Ш.Батсамбуугийн халтар

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 06 -нд

Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морины азарганы уралдаанд түрүүлж айрагдсан болон эхний аравт багтсан хурдан хүлгэдийн тухай цувралаар хүргэж байгаа билээ. Үүнд: Төрийн наадмын түрүү Монгол адууны чансаа Дархан түмэн эх Улс халзан, аман хүзүү Тахилтын тэнгэрлиг хар болох Х.Улам-Өрнөхийн хар, айргийн гурваар хурдалсан Удамт уяачийн Унаган зээрд, уяач Г.Тэмүүлэнгийн Домогт шаргын дөмөг үр, Өврийн хангайн хүү Д.Сугарын хул азаргыг танилцуулаад байгаа юм. Харин энэ удаад төрийнхөө их баяр наадамд 812 дугаартай О.Отгонбаяр хүүгийн унаж зургаагаар хурдлуулсан Завхан аймгийн Баянтэс сумын уугуул М.Батсамбуугийн халтрын тухай өгүүлэхэд ийм байна. 
Даян түмний эх Х.Бат-Эрдэнийн хүрэн, Б.Наранхүүгийн Монгол хээр, Б.Сүхбаатарын Дүү хээр гээд энэ цагийн хурдууд хүй цөглөсөн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын унаган олон хүлгэд төрийнхөө их баяр цэнгэлд од хийморьтой наадсан. Тэдний нэг бол Ш.Батсамбуугийн халтар азарга юм. 
АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын гаралтай шарга морио дөрөвт /хүүхэдгүй/ хурдлуулж байсан Завхан аймгийн Баянтэс сумын уугуул Ш.Батсамбуу өнөө жил халтар азаргаа зургаад давхиуллаа.  Түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэж буй Завхан нутгийн хүүгийн нэртэй халтар азарга  Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын адуу. Орон нутагтаа 2-3 ч удаа түрүүлж, айрагдсан найман настай азаргыг өнгөрсөн хавар ногооноор авчирсан бөгөөд анхны уралдаан Хүйн долоон худаг дахь төрийн баяр наадам байлаа. Халтар азарганы уяаг МУ-ын Манлай уяач Г.Батчулуун тааруулдаг бөгөөд энэ жилийн хувьд дахин наадахгүй хэмээсэн юм.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна