МУ-ын Манлай уяач Б.Содномцог:” Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гадаад болон дотоодын адуунд судалгаа шинжилгээ хийн үр дүнг нь уяачдад таниулж, чиглүүлдэг болмоор байна”

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд

 -Өнгөрөгч 2010 оны шилдэг есөн уяачийн нэгээр шалгарсан танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
 -Баярлалаа. “То? магнай” сэтгүүлээрээ дамжуулан моринд элэгтэй Монголынхоо нийт ард түмэнд шинэ оны баярын мэнд дэвшүүлье. Өнгөрөгч 2010 он миний амьдралд тодоор дурсагдах он жилүүдийн нэг байлаа. Эргээд харсан чинь амьдралаа алтан туурттай холбоод 40 гаруй  жил болчихож. Цаг хугацаа ч хурдан юмаа. Хонины морь муухан унадаг байхдаа л морин тойруулгын унаач хүүхдийн секцэнд орж байлаа шүү дээ.
Тэр үед дөнгөж л морь унаж сурч байсан гэхээр бусад зочдын маань адил хурдан морь унадаггүй байжээ дээ?
 -Хүн болоод анхны оролдсон спорт маань морь. 1963 онд хонины морь муухан унадаг хүүхэд хөдөөнөөс ирэхгүй юу.Манайх Хөдөө аж ахуйн их сургуулийн хавьд байдаг байсан юм. Тэгсэн Гантөмөр ах намайг морин тойруулгын унаач хүүхдийн секцэнд бүртгүүлж, Хадхүү багшийн шавь болгосон. Олон жил өнгөрчихөөд ахынхаа нэрийг нь санахгүй байна л даа. Тухайн үеийн Хөдөө аж ахуйн их сургуулийн проректор Дамба даргын жолооч Даваасүрэн эгчийн нөхөр  байсан юм. Хадхүү багшийн удирдлаган дор Даваадорж, Дажцоодол, Пүрэвдулам, Даш, Монхор, Батмөнх, Сүрэнжав, Цэрмаа Бямбаа нарын хүүхдүүд хичээллэнээ. Манай багш чинь энэ чиглэлийн анхны мэргэжилтэн нь шүү дээ. Дараа нь Даваадорж гуай явсан байх, Орос руу. Тэр үеийн мэргэжилтнүүд голдуу Орост бэлтгэгддэг байсан.
 -Тэгвэл та анхны бэлтгэгдсэн унаачдын нэг юм байна шүү дээ?
 -1960-аад оны эхээр Зөвлөлтийн эрдэмтэн судлаачдын гаргасан арга зүйгээр морин спортод суралцаж байсан анхны хүүхдүүдийн нэг нь. Спорт харайлт, спорт алхаа, ойрын болон холын зайн уралдаан гэх мэт олон төрлөөс бидэнд спортын харайлтыг л илүүтэй заадаг байсан. Тухайн үед морин тойруулга хүчээ авч байсан юм шүү. Амралтын өдрүүдэд гурван төгрөгний тасалбартай уралдаан байнга болно. Үзэж харах юмгүй хотын хүүхдүүд таван сараас эхлээд намар хүртэл тэнд л өнждөгсөн.
 -Ямар амжилт гаргаж байв?
            -Уралдаан тэмцээнд оролцож л байсан. Гэхдээ ний нуугүй хэлэхэд мориноосоо их  унадаг жаахан бүтэл муутай л амьтан байлаа./инээв/ Ямар сайндаа секцийнхэн дотроо араасаа нэг хоёрт орж байхав. Нэг бодлын арга ч үгүй биз дээ. Бусад нь дандаа хөдөөний хүүхдүүд байсан юм чинь. Гэсэн хэдий ч тухайн үедээ зартай хурдан хүлгэдийг унаж явлаа. Тойруулгын аварга Батсуурийн бор, Гүргэнжавын улаан, Хайдавын бор  гээд л… нэрлэвэл олон байна даа. Хоёр жил дараа манай секцийн хүүхдүүдийг 240 төгрөгийн цалинтай мэргэжлийн тамирчнаар ажилд авна гэсэн. Манай гэрийнхэн хичээл ном чинь завсардана гээд гаргачихсан. Харин бусад хүүхдүүд маань тамирчнаар үлдсэн дээ...
         -Тэгээд нэг хэсэг сургууль соёлын мөр хөөж адуунаас баахан хөндийрсөн үү?
 -Харин ч үгүй шүү. Манлай уяач Нямдоржын чинь ээж Отгон манай хамаатны хүн байгаа юм. Жил бүрийн зуны амралтаар хүргэн ахындаа очиж морины ажилд нь тусална, наадамд явсан хойно нь хонийг нь хариулна. Ер нь мориноос нэг их холдоогүй шүү. Гэрийнхэн маань ч гэсэн хотод хулигаантаж байхаар хөдөө гэдэс нь цайраг гэдэг байсан.
 -Таныг багадаа юм юманд оролцсон шаггүй хүүхэд байсан гэдэг юм билээ?
  -Тэр ч харин үнэн шүү. Бидний үеийнхэн ер нь их нийгмийн идэвхитэй байж дээ. Спорт, урлагаар хичээллэдэггүй хүүхэд гэж байхгүй. Би ер нь оролцсон болгоноосоо хувь хүртэж байсан юм шүү. Гитар тоглоно. Болоогүй ээ “Хар азарга” гэж хамтлагтай. Манайхан бүх ард түмний урлагийн үзлэгээс медаль хүртэж байлаа.
           -Хар азаргаа?
           -Тийм, гэхдээ энэ нэр хар азаргатай маань хамаагүй. Цаг хугацааны хувьд хамаагүй эрт. Би чинь ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Манай сургуулийн хашаанд таван хошуу малын хөшөө байдаг. Тэрэн дунд хар азарга байдаг байсан юм. Түүгээр л хамтлагаа нэрлэхгүй юу. Одоо тэр хөшөө зээрд болсон байна лээ. Манай хамтлаг тухайн үедээ нилээд нэр алдартайд тооцогддог байлаа . тэр үед одоогийнхтой адил олон арван хамтлаг дуучид байх биш дээ. ”Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ”, "Гутлын үйлдвэрийн хамтлаг"-ийн дараа л яригдана шүү дээ.
          -Шаггүй хөгжимчин сайн тамирчин байжээ дээ?
          -Усан спортоор  хичээллэж, Монголын сайн усчины тоонд багтаж байлаа.  Хэд хэдэн хүний амь аварч байлаа. Тат үед хариу нэхдэггүй байлаа. /Инээв/
 1970 онд “Пионерийн үнэн” сонины 10 жилийн ойн нэрэмжит улсын аваргын цанын  тэмцээнээс хоёр мөнгөн медаль цохиж л байсан юмдаг. Дээр нь бас бокс, хөнгөн атлетикаар их дээд сургуулиудын аварга болж байлаа.
 -Урлагт ч урваж мэдэхээр байжээ дээ?
 -Гэхдээ тэгээгүй ээ. Мориндоо үнэнч хэвээрээ үлдсэн. Өнөөдрийг хүртэл зүтгэж л байна.
Сайн хүний хажууд байхад  морь уяж сурчихсан юм шиг данхалздаг юм билээ. Харин биеэ дааж морь уяж эхлээд нусаа хацартаа нааж олон жил майлж байнадаа хөөрхий.
Зочин маань монголчууд уламжлал ёс заншлаа дээдэлж, үндэсний дээл хувцсаараа гангарах болсонд олзуурхаж явдаг нэгэн. Хурдан морьтой нөхөрлөсөн эр хүн сайхан эмээл хазаар, эдлэл хэрэглэх ёстой гэсэн өвгөдийн сургаалийг дагаж 1996 онд улсын начин Алтангадасаас дунд гарын Батноров эмээлийг1.500.000 төгрөгөөр авч байсан нь тухайн үедээ л чамгүй үнэтэйд тооцогдож байжээ. Мөн цагийн сайханд олны харц булаасан уран сийлбэртэй урт хусуур авч, залуу насны аагаар хэсэгтээ гангарснаа нуугаагүй.
 -Тэгвэл яг хэзээнээс морь уях болсон юм бэ?
            -Бүр анхных нь гэвэл 1974 он юмуу даа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд дадлага хийж байхдаа тэндэхийн нэг нярав хөгшний мориных нь ажилд тусалдаг байсан юм. Манай ангийн О.Болд гэдэг хүү бид хоёр. Дээхэн үеийн хөгшчүүл айхтар шүү дээ. Моринд дуртай хүүхдүүд байна гэдгийг анзаарчихаад бид хоёрт нэг нэг адуу зүсэлж өгдөг юмаа. Хоёулаа орой ажил тарж очоод хамгийн түрүүнд өөрсдийнхөө нэртэй адуунуудыг сойздоод зүлгэнэ. Дараа нь өвгөний ажилд тусална. Морийг нь хөлсөлнө, тарлана. Хөөрхий хүн бүл муутай, хүүхдүүд нь бага хижээлдүү насны хүн байж билээ. Биднийг туслахаар их баярланаа. Тэгээд наадам болоход өвгөн хоёр түрүү авч бидний нэртэй морьд модтой сайхан давхисан. Тэгж л анх хүний ч гэсэн өөрийн нэрээр адуу мордуулж байлаа.
- 1990-ээд оны эхээр нэг хэсэг адуу эрчтэй цуглуулсан байхаа. Үнэ мөнгө ч хайрлалгүй?
-1993 онд Тод манлай уяач Ононгоос нэг хусран даага, нэг шүдлэн үрээ, нэг хээр хязаалан зэргийг 400.000 төгрөгөөр авсан. Тухайн үедээ бол бага үнэ биш шүү. Тэгээд нэг хэсэг Манлай уяач Самдан гуайг дагаж байгаад 2000 оноос хойш бие даан уях болсон. Сайн хүний хажууд байхад сурчихсан юм шиг, болчихсон юм шиг санагдаад бие даамаар бодогдоод данхалздаг юм билээ. Хөөрхий багшийгаа бурхан болоход л ёстой түүхийгээ мэдэрсэн дээ. Нөгөө ямар ч мундаг уяач морь уяж сурдаггүй, насаараа суралдцаг гэдэг үнэн юм билээ. Одоо ч гэсэн энэ олон жилийн дараа би суралцаад л явж байна. Өчнөөн амьтныг үхүүлж, доголуулж  үзлээ. Халширч хулгах үе ч байлаа. Гэхдээ л ноцолдсоор өнөөдрийг хүрч дээ.
-Түрүү ярьж байсанчлан олны өмнө амлачихсаныг ч хэлэх үү юу?
-Харин тийм, уяачдын хурал дээр олны өмнө өөрөө гардаж уяна гээд хэлчихсэн хүн чинь ухарч няцах нүүргүй болж байгаа байхгүй юу. Үнэндээ хэлсэндээ хүрэхийн тулд сүүлийн арван жил мачийлаа ш дээ. Албан ажлынхаа хажуугаар адуугаа уяна гээд ах дүү, амраг садан, гэр орноо бараг мартсан жилүүд байлаа.
-Гэхдээ хурдан хүлэгт сэтгэлээ өгсөн хүн хишиг хүртдэг хуультай. Анхны айргаа хэзээ амссан бэ?

-1996 оны өвөл Хэнтийн Дэлгэрхаанд нэг том уралдаан болсон юм. Анхны хаврын бүсийн уралдаан шүү дээ. 550 гаруй азарга уралдахад хар азарга маань аман хүзүүдсэн. Дараа нь 1997 онд саарал даага маань улсад түрүүлж төрийн наадмын анхны айргийг амсуулж байлаа. Тухайн үед аль ухаанаа олохгүй амьтан дэмий л хөөрч байж билээ. 1998 онд Булган аймгийн Баяннуурт болсон хаврын бүсийн уралдаанд хээр морь аман хүзүүдсэн, 1999 онд хээр шүдлэн улсад дөрөвт давхисан. Энэ бол Самдан гуайг байх үеийн амжилтууд. Энэ хугацаанд аймаг сумаас олон айраг, түрүү авч эхэлсэн дээ. 2003 онд одтой сайхан наадсан. Архангай аймгийн 80 жилийн ойгоос 1 түрүү, 2 айраг, Завханы 80 жилийн ойгоос 1 түрүү, 2 айраг хүртэн тэр жилээ МУ-ын Алдарт уяачийн болзол хангаж байлаа. Түүний дараа жил буюу 2004 онд миний од хээр соёолон улсад түрүүлсэн. Хэдийгээр биеийн байдал тийм сайнгүй байсан ч 2007 онд Боржигоны бүсийн наадамд азарга, шүдлэн хоёр айрагдуулж магнай хагартлаа баярлаж билээ. Тэгээд 2010 онд улс, бүсийн наадмаас 2 түрүү, 3 айраг хүртлээ. Эр хүний бах хангасан ийм сайхан он жилүүд миний амьдралд цөөн бус байсан. Хүн ер нь хийснийхээ үр дүнг харахдаа хамгийн их жаргалтай байдаг байх. Залуучууддаа өөрсдөө зовлон жаргалыг нь үүрээд морио уя тэрэн шиг амттай юм байдаггүй юм гэж хэлмээр санагддаг шүү.

 
Морь айрагдаж түрүүлэх сайхан ч арыг нь даана гэдэг бэрх шүү

-Та бид хоёрын ярианы нэг хэсэг мэдээж алдарт хар азарганы талаар байх болно. Бяцхан түүх сөхвөл?
- 1995 оны 6 сард юм байна. Манлай уяач Нямдоржийн адуун дээрээ очих санаатай явж байтал Баянчандманийн цаахантаа Баруунхараагийн Батбаяр гэдэг нөхөртэй таардаг юмаа. Наадмын сунгаанд явж байна гээд, “Хорлоодой гуайн Мягмардоржид нэг сайхан хар азарга байна. Зарах юм дуулдаж байсан. Та аваач” гэхгүй юу. Тэгэхээр нь очоод үзтэл яг үнэндээ надад нэг их таалагдсангүй. Гэсэн ч эргээд уулзая гэж хэлээд ?ваад өглөө. Зорьсон газраа ирж морь малаа услачихаад хүмүүсийн ярихыг сонсож байхнээ сунгаануудад их хурдан байгаа гэнэ. Тэгэхээр нь сонирхтол эхлээд сая гэж байснаа сунгаанд түрүүлэнгүүт нь сая таван зуун мянга болчихдог юм байна. За тэгээд авъя гэтэл “дараа ав” гэж байна. Тэгсэн тэр жилээ 700 азарганаас хол тасарч, улсад түрүүлдэг юмаа. Авах гэтэл нөгөө хэд маань жаахан үнэрхээд болдоггүй. Тэгж байтал Өвөрхангайн Есөнзүйл сумын наадам боллоо. /1995 онд/ Тэр наадамд оролцох гээд МУ-ын Алдар уяач “Орос” хэмээх Болд ахаас нэг сайхан хээр морь авчихсан явж байтал Эрдэнэсантийн хавьд Мягмардорж СБ гэсэн цэнхэр 24-тэй нэлээн халамцуу явж байнаа. Уулзаад ярилцлаа.Сүйд болж байна. Тэгээд “та хар азаргаа 3 саяар ав гэж байна. Тухайн үед чанга  үнэ ч авахаар боллоо. Тэгсэн энэ удаа би өөрийнхөө нэр дээр уралдуулахгүй бол нутгийнхан намайг “зодно нүднэ” гэсэн юм ярьж байна. За ингээд бас болилоо.
Тэр жил улсад Зүүнбүрэнгийнхэн ирж уралдлаа. Тэгсэн тэндэхийн сайхан улаан хээр шүдлэн улсад түрүүлдэг юм байна. Сонин түүх ярихад тэр үрээг одоогийн энэ Ерөнхийлөгч Элбэгдорж, УИХ-ын гишүүн Бат-Үүл хоёр зардлыг нь дааж вагоноор авчруулсан байдаг юм. Намайг худалдан авах санал тавьтал нутагт нь очоод аваарай гэчихээд  яваад өглөө дөө. За тэгэхээр нь намар 9 сарын 6-нд Сэлэнгийн Шаамараар дамжаад Зүүнбүрэнд очсон чинь Ишгэн Панз /хоч нь/ , Лхагвадорж хоёр байж байна. Наймаа хийх аргагүй болсон, нөгөө үрээг чинь Шаамарын наадамд уралдуулж байгаад хөлгүй болгочихсон гэдэг байгаа. Тэгэхээр нь тэгвэл Зээрэн зээрдээ өг гэлээ. Зээрэн гэж тэр жилийн улсын наадмын их насанд дөрвөлсөн бас нэг морь байсан юм. Тэгсэн бас хөлийг нь гэмтээчихсэн байдаг байгаа. Жаахан цухалдасгээд ямар ч аргагүй юм чинь настеринаа сэргээж аваад буцлаа даа хөөрхий. Замдаа Баруунхараагийн голд орж тархи толгойгоо сэргээгээд зогсож байтал Хорлоодой эгч тааралдан “хүүе моринд дуртай хүү минь манайд оч гэж байна”. Тэр нь  9 сарын 7-ны өдөр. Очоод нөгөө л хар азарганы тухай яриа боллоо. Ав л гэж байна. Тэгээд ярьж байгаад үнэ нь таван сая боллоо доо.
-Сайн өсгөсөн байна шүү?
-Харин тийм. Тухайн үед миний бизнес ч гайгүй сайн байсан болохоор яриад тохирлоо. Яагаад таван сая гэсэн бэ гэхээр. Хорлоодой эгч манай хүүхэд хот руу орох гээд байр савны хэрэг байна гэхгүй юу. Тухайн үед хоёр өрөө байр таван сая төгрөгний ханштай байсан. Тэгээд л тэр ханшаар тохирч, 21-р хороололд захиалчихсан байсан хоёр өрөө байраа өгөхөөр болоод хүн явуулж азаргаа авахуулчихлаа. Өвөл нь тэжээгээд Хэнтийн Дэлгэрхаанд болсон анхны бүсийн уралдаанд уралдуултал аман хүзүүдчихлээ. 550 гаруй азарга уралдсан юм. Тэр наадмыг Баярмагнай гуай их гоё тайлбарлаж бичсэн байдаг юмаа. Хар азарга хөөн хөөсөөр, нэхэн нэхсээр аман хүзүүдлээ гээд л тайлбар уншиж билээ. Үнэхээр тэгсэн. За ингээд адууг нь аваад нэр дээрээ давхиулаад айрагдуулчихаад байдаг. Байр нь ашиглалтанд ордоггүй дээ. Тэгэхээр нь ээжийнхээ хоёр өрөө байрыг  кабельтай юутай хийтэй нь шууд өгсөн. Өртөгийг нь өгөлцөж авалцаагүй байхад айрагдчихаж байхад түүнээс өөр яахав. Ингэж л хар азарга минийх болсон доо. Энэ сайхан буянт хүлэг намайг Монголын ард түмэнтэй сайн... танилцуулсан.
-Яагаад муугаар гэж?
-Яахав тэр үед чинь адуу тийм үнэтэй биш байлаа шүү дээ. Одоо ч хоёр өрөө байрны үнэтэй адуу цөөн. Тэгээд л хүмүүс  эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй ямар нөхөр байна гэж их харах гэдэг байсан юм шиг байгаа юм.
-Эргэн тойрныхон чинь, эхнэр тань зэмлэж байв уу?
-Хар багын адуунд дуртайг маань мэдэх болохоор зэмлээгүй ээ. Гэхдээ хар цагаан хэл ам гэж айхтар юм байдаг юм билээ. Залуус бодууштай л зүйл. Морь айрагдаж түрүүлэх сайхан ч арыг нь даана гэдэг бэрх шүү. Би 2003 оны Алдарт шүү дээ. Гэтэл хэзээ хойно моринд орсон хүүхдүүд Тод манлай, Манлай болчихоод явж байхад бид Алдартаараа л явна. Нөгөө л цагаан ногоон хэл амыг дарж зохицуулах гээд л яваа нь энэ шүү дээ.!!
-Цэнгэл Манлайгаас эхлээд олон хүн наад үгийг чинь хэлж байсан юм байна?
-Хууччуул бол ер нь зүрхшээнэ шүү.
-Хар азаргыг тань дээр нэлээд хожуу ирсэн гэдэг юм билээ. Яг хэдтэй ирсэн юм бэ?

 -Хар азарга маань над дээр есөн настай ирсэн юм. Тэгсэн дараа жил нь намайг “Солонго импекс”-т байхад нэг эмэгтэй ирлээ. Улсын наадмаас нэг жил хоёр түрүү авч хурдан морины түүхэнд тодоор бичигдсэн малгай Аюуш гэдэг мундаг хүний гэргий гэнэ. Таны хар азарга чинь уг нь манай унаган адуу байгаа юм. Манай хүү надад хэлэлгүйгээр наймаалцчихсан байсан. Одоо сайн хүн дээр ирсэн юм хойно гээд медалиудыг нь очиж аваарай гэсэн. Өмнө нь би Мягмардоржоос медалийг нь асуухаар өгдөггүй байсан нь тийм учиртай байсан юм билээ. Тэгээд би хадаг яндартай очиж байж албан ёсоор медалиудыг нь авсан. Миний хар азарга унаган багын хурдан амьтан байсан даа. Амарбаясгалантын хийдийн нээлтэнд Алексей хээртэй ана мана үзэлцэж аман хүзүүдээд, улсад  түрүүлж, Есөн зүйлд аман хүзүүдсэн аргагүй хурдан амьтан шүү дээ. Над дээр ирсэн жилээ хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдэж, хойтон жил нь хөлгүй болчихсон.Хүүхэд нь томдоод чулуун дээр эвгүй гишгэчихсэн юм шиг байгаа юм.
-Түүнээс хойш нэг их удаагүй юу?
-Зүв зүгээр адуундаа явж байгаад л бурхан болчихсон. 1997 оны 6 сарын 12-нд шүү дээ. Урьд өдөр нь би оччихоод маргааш нь ирж адуугаа авна гэж хэлээд явсан байсан юм. Тэгсэн тийм юм болчихсон. Онон, Аюуш хоёр их л зовж айж байсан шүү.
-Яагаад?
-Яахав, хүний тэр их үнэтэй адууг үхүүлчихлээ гээд л. Зайлуул Аюуш Хонхорт ирж утастай залгаад, манайх руу хэл дуулгасан. Эхнэр бид хоёр ч гэсэн тэр дороо хөдөлж, 100 гаруй км хүнээ алдчихсан юм шиг л дуугүй явцгаасан. Сайн адуу гэдэг хүний дайтай гарзтай юм билээ.
-Хар азарганы төл бий биз дээ?
-Гурван сайхан байдас үлдсэн. 2007 онд Боржигонд айрагдсан азарга, шүдлэн хоёр хоёулаа хар азарганы удамтай. Тухайн үед хар азарганы тухай “Засгийн газрын мэдээ” сонинд Лхагваа “Хар азарга дууль болж үлдлээ” гэсэн нэртэй том өгүүлэл бичиж байсан юм. Мөн радиогоор ч яригдсан. Сайн хүлэг гэдэг тийм л байдаг юм билээ. Буянт хүлгийнхээ толгой сүүлийг одоо хэр нь хадгалдаг. Толгойг нь бүр музейд өгч ёс горимоор боловсруулалт хийлгэсэн.
-Үнэхээр ч хар азарга дууль болон үлдэж. Та малын эмч хүн. Шалтгаан нь юу байсан юм бэ?

-Инфаркт л юм даа. Өөрөө  их дайчин бүрэн дайчилж уралддаг адуу байсан юм. Уралдааны явцад уяа, сойлго буруутан өвчин оёг олсон байж билээ. Уралдаж ирээд хөрвөөгөөд байдаг байсан нь зүрх нь эвгүйдээд байсны шинж юм билээ л дээ.

 
Монгол наадам дэлхийд хосгүй ч  шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг болмоор байна


-Хоёулаа сэдвээ жаахан өөрчилье. Үржил селекцийн ажлыг өнөөдөр уяач нэртэй бүхэн л хийж байна. Тэднээс шинжлэх ухааны баримжаатай хийж байгаа цөөн хүний нэг нь таныг гэдэг?
- Адуу мэдэхгүй байж дур зоргоороо оролдвол энэ асар том эмгэнэл болно шүү. Юун адуугаа сайжруулж цус сэлбэх, харин ч баллаж мэдэх юм. Мэдээж энэ бол нэг хоёр жилийн ажил биш учраас өнөөдөр сайн муу, буруу зөв гэж дүгнэхэд эрт байна. 20-30 жилийн дараа л үр дүн нь мэдэгдэнэ. Зөв хийсэн нь байгалийн шалгарлаараа цаашид өсөн төлжиж, буруу хийсэн нь баахан хөрөнгөө дэмий салхинд хийсгээд л дуусах байх. Бидний зорилго бол Монгол орны цаг уур, бэлчээрт тохирсон хурд хүч сайтай адуу гаргаж авах.
-Таны хувьд анх адуу цуглуулахдаа л энэ тал дээр анхаарч байсан байх. Хурдтай гэсэн бүх аймгуудаас дээр нь гаднаас ч нэлээдийг авсан санагдана?
-Үнэхээр нэг хэсэг сорчилж цуглуулсан шүү. Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумаас Хорлоодойн хар, Сүхбаатар аймгаас Орлойн хурд Хүүхэн Шүүлэнгийн хээр, Тонгоон Жамъян, Хөнхөр Жамъян, Өвгөнбүргэд, Ц.Онгуу, Дарьгангын жижиг зээрдүүд зэрэг хурдан буянгуудын удам угшилтай адуу цөөнгүйг авсан. Мөн түүнчлэн Дорноговь аймгийн Дэлгэрэхийн Банди, Тайж, Хэнтий аймгийн Донир, Дагмид, Төв аймгийн Баян сумын Шийтэрийн зээрд, Лүн сумын Жамъяндоржийн буурал духт хүрэн,У.Буяндэлгэрийн Жинст хонгор зэрэг хурдан удам угшлын адуунуудаас ч цуглуулсан. Дээр нь ОХУ-ын Терскийн  морин заводоос Араб, Будённый үүлдрийн азарга, гүү оруулж ирсэн. Тува, Шиньжан, Баргаас  ч мөн олныг авчирсан даа. Ийнхүү олон жилийн хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгөө зарцуулсан ажил маань зах цухаасаа үр дүнгээ өгч л байна. Ерөнхийлөгч Энхбаярын үед  төрийн цөм сүргийг сэлбэхдээ миний адуунаас 10 унагатай гүү, 18 адуу авсан. Түүнээс гадна олон аймаг руу хурд гаргасан. Ховд руу гэхэд 20 гаруй, Говь-Алтай руу 13, Баянхонгор луу тав, Завхан руу дөрөв, Архангай руу 20 гаруй үрээ явсан.
-Адууны үржил селекцийн ажлыг яаж хийвэл зохистой вэ?
-Би нэг юман дээр үнэхээр сэтгэл дундуур явдаг. Гайхамшигт Монгол адууг дэлхийд таниулах тал дээр манай эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд үнэхээр муу ажиллаж байна. Дэлхийн хэмжээний ямар ч нэвтэрхий толь дээрээс Монгол адууны талаар олж үзэхгүй. Бага судлагдсан адуу нэрээр Прежевальский адуу буюу тахийн тухай л бичсэн байдаг. Гэтэл морьтон Монголын гайхамшигт адууны тухай нэг үг өгүүлбэр ч байхгүй. Монголын эрдэмтэн судлаачид монгол адууг сурталчлах талаар юу ч хийгээгүй өнөөдрийг хүрсэн байна.Уг нь дотооддоо судалгаа шинжилгээний олон арван бүтээл ном товхимол байдаг ч дэлхийд таниулах талаар муу ажилсан гэж бодогддог. Бүхэл бүтэн мэргэжлийн яам, сургууль, олон арван эрдэмтэд байгаа ш дээ. Урлаг соёлынхон бол найраглал, роман, шүлэг гээд хангалттай алдаршуулж мөнхжүүлсэн. Тийм учраас бидний хэдэн нөхөд үржил селекцийн ажлыг нь шинжлэх ухааны үндэстэйгээр хийе хэмээн зорьсон. Хамгийн эхлээд Отгонбилэг агсан гаднаас адуу оруулж ирсэн. Дараа нь “МТТ”компанийн захирал Тэрбиш, Онон, Бадамсүрэн нар оруулж ирсэн. Дараа нь Тэрбиш намайг дагуулж явсан. Бид үнэхээр сайн адуунууд авчирсан. Үр дүнг нь би үзэхгүй байх, харин миний үр хүүхэд та бүхэн л үзэж дүн тавих байх даа. Өвгөн ноёныг 200 жилийн дараа дурсаад ярьж байна. Тэрэн шиг бидний энэ ажил үр дүнтэй байж, залгамж нөхдүүд маань сайн ажиллабал хожмоо үнэлэгдэх байх. Одоо бол шүүмжлэлийн бай л болж байгаа.
-Нээрэн ч таны хэлсэнчлэн шинжлэх ухааны үндэслэлтэй ном гарын авлага олон байдаггүй байхаа?
-Би дээр хэлсэн үржил селекцийн ажил гэдэг ганц нэг жилийн хэрэг биш бүхэл бүтэн шинжлэх ухаан гэж. 30 жилийн ажлыг энд ганц үгээр тайлбарлах боломжгүй шүү дээ. Харин  шинжлэх ухааны үндэстэйгээр мэргэжлийн байгууллагууд нь  арга зүйн зөвлөмж өгөх хэрэгтэй байна. Үржил селекцийн ажлыг хэрхэн хийх вэ? Ямар ном журмын дагуу хийх вэ гэдгийг мал аж ахуйн хүрээлэнгийнхэн гарын авлага, сурах  бичгүүдээр дамжуулан уяачдад зөвлөх хэрэгтэй.
-Таны туршлагаас хуваалцвал?
-Ямар ч байсан цэвэр Монгол гүүнүүдийг ашиглаж байгаа./нууц гээд инээв./ Зарим залуус эцэг эх нь хоёулаа цэвэр, бусад нь хагас цэвэр үүлдрийн адуунуудыг гарган авч байна. Тэдгээр нь бага насандаа бүр тодруулбал соёолон хүртлээ давхина. Тэгээд л хөлгүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл цас орохоор нус нь гоождог, хөнжил нөмөрдөг тийм амьтан Монголын нөхцөлд амьдрахгүй ш дээ. Ийм адуу бидний зорилго биш. Монголчууд нэг муу зантай. Нэг нь юм хийвэл чадсан чадаагүй бүгд хошуурдаг. Мэддэг чаддаг, таньдаг, таньдаггүй хамаагүй хүн болгон шахуу гаднаас адуу оруулж ирж байна.Түүнчлэн энд нэг зүйлийг сануулахад  манай мэргэжлийн хяналтынхан энэ хилээр орж ирж байгаа малд онцгой анхаарал тавихгүй бол Монголын адууг бузарлаад дуусах нь. Сайн хяналт шинжлээгүйгээс болоод өвчтэй мал их орж ирж байна шүү дээ. Би үүн дээр үнэхээр эмзэглэж явдаг.
-Тантай санал нэг байна. Уншигчдын маань захидал ч энэ орон зай үгүйлэгдэж байгааг харуулдаг?

- ХААИС-ийг 1946 оноос хойш олон мэргэжлээр 6,700 хүн төгссөн байдаг юм. Монголд 20 гаруй мянган уяач байдаг гэсэн судалгаа бий. Тэдгээрээс малын эмч мэргэжилтэй, дээр нь төрийн наадмаас айраг түрүү хүртсэн цөөхөн хүн бий. Тийм ч учраас 2006 онд ХААИС-ийн эрдэмийн зөвлөлөөс зууны манлай  Даваахүү гуай  бид хоёрт энэ сургуулийн “хүндэт профессор” цол тэмдгээ хайрласан юм. Бид өвөг дээдсийнхээ сургаалийг дагаж мөрдөлгүй яахав. Гэхдээ хуучин сударт өгүүлсэн зарим уяа сойлгын дэг журам нь  одоотой харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. Идэш тэжээл, цаг уур гээд их олон юм өөрчлөгдсөн. Тиймээс яалт ч үгүй шинжлэх ухаантай хослуулж уях хэрэгтэй болж байгаа биз.
-Олон жил ММСУХ-ны тэргүүлэгчээр ажиллалаа. Цаашдын ажилд нь өөрийн санаагаа нэмэрлэбэл?
-Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай холбоо сайн ажилласан. Олон зүйлийг ярьж болно...
 Харин цаашид анхаарч хэрэгжүүлэх, зорилт нь чухал юм шиг санагдаж байна.  Малчдын залгамж халааг бэлтгэмээр байна. Сонин сонсогдож байгаа байх л даа. Малаа мэддэг, байгалиа мэддэг өвгөд маань бурханы оронд явчихлаа. Дээхэн үед бол залуу малчдын сургууль гэж байлаа. Одоо тийм юм алга. Залуус маань мэдэхгүйгээсээ болоод их алдаж байна. Миний бодлоор залуу уяачдын дунд курс дугуйлан хичээлүүлмээр байгаа юм. Тэнд нь шинжлэх ухааны үндэстэй арга зүйн зөвлөмж өгдөг байх хэрэгтэй. Хэдийгээр Монгол наадам дэлхийд хосгүй ч гэсэн шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг болмоор байна. Уяачдынхаа дараагийн залгамж халааг бэлтгэхгүй бол бидний эхлүүлсэн энэ ажлыг хэн үргэлжлүүлэх болж байна. Зүгээр ч нэг үргэлжлүүлэх биш үр дүнг нь харахуйц сайн ажиллах хэрэгтэй. Түүнээс гадна манай холбоо нэгдүгээрт мал эмнэлэг үржлийн албатай болмоор байгаа юм. Шинжлэх ухааны үндэстэйгээр гадаад  болон дотоодын адуунд судалгаа шинжилгээ хийн үр дүнг нь уяачдад таниулж, чиглүүлдэг болмоор байна. Хоёрт спортын мал эмнэлгийн суурийг тавьмаар байна.ХААИС-ийн мал эмнэлгийн ангид хурдан морины уяа сойлгын үед тохиолдох эмгэг согог бэртэл гэмтэл, тэжээл арчилгааны талаар тусгайлсан хичээл ордог байх хэрэгтэй. Мөн мал эмнэлгийн холбогдолтой компьютер, рентген, эхо, шарлага, физик эмчилгээний гэх мэтчилэн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, аппаратууд хэрэгтэй байна. Бүр нарийн яривал морь уралдаад ирэхэд булараа хөндүүрийг нь гаргадаг массажийг хийдэг хүнтэй болмоор байна. Дэлхийн бусад бүх орон ингэж байхад, манайх л дээлийхээ нудрагаар арчиж, хулсан хусуураар хуссан болоод зогсож байна шүү дээ.
Санал бодлоо харамгүй хуваалцаж, сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Хурдан хүлгийн хийморь өнөд ивээж явах болтугай. 
                                                               "Тод магнай" сэтгүүл 2010 оны 12 сар Дугаар № 11

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.55.188.86

    Энэ хүний морь уядаг болон бусад асуудлаар мэдэж болох эх сурвалжийг хаанаас олж авах вэ

    Reply