МУ-ын Манлай уяач Б.Отгоннасан: Ганцхан хонгор соёолонтойгоо ирээд түрүүлгэлээ

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 11 -нд

Долоодугаар ангийн жаахан хүү морь уячихаад доод ангийнхаа хүүхдээр унуулж анхны айргаа хүртэж байсан тэр цагаас хойш Отгоннасан Манлай том жижиг наадмаас олон айраг түрүү хүртжээ. Улмаар хурдан морины төлөө зориулсан хөдөлмөрөө үнэлүүлж 2002 онд аймгийн Алдарт, 2011 онд Монгол улсын Алдарт, 2013 онд Монгол улсын Манлай уяач цолыг тус тус хүртсэн юм. Харин Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар соёолон түрүүлгэж Манлай цолоо мялаагаад байхад нь баярын сэтгэгдлээс нь хуваалцсан юм.

-Таны уяж сойсон хонгор соёолон түрүү магнайд хурдаллаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Уясан хүлэг маань төр түмнээ баясгаж алтан жолоо өргүүлсэнд баяртай байна.
- Манлай улсад хэдэн насны морьтой ирсэн бэ?
- Хонгор соёолон Өвөрхангайн Хайрхандулаан сумынхаа ойд түрүүлчихээд улсын наадмын урьд орой ирсэн юм. Нутгаасаа ганц л үрээтэй ирээд түрүүлгэчихлээ.
- Өнгөрсөн жил баруун бүсэд түрүүлсэн байхаа?
- Хонгор үрээ улс бүсийн наадмаас гурван түрүү, нэг айраг хүртээд байна. Даагандаа Өвөрхангай аймгийн наадамд түрүүлж, Говь-Алтай аймгийн баруун бүсийн даншигт дөрвөлсөн. Харин шүдлэндээ төрийнхөө их баяр наадамд түрүүлж, хязааландаа Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн наадамд дахин түрүүлсэн юм.
 - Отгоннасан Алдарт морь уяад хичнээн жил болж байгаа вэ?
-1988 оноос буюу одоогоос 20 гаруй  жилийн өмнөөс эхлэн морь уяж байна. Энэ хугацаанд 50,60 гаруй том жижиг наадмуудаас 300 гаруй айраг түрүү авч 2002 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Мөн 2005 онд аймгийнхаа наадамд хоёр морь түрүүлгэж, дөрвөн морь, улсын наадамд хоёр даагаа тус тус айрагдуулж Өндөр гэгээний мэлмий  гийсний 370 жилийн ойд даага дөрвөөр давхиулж оны шилдэг уяачаар шалгарч байлаа.
-Сэтгэгдлээсээ хуваалцсан танд баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна