Уяач Д.Одхүү: Төрийн наадмаас анхны айргаа хүртлээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдааны айргийн дөрвөөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Данзандоржийн Одхүүгийн хээр үрээ хурдалж хурсан олныг баярлууллаа.  Энэхүү баярт мөчид залуу уяачийн баярын сэтгэгдлээс бид хуваалцсан юм.
-Баярынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?
-Үнэхээр сайхан байна. Төрийн наадмын анхны айргийг хээр шүдлэн маань  авчирлаа.  Уяач бүр бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг төрийн  наадмын өндөр дов үзэж, айраг түрүү авна гэдэг ховорхон тохиох аз гэж боддог. Уяач, унаач, адуу гурвын аз хийморь гийж айраг түрүүнд хурдалдаг юм болов уу. Газар нэлээн чийгтэй байсан болохоор битүүхэн эмээж байсан ч сайхан амжилт гаргалаа.
-Хээр  үрээ өмнө нь яаж давхиж байв?
-Манай уяач Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Шижээ гэж залуу бий. Шижээ маань энэ хавар битүү үрээгээ сургаад уясан нь ийнхүү айргийн дөрвөөр хурдаллаа.  Энэ дашрамд улсын наадмын айраг авч өгсөн уяачдаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Хэзээнээс хурдан морь сонирхож эхлэв?
-Олон жил морь уяж байна гэж худлаа яриад яахав. Гэхдээ адуу хэмээх хийморилог амьтанд сүслэн яваа залуу хүний хувьд баяртай байна. Ямартаа ч сэтгэл зүрхээ зориулсан ажлын маань үр дүн гарлаа.
-Таны адуунд хаана хаанахын хурдан хүлгэд сойлгоотой байна вэ?
-Би чинь Сэлэнгийн хүн. Тэр утгаараа төрсөн нутгийнхаа унаган адуугаар нааддаг. Мөн хурдны өлгий нутаг Сүхбаатар, Хэнтий зүгийн гаралтай хурдан хүлгэд бий. Хэдэн жилийн дараа юм дуулгах байхаа гэж  бодож байгаа шүү.
-Төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Уг нь хэд хэдэн насанд морь уясан ч түрүүчээс нь тавьсаар байгаад хоёр гурван нас л үлдсэн байна. Үүний нэг нь хээр үрээ маань байгаа юм.
-Баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна