Монгол адууны чансаа-Дархан түмэн эх Улс халзан

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 16 -нд

Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэн, шинэ амжилт бичигдлээ. Энэхүү алдрыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улс халзан азарга төрийн наадамд завсаргүй гурав түрүүлсэн амжилтаараа  хүлээж буй юм. Монгол төрийнхөө их баяр наадамд зургаантаа түрүүлж, амгалан төрийн Ажнай шарга хэмээх эрхэм цолыг хүртсэн Б.Наранхүүгийн шарга азарга 2007, 2008, 2009 оны баяр наадмуудад дараалан түрүүлж, монголын хурдан морины түүхэнд шинэ амжилтын эзэн болж байсан. Гэсэн хэдий ч Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарга шинэ цагийн монгол адуу ноёлж буй энэ цаг үед цойлон гарч монгол  адууны хурдыг гайхуулснаараа эрхгүй онцгойрч буй юм. Ялангуа морин уралдаан наадгай хэлбэрээс мэргэшлийн хэв маягт шилжин эрчимжиж буй энэ цаг үед нэг адуугаар тогтмол амжилттай наадах нь  ховорт тооцогдох болсон. Өрсөлдөөн жил ирэх тусам ширүүсч буй өнөө цаг үед гурван жил дараалан төрийнхөө их баяр наадамд алтан жолоо өргүүлсэн Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улс халзан азарга энэ цагийн эрхгүй хурдан буянгуудын нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх эрхтэй боллоо. Морин туурайгаар дэлхийн дайдыг эзэлж явсан цөс ихт эрсийн бахархал монгол адууны чансааг гайхуулан хурдалсан Улс халзан азарганы угшил юуг уудалваас:
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Шинэтулгын унаган адуу Улс халзангийн эцэг нь Тал булагийн уурхайд ажилладаг Гомбо гэгчийн Босоо угшлын адуу бол эх нь Наваанчүлтэмийн халзан азарганы цустай гүү байдаг гэдэг. Эдний дундаас хоёр охин, дөрвөн эр унага гарсаны хамгийн отгон нь өдгөөгийн Дархан түмэн эх Улс халзан юм. Улс халзангийн гурван ахын хоёр нь улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэд. Ах хонгор морь нь 2009 онд Дорнод аймагт болсон зүүн бүсийн хурдан морьдын уралдаанд айргийн дөрвөөр давхисан бол ах хүрэн морь нь 2010 онд Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ой баруун бүсийн даншиг наадамд улсын начин Баатарын нэр дээр уралдаж айргийн таваар хурдалж байжээ. Өөрөөр хэлбэл Улс халзан ясны хурдан адуу бөгөөд түүнийг нь аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар нарийн мэдэрч, хөглөдөг ажээ.
Улс халзан азарга гурван ч эзний гар дамжсаныг морь сонирхогчид мэдэх бизээ. Дөрвөн их түүхт ой давхцсан 2011 оны төрийн их баяр наадамд түрүүлэн түмэн эхээ дуудуулахдаа Түмэнцогт сумын уугуул Хүсэлзулын нэр дээр цоллуулж байсан бол хэдхэн хоногийн дараа болсон Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадамд айргийн дөрвөөр хурдалж УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хүлэг хэмээн дуудуулж байсан юм.
Төд удалгүй Б.Наранхүү  "хуурай ах  Д.Бат-Эрдэнэдээ халзан азаргаа бэлэглэж гэнэ" гэх шуум гарч, “Жавхлант шаргын хурд-2012” уралдааны үеэр таамаг бодит явдал болох нь батлагдсан билээ. Энэ цагаас хойш халзан азарга өмнийн говийн хүүгээр овоглогдох болж, улс бүсийн наадмаас гурван түрүү хүртээд байна.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна