Тахилтын тэнгэрлиг хар

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 18 -нд

Жилийн жилд сүргийн манлай азарганы уралдаан шимтэй сонихон байдаг. Энэ жилийн хувьд ч гэсэн үзэгчдийг өндөлзүүлж, уяхан нэгний мэлмийг чийгтүүлсэн сайхан уралдаан болсон. Ингээд аман хүзүүнд хурдалсан Төв аймгийн Бүрэн сумын уугуул, “Бүрэн хурд” галын гишүүн Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хар азаргыг морь сонирхогч та бүхэндээ танилцуулъя.
Хар азарга УИХ-ын гишүүн асан аймгийн алдарт уяач Р.Будын унаган адуу. Бүр тодруулбал 1999 онд хязааландаа Алтан-Овооны их тахилга наадамд түрүүлж байсан Тахилт хар азарганых нь гал төл юм. Тахилт харын эцэг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Жигжидийн сумынхаа наадамд хэд хэд айрагдаж түрүүлсэн Чавх хонгор хэмээх азарга байсан бөгөөд хонгор азарганы дээд удмыг хөөвөл 1943 онд Дорнод аймгийн баяр наадмын зургаан насны тавынх нь түрүүг хүртэж явсан Тарвийгийн бага хүрэн азарганы угшилтай болдог. Харин Тарвий нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул нэгэн бөгөөд Р.Будын авга ах нь аж. Тиймээс Тахилт хар азаргыг Р.Буд “манай дээдчүүлийн угшилтай адуу” хэмээн ярьдаг нь үнэнд нийцэх түүх юм.
Тахилтын эх нь Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн бор гүү байсан бөгөөд хар азарга шүдлэндээ айрагдаж,хязааландаа сумынхаа наадамд түрүүлээд давхар уяагаар Алтан-Овооны наадамд 1999 онд хязааландаа/түрүүлэн морь сонирхогчдын хараанд өртсөн юм. Харин соёолондоо улсын наадмын долооны дунд сунгаанд хол түрүүлж, төрийн наадмын түрүү айргийн хүлгийн тааварт яригдаж байсан ч уяаны бага зэргийн алдаа гарч 12-оор давхиж байсан удаатай. 2003 оныулсын баяр наадамд арваар давхиж, 2004 оны хавар Дүнжингаравыг угтсан азарганы бооцоот уралдаанд аман хүзүүдсэн Тахилт хар “Дүнжингаравын хурд”-д таваар давхисан ч зохион байгуулагчид долоогоор давхисан хэмээн тооцсон юм. Түүний дараа Багануур бага Хэнтийн бүсийн наадамд наймаар давхин зодог тайлж байсан билээ. Ийнхүү нэгэн үе моринд хайртай монгол түмнээ баясган хурдалж байсан Тахилт хар азарганы үр төлүүдээс эцгийн шийрийг хатаан азарган насанд хурдалж буй нь Х.Улам-Өрнөхийн хар юм.
АХ-ын 92 жилийн ой үндэсний их баяр наадмын азарганы аман хүзүүнд хурдалсан хар азарганы эх нь Д.Даваахүү Тод манлайн унаган хар гүү юм. Хүлэг мориор дамжин олон жил сайхан нөхөрлөсөн Р.Будыг 2003 онд төрийн наадамд "Дааган хулан"-аа түрүүлгээд ирэхэд нь Тод манлай зэлэн дээр уяатай байсан Цолмон халтарын хоёр охин унагыг зааж, “дуртайгаа сонгож авдаа” дүү минь хэмээн найр тавьсан гэдэг. Р.Буд жижигэвтэр биетэй хар унагыг сонгон авч, хожмоо Тахилт хардаа хураалган гарсан төл нь Х.Улам-Өрнөхийн хар азарга юм. Хар азаргыг дааганд нь сургаж тавиад шүдлэнд нь Сүхбаатар сумын Эрдэнэ овооны тахилга наадамд уралдуулбал таваар давхиж, харин хязааландаа Баяндэлгэр сумын наадамд аман хүзүүдэж, соёолондоо Халзан сумын наадамд аман хүзүүдэж улмаар Сүхбаатар аймгийн наадамд түүнийгээ баталжээ. Түүний дараа одоогийн эзэн Х.Улам-Өрнөх авч, өнгөрсөн жил улсын наадамд 12-оор давхиулаад энэ жил долоотой азарга ийнхүү аман хүзүүнд хурдлуулаад буй юм.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна