Дүнжингаравын түрүү Тод манлайн хүрэн

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 29 -нд

Жилдээ ганц монгол наадам, тэр дундаа төрийнхөө их баяр цэнгэлээс нэг түрүү, таван айраг хүртэн  бахдам амжилт үзүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ могой жилийн морины онцлох эрхмээр нэрлэгдэх нь дамжиггүй.
Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд хонгор соёолонгоо аман хүзүүнд хурдлуулж байсан тэрээр өнөө жил хүрэн соёолон  мөн л хоёрт давхиуллаа. Аз хийморийн бэлгэдэл соёолон насны морьдын уралдаанд аман хүзүүнд хурдалсан хүрэн үрээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Гарьдын Ариунзаяагийн адуу. Төрийнхөө их баяр  цэнгэлд аман хүзүүнд хурдалсан хүрэн үрээ дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд мөн л аман хүзүүнд хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, уугуул түмнээ цэнгүүлсэн билээ. Хүрэн соёолонгийн эцэг хээр  азарга нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул “Буузан” хэмээх Доржийн хээр азарганы төл бол эх хүрэн гүү нь Галшар угшилтай хэмээгддэг. Даагандаа  уягдалгүй өнжсөн хүрэн үрээ шүдлэндээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын ойд айргийн таваар хурдлан өм нээгдэж байжээ. Түүний дараа одоогийн эзэн нь авсан бөгөөд өнгөрсөн жил хязааландаа улсын наадамд 12-оор давхиж, 2013 он гарсаар “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн анхны уралдаанд түрүүлэн, “Эрдэнэт хурд” бүсийн уралдаанд 14-өөр давхисан нь  энэ юм. Уясан эзний урмыг дэврээн хурдлаад  байгаа хүрэн соёолонгийн ах зээрд морь нь орон нутгийн чанартай наадмуудад тав зургаа айрагдсан хурдан хүлэг байдаг бөгөөд өнгөрсөн жил нийслэлийн Алдарт уяач Т.Ихбаяр авч, өнөө жил улсын наадамд арав гарган давхиулжээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна