Бүтээн байгуулалт өрнөсөн Хүй долоон худаг

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 01 -нд

Тун удахгүй Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жил, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойн баяр наадам болох гэж байна. Үүнтэй холбогдуулан хотын дарга наадмын бэлтгэл ажилтай танилцсан юм.
 
Наадмын нээлтийн тасалбар  энэ сарын 5-наас худалдаанд гарах бөгөөд 16,20,25 мянган төгрөгийн үнэтэй байх ажээ. Төв цэнгэлдэхэд нэмж 2000 суудал тавьснаар 14,500 хүний багтаамжтай болж  байгаа гэнэ. Энэ удаагийн урсгал засварт 15 сая төгрөгийг зарцуулаад байгаа бөгөөд ажил дуусах шатандаа яваа тухай холбогдох хүмүүс хотын даргад танилцуулж байлаа.  Энэ удаад наадмын комиссоос иргэдийнхээ тав тухтай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна гэлээ. Тиймээс явган зорчигчдын талбайд машин оруулахгүй байхаар зохицуулж байгаа ажээ. Цэнгэлдэхийн ойр орчмын талбайд түр зогсоолыг нээн ажиллуулах болсны нэг нь Дүнжингарав худалдааны төвийн өмнөх машины зогсоол байх нь. Энэ мэтчилэн хэд хэдэн газарт  түр зогсоолыг ажиллуулахаар болсон байна.

МУ-ны гавьяат жүжигчин Д.Сосорбарам: Наадмын хаалт саак болно
Наадмын нээлт хаалтын тоглолтыг Монгол улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам “дэглэхээр” болж бэлтгэл ажилдаа орсон байна. Өмнө жил багагүй шүүмжлэл дагуулаад байсан наадмын нээлтийг энэ жил өөрөөр хийнэ гэдгээ Со гавьяат дуулгана лээ. Наадмын нээлтэнд 999 уртын дуучин, 999 ардын бүжигчид оролцох бол цэнгэлдэхэд хурсан олон ч нээлтийн оролцогчид байх ажээ. Монгол философийг харуулахаар зорьж буй хэмээн ярих гавьяат хөгжмийн зохиолоо АНУ-д захиалан хийлгэсэн ажээ. Нэрт хөгжмийн зохиолч Сангидорж агсны хүү хөгжмийн зохиолч Сансаргэрэлтэх  хөгжмийн зохиолыг бичжээ. Сосорбарам гавьяат  наадмын нээлтээс гадна хаалт ч  чухал байх ёстой. Өмнөх жилүүдэд наадмын хаалт тэгсхийгээд өнгөрдөг байсан бол энэ  удаад саак байх болно хэмээн ам  алдана лээ.
 
Унаач хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт болно
Наадмын урлагийн тоглолт Хүй долоон худагт ч долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Хүй долоон худагийн наадмын нээлт 11-ний өдөр 14 цагаас болно. Э.Сонинтогос захиралтай СУИС-ийн хамт олон, Монголын урлагийн зөвлөлөөс Хүй долоон худагт соёлын арга хэмжээ явуулаад зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Монгол үндэстний өв соёл, монгол наадмыг харуулах энэхүү соёлын наадам үндсэн хоёр хэсгээс бүрдэх ажээ. Эхнийх нь “Сэрсэн тал” ардын болон орчин үеийн урлагийн тоглолт байх бол хоёр дахь хэсэг “Монголын нэг өдөр” нэртэй байх байна. Түүнчлэн уран зургийн болон аварга баримлуудын үзэсгэлэн гарах бол агаарын бөмбөлөг, хайнагийн үзүүлбэр гэхчилэн олон арга хэмжээ соёлын наадмын хөтөлбөрт багтжээ. Мөн Дарханы хүүхэд залуучуудын явуулын театр ажиллана. Энэ жилийн бас нэг онцлог нь Хүүхдийн төлөө үндэсний газар энэхүү арга хэмжээнд хамтран ажиллахаар болсон байна. Тиймдээ ч унаач хүүхдэд  рүү чиглэсэн олон арга хэмжээг авч явуулахаар болжээ. Унаач хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолтыг зохион байгуулах бол тэдний дунд уран зураг, гийгоон сонирхолтой тэмцээнүүд явагдах юм байна.

Хүй долоон худагтаа нааддаг болно
Хүй долоон худагийн бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 5-нд бэлэн болгох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 7000 машины авто зогсоол, 12,5 га-д хоёр худалдааны талбай, 8,5 км замыг барьсан байна. Энэхүү худалдааны  төв дээр 200 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгож байгаа бол цэнгэлдэхийн эргэн тойронд 300 аж ахуйн нэгж ажиллана. Наадмын гол хүнсний нэг хуушуурын үнийн зохицуулалт дээр шударга  өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас хяналт тавих ажээ.

Энд үндэсний компаниуд болох “Экспрес зам”, “Наранбулаг сан”, “O&D”, “Тэгш балаант”, “Хомын тал”, “Дагшин хар” гэх зургаан байгууллага бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Монгол наадам” цогцолборыг Хүй долоон худагт барих шийдвэрийг гаргасан билээ. Энэ шийдвэрийн дагуу цогцолборын үйл ажиллагааны эхлэлийг ийнхүү тавиад байгаа юм. 2015 он гэхэд Монгол наадам цогцолборын ажил дуусах төлөвлөгөөтэй байгаа  бөгөөд ингэснээр бид Хүй долоон худагтаа нааддаг болох юм. Энд 80000 хүний суудалтай хагас саран хэлбэртэй стадион баригдах ажээ. Харин төв цэнгэлдэх  нь Олимп цогцолбор болох тухай хотын дарга танилцуулсан юм.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна