Дорнодчууд түмэн морьтны жагсаалд

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 11 -нд

Монгол улсад адууны яам байгуулсаны 750 жилийн ойн хүрээнд “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаан, мөн Монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтон монголчуудын их жагсаалыг 2013 оны наймдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Хүйн долоон худагт зохион байгуулсан билээ. Наймдугаар сарын 10-ны өглөөний долоон цагаас 11 хүртэл уралдах морьдыг бүртгэх, тоолох үйл ажиллагаа явсан бөгөөд газар газраас ирсэн 4200 шандаст хурдан хүлгүүд Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” уралдааны замд гарахад бэлэн болсон юм. Төв, Хангай, Говь, Зүүн, Баруун, Улаанбаатарын хэмээн зургаан бүсэд хуваагдаж, бүс тус бүрээс түрүү, айргийг шалгаруулахаар  зохион байгуулсан энэхүү уралдаанд наран ургах нутаг Дорнодоос 25 орчим уяач нутгаа төлөөлөн ирж оролцжээ. Үүнд: Дорнод аймгийн Баянтүмэн сумын  МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Буянхишиг, аймгийн Алдарт уяач Г.Дугар, аймгийн Алдарт уяач Н.Даваа, сумын Алдарт уяач Д.Энхболд, “Алтан унага”-ны эзэн Н.Жамъянцэрэн, сумын Алдарт уяач Н.Жаргалсайхан, залуу уяач Н.Очирхүрэл, Д.Энхболд нарын уяачид оролцжээ. Харин Баяндун сумын МСУХ-ны тэргүүн Х.Хүрэлчулуун тэргүүтэй  дөрөв, Халхгол сумаас залуу уяач Б.Энхдолгион, Чойбалсан сумаас аймгийн Алдарт уяач Дашийн хүү уяач Д.Батмөнх тэргүүтэй 3,  Матад сумаас Дорнод аймгийн шилдэг уяач Маруушийн Мөнхсайхан нарын тэргүүтэй нийт 25 уяач дорнын талыг төлөөлөн ирсэн юм. Зүүн бүсэд уралдсан Дорнодын хурдан хүлгүүдээс бүсдээ Матад сумын уяач Наранбаатарын хээр морь 17-д хурдлан уясан эзэн, унаган нутгийнхнаа баярлуулсан билээ. 2010 онд “Сэцэн ханы хурд” зүүн бүсийн даншигт соёолондоо аман хүзүүдэж байсан хээр морь ийнхүү шандас шалгасан “их хурдад” нутгийнхаа нэрийг гарган түүхийн хуудаснаа бичигдэж байгаа юм.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна