Унаач Д.Мөнхнасан: Зээрд азаргаа унаж хурдлуулах урамтай сайхан байдаг юм

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 11 -нд

-Баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан монголынхоо нийт ард түмэнд баяр наадмын мэндийг дэвшүүлье. Миний хувьд үнэхээр их баяртай байна. Унаач бидний хувьд унасан морьдоо айраг түрүүнд хурдлуулна гэдэг хамгийн гоё нь болохоор тэр юм. Улсын наадмын дэвжээ гэдэг аргагүй өөр л дөө. Мундаг мундаг унаач хүүхдүүд өрсөлдөгчид байдаг. Улс халзангийн унаач Т.Баярхүү, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн морьдыг унадаг Г.Сүхбат гээд л нэрлэж болох юм.
-Сая хүүхдийн төлөө үндэсний газрынхан гарын бэлгээ өглөө. Бэлэг таалагдав уу?
-Тийм ээ, таалагдаж байна. Унаач бидний хувьд хамгийн хэрэгтэй зүйл хамгаалалтын хувцас хэрэглэл байдаг  шүү дээ. Ах, эгч нар маань нүдээ олсон бэлэг өглөө, баярлалаа гэж хэлье.
-Миний дүү хэдэн настай вэ?
-11 настай. Тавдугаар ангид сурдаг.
-Хэдэн жил морь унаж байгаа вэ?
-Анх дөрвөн настай байхдаа хонины морь унаж сурч байлаа. Түүнээс хойш долоон жил хурдан морь унаж байна. Энэ хугацаанд том жижиг олон наадмуудад морь унаж хурдлууллаа.
-Энэ жил улсын наадамд хэдэн насанд морь унасан бэ?
-Энэ жилийн баяр наадмаар азарга, их насны морь унасан. Эндээс зээрд азаргаа айргийн дөрвөөр давхиуллаа. Зээрд азаргыг унаж хурдлуулах их урамтай байдаг юмаа. Бас нэг алаг даагаа унах би дуртай.  Энэ хоёрыгоо унаад салхи татуулан уралдах гоё байдаг.
-Аав нь морь уядаг уу? Ах дүү нараас нь хурдан морины унаачид байна уу?
-Аав маань морь уяхгүй ээ. Гэрээсээ би ганцаараа л хурдан морь унадаг юм. Манайх Архангайн айл л даа. Гэхдээ одоо аав ээж маань Хэнтийд ажиллаж амьдардаг.
-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг дүүдээ үлдээж байна?
-Уяач ах нартаа уясан болгон нь хурдан байг гэж ерөөе

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна