МУ-ын Манлай уяач Б.Бат-Өлзий: Адууны төлөө тууштай явсаныхаа үр шимийг өнөөдөр үзэж байна

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 17 -нд

Энэ  он гарсаар тун ч одтой наадаж, хүлэг эзэн хоёрын “гар нийлсэн” амжилтыг харуулаад байгаа азтай эрчүүд бол Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Манлай уяач Б.Бат-Өлзий буюу Дугараа нар юм. АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаас зургаан айраг түрүү хүртсэн тэд “Их хурд 6” уралдаанд хүрэн морио түрүүлгэж наадамчин олныг баярлуулсан билээ.

-Манлай баяр хүргэе. Хүрэн соёолонгоо аман хүзүүнд хурдлууллаа?
-Баярлалаа. Үнэхээр их баяртай байна. Нийт монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Дугараа уяач энэ жил одтой байна шүү. Өнгөрсөн жил хүрэн морио түрүүлгэчихээд “уяач бүрийн цээжний мухарт төрийнхөө наадамд их морь түрүүлгэх хүсэл байдаг юм” гэж байлаа. Та энэ хүслээ дахин биелүүллээ?
-Тийм ээ, хүсэл мөрөөдлөө биелүүлж төрийнхөө наадамд их морь түрүүлгэсэндээ баярлалгүй яахав. Гэхдээ түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан болохоор энэ жилийнх шиг догдлоогүй юм болов уу. Харин энэ жил айрагдах уу, үгүй болов уу хэмээн тээнэглэж байхад түрүүлээд ирэхээр нь баярласандаа өөрийн эрхгүй уйлсан. Уг нь ч дөжирвөл дөжрөхөөр болсон баймаар юм.  Гэтэл энэ жил хүрэн морь хоёр ч уйлуулаад авлаа. Цэндбаатар бид хоёр найзууд. Наадмын өмнө бид утсаар “чи улс Халзан азаргаа түрүүлгэчих,  би хүрэн морио түрүүлгэчихээд цэнгэлдэхэд уулзацгаая” гэж ярьсан юм.  Тэр яриа биелсэн шүү. Энэ дашрамд Цэндбаатар найздаа баяр хүргэе.
-Та бол  хотын унаган хүүхэд. Магадгүй багадаа энэ өдрийн тухай төсөөлж байв уу?
-Тийм ээ миний хүүхэд нас Улаанбаатар хотын Баянхошуунд  өнгөрсөн.  Гэхдээ хүн заяа төөргөө мэдэх биш дээ.  Би ерээд оноос эхлээд л уяа сойлго тааруулж байна. Үүнээс өөр ажил хийж үзсэнгүй. Адууны төлөө сэтгэл зүрхээ зориулан олон жил тууштай явсаныхаа үр шимийг өнөөдөр үзэж явна гэж боддог. Монгол улс ганцхан уяачтай байхад л би тэрийг нь хийж явлаа шүү дээ. Одоо ч уяач олон болж дээ.
-Залгаад бүсийн наадмууд үргэлжилнэ? Хаана наадах гэж байна даа?
-Архангай явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна