Булганчууд 697 морьтон жагсаан тэргүүлжээ

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 03 -нд

Үндэсний өв соёлоороо бахархаж, Монголоороо омогшихын сэтгэлийг дэврээсэн баярт өдөрлөг дэлхийн адууны баяр өнгөрсөн сарын 9,10-нд Хүйн долоон худагийн торгон дэнжнээ болсон. Монголд адууны яам үүсч байгуулагдсаны 750 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан "Монгол морь-3000" уралдаан болон Tүмэн морьтны жагсаалд эх орны өнцөг булан бүрийн зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, дэлхий нийтэд морьтон монголчуудын мөнхийн омогшлыг тунхагласан билээ.
Айргаараа, Адуугаараа, Анхдагчдаараа алдартай Булганхангай нутгийн хөвгүүд энэхүү баярын арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч, өндөр зохион байгуулалтай, нүсэр бүрэлдэхүүнтэйгээр оролцсоныг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Түмэн морьтны жагсаалд тус аймгийн 17 /Хялгант тосгоныг оролцуулаад/ сумын 697 морьтон жагссан бол, "Монгол морь-3000" уралдаанд 564 хурдан хүлэг тоосоо өргөжээ. Тус аймгийн дэлхийн адууны баярт оролцох төлөөлөгчид хоёр хуваагдан нийслэлийг зорьсон бөгөөд, нийтдээ 700 гаруй морь, 1500-гаад морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн байна. Түүнчлэн уяачид, морьтонгуудаа дэмжин сум бүрийн удирдлагууд тусгай гэр барьж, Хүйн долоон худагт хамгийн том хотхоныг байгуулсныг наадамчин олон бэлхнээ харсан бизээ. Дэлхийн адууны баярт оролцож буй төлөөлөгчдийнхөө хүүхэд хамгаалал, эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарал тавихаар аймгийн цагдаагийн хэлтэс болон хүүхдийн байгууллага, хүн эмнэлэг, мал эмнэлгийн ажилтнууд хүрэлцэн ирсэн байсан нь бусдаас ялгарах онцлогуудын нэг байсан юм. Тэд зөвхөн аймаг орон нутгийнхаа уяачид, малчдад төдийгүй ойр зэргэлдээ байсан Баянхонгор, Төв зэрэг аймгийн төлөөлөгчдөд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байлаа.
Дэлхийн дээд амжилтанд нэгэн зэрэг хоёр төрлөөр бичигдэх энэхүү түүхэн арга хэмжээнд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон Булганчууд тэр дундаа  "Булганхангай" МСУХ-ны Ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ, тэргүүн А.Лхагвасүндэв, дэд тэргүүн МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргал, нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр нарыг  ММСУХ-ны зүгээс өндрөөр үнэлж, морин уралдаан хөгжүүлэх үйлсэд цаашдаа ч манлайлан оролцохыг уриалсан билээ. Булган аймгийн МСУХ энэхүү баярын арга хэмжээний зохион байгуулалтанд нийт 21 сая төгрөг зарцуулсан бөгөөд орон нутгийн зүгээс мөн дэмжлэг үзүүлжээ.
Түүнчлэн энэхүү арга хэмжээнд идэвх зүтгэлтэй оролцсон уяачид, хурдан морины зүтгэлтнүүдээ урамшуулах үүднээс  хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан аж. Жишээлбэл
1.Түмэн морьтны жагсаалд хамгийн олон морь оролцуулсан
2.Хамгийн гоё морьтнууд жагсаасан
3. 3000 морины уралдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн гэсэн гурван төрлөөр сумдын дунд уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгаруулсан байна. Хамгийн олон адуу оролцуулсан гэсэн төрөлд Баяннуур сум 99 морь авчран тэргүүлсэн бол хоёр дахь номинацид Гурванбулаг сум 13 зүс ижил цоохор мориороо эрхгүй онцгойрч, хамгийн өндөр амжилт үзүүлсэн уяачдаар Бугат сумынхан шалгарчээ.
Оролцогчдын идэвх зүтгэлийг үнэлэх хоёр дахь шатны арга хэмжээ бол цол хэргэмийн асуудал байсан бөгөөд аймгийн Засаг дарга түр журам гарган "Монгол морь-3000" уралдаанд эхний 50-д болон аймгийнхаа 500 морины гараанд айргийн тавд хурдалсан морьдын эздэд Аймгийн Алдарт уяач цол олгохоор болсон юм. Энэхүү болзолын дагуу хурдан халиун морио аман хүзүүнд хурдуулсан Сэлэнгэ сумын, Сумын алдарт уяач Тайванбаатарын Нямсүрэн, хурдан алаг морио айргийн тавд давхиулсан Рашаант сумын, Сумын алдарт уяач Санжидын Соёлпүрэв нарт Аймгийн Алдарт уяач цолны батламжийг гардуулсан өгсөн юм.

“Монгол морь-3000” уралдаанд Булган бүсээс түрүүлж айрагдсан морьдын цуваа
1.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын хонгор, унаач Н.Дашцэрэн /11 настай эрэгтэй/
2. Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Тайванбаатарын Нямсүрэнгийн халиун. Унаач Ү.Гантулга /9 настай эрэгтэй/
3. Булган аймгийн Бугат сумын уугуул Равжирын Мягмардоржийн хул. Унаач Б.Отгон-Эрдэнэ. /12 настай эрэгтэй/
4. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Б.Буянбаатарын хээр.Унаач Б.Мөнх-Оргил /10 настай эрэгтэй/
5. Булган аймгийн Рашаант сумын уугуул Санжидын Соёлпүрэвийн хар алаг. Унаач С.Чинзориг./8 настай эрэгтэй/
6. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Жадамбын Бат-Эрдэнийн хонгор.Унаач Мөнхзул. /12 настай эрэгтэй/
7. Булган аймгийн Бугат сумын уугуул Занаширийн Наранбаатарын хүрэн халзан. Унаач Л.Тайванбаатар./16 настай эрэгтэй/
8. Булган аймгийн Баян-Агт сумын уугуул Ойдовжунаагийн Батхүрэлийн халтар. Унаач О.Лхагва-Очир. /15 настай эрэгтэй/
9.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Хасбазарын Энхтайваны хээр алаг. Унаач Б.Дагвадорж./11 настай эрэгтэй/
10. Булган аймгийн Булган сумын уугуул Даваадоржийн Мөнх-Очирын босоо хээр.Унаач М.Мөнхдэлгэр /13 настай эрэгтэй/
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна