МУ-ын Алдарт уяач Л.Батмөнх: Хүрэн даага Алдарт цолыг маань мялааж, айргийн дөрвөөр хурдаллаа

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 06 -нд

-Сайхан наадаж байна уу? Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцана уу?
-Монгол улсын Алдарт уяач цолыг маань мялаан сартай хүрэн үрээ маань айргийн дөрвөөр хурдалллаа. Сэтгэл их өндөр байна. Төв аймгийн Цээлд хийсэн сунгаанаас хурдан байгааг нь мэдээд улсын наадмыг зорьсон юм. Төрийн наадмын босго өндөр шүү. Мянга уралдахад тавыг нь барьдаг болохоор  амаргүй даваа даа. Гэхдээ уяач бүр л битүүхэндээ айраг түрүү горьдож, догдлон суудаг юм шүү дээ.
-Хаанахын адуу вэ?
-Эцэг эх нь Сүхбаатар зүгийн адуунууд байгаа юм. Эцэг нь соёолондоо Говь-Алтайн даншигт айргийн таваар давхиж байлаа.
-Алдартын анхны айраг байж. Харин Батмөнх уяачийн хувьд хэд дэх айраг вэ?
-Улсын наадмын хоёр дахь айраг байгаа юм.  Одоогоос таван жилийн өмнө АХ-ын 87 жил, Үндэсний их баяр наадмаар хулгар хүрэн азаргаа айргийн дөрвөөр хурдлуулж байлаа.
-Харин улс бүсийн наадмаас хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-2007 онд Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 280 жилийн ойгоор хонгор шүдлэнгээ дөрөвлүүлж байлаа. Түүнээс жилийн дараа хулгар хүрэн азаргаа гурван ч бүсийн наадам болон төрийн их баяр наадамд айрагдуулсан бол “Алтан овоо 2008”-д хул шүдлэнгээ түрүүлгэж, хул хязаалангаа айрагдуулж байлаа. Үнэхээр одтой наадсан жил байгаа юм. Үүн дээр Говь-Алтайн 70 жилийн ой, баруун бүсийн гурван айраг дээр нь өнөөдрийн айргаа нэмээд нэг түрүү, 10 айрагтай болж байна.
-Энэ жил хичнээн насанд хэдэн морь уясан бэ?
-Улсынхаа баяр наадамд таван насны морьтой ирээд сартай хүрэн даагаа айрагдууллаа.  Харин их нас 23, 41-ээр давхиж, үлдсэн нь хойгуур ирсээн.
-Та удам дагасан уяач байхаа?
-Тийм ээ,  миний аав Лхагва малчин хүн. Тухайн үедээ сумандаа л нааддаг уяач явлаа. 
-Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлээр дамжуулан нутгийнхаа ахан дүүс болон Өвөрхангайчууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна