийг хөгшчүүл одоо хэр нь бахдан хуучилдаг. Дүйдэнгийн харын үр сад сумаас сум, аймгаас аймаг дамжин тархсаар  халхын наадмын дэвжээнд шандас юугаа гайхуулж хурдалсан олон буянгууд бийг морь сонирхогчид эчнээ мэдэх бизээ.

 А.Тэлмэн

 

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.97

    Өвөг дээдсийн минь уяж хурдлуулж байсан Хар азарганы тухай болон удам судар угшилын талаар түүний хурдан үр төлүүд ямар хүмүүст хурдалж байсан талаар дэлгэрэнгүй бичсэнд маш их баярлалаа.Түүний үр хүүхдүүд

    Reply
  • 66.181.161.33

    Ийм сайхан нийтлэл бичсэнд баярлалаа

    Reply