Сайханчууд сайхан айргаа шалгарууллаа

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 12 -нд

Айргийн амт нь чимчигнэсэн, алтан намрын энэ л өдрүүдэд Булган аймгийн Сайхан сумынхан айрагны баярыг сумандаа зохион байгуулсан юм. Айргаараа, адуугаараа алдартай Сайхан сумыг айраггvйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Адууныхаа тоо , айргийнхаа чанараа улсдаа тэргүүлдэг тэд ийнхүү айрагны баяраа хийж хангайн бvсийнхэнд "гайхуулаад" авна лээ. Айрагны баярыг нээж тус сумын уран сайханчид “мини” тоглолтыг хурсан олонд өргөн барьсан юм. Баярын үеэр хамгийн сайхан айраг, сайхан хөхүүр, их уугаачийн тэмцээнийг зохион байгуулсан билээ. Үүнээс айрагны баярт 76 өрхийн айраг  “өрсөлдөж”, нэгдүгээр байранд Сайхан сумын Сайхан-Уул багийн малчин Дэмбэрэлийн Бадарч тэргүүлсэн юм. Харин удаах байранд Сайхан сумын Ундрах багийн Гомбожавын Мэндбаяр, Ундрах багийн Лайтавын Бямбажаргал нарын айраг шалгарч айргаараа алдартай Сайхан сумын  брэндүүд болохоо харууллаа. Энэ үеэр мөн их уугаачийн тэмцээнийг зохион байгуулсан билээ. Эрэгтэй 37, эмэгтэй 13 хүн өрсөлдсөн энэхүү тэмцээний ялагчийг нэг минутад хамгийн их айраг ууснаар нь шалгаруулсан юм. Энд эрэгтэйчүүдээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, улсын начин Сугаржаргал нэг минутад 3 литр 650 гр айраг ууж түрүүлсэн бол Сайхан сумын Сайхан-Овоо багийн малчин Хаянхирваагийн Санжаасүрэн 3 литр 150 гр-аар удаалжээ. Харин Сайхан сумын Ундрах багийн Чулуунбаатарын Энх-Амгалан 2 литр 650 гр ууж эмэгтэйчүүдээ тэргүүлсэн байна. Энд нэмж сонирхуулахад Сайхан сумын Бадарчийн хүү Бямбацэнд дээд тал нь 4 литр айраг ууж хоёр жил дараалан түрүүлж, рекорд тогтоож байсан гэнэ.
Энэ үеэр мөн хамгийн сайхан хөхүүрийг шалгаруулсан юм. 36 өрх хөхүүрээ “уралдуулсан” бөгөөд Сайхан-Овоо багийн мянгат малчин Лхагвадоржийн хөхүүр шалгарсан байна. Үндэсний өв соёлоо харуулсан энэ хөхүүрийг шүүгчид дуу нэгтэй ийнхүү шилдгээр тодруулжээ.  Энэ үеэр 380 литрийн хөхүүр хамгийн томоор, хоёрдугаар багийн малчин залуугийн 12 литрийн хөхүүр хамгийн жижиг хөхүүрээр нэрлэгдлээ.

П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна