МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очир: Миний Ембүүг эрлийз гэж байгаа бол шарга азарганы тухай ч гэсэн адилхан ярих ёстой

Тэлмэн
2013 оны 9-р сарын 26 -нд

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очирын ярилцлагыг морины хорхойтон уншигчдадаа хүргэж байна.

-2013 он гарсаар Манлай хаагуур наадаж ямар амжилт гаргаад байна?
-2013 он гарсаар Уулбаян суманд болсон орон нутгийн чанартай бүсийн наадамд уралдан нэг түрүү, гурван айраг авсан. Соёолон түрүүлж, их морь аман хүзүү, дөрөв, таваар орлоо. Түүний дараа “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаандаа явж соёолон аман хүзүүдүүлсэн. Уг нь дөрвөөр давхисан ч өмнөх хоёр үрээ нь эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаж, хүрэн үрээ аман хүзүүнд баригдсан.
-Хүрэн үрээг уясан Галбадрах гэж таны хүү юу?
-Тийм. Банди нар том болоод түрүүчээсээ бие даах маягтай болж байна.
-Манлай зөвлөнө биз дээ?
-Тэгэлгүй яахав. Орон нутгийн чанартай жижиг наадмуудад хүүхдүүдийн уясан морьд сайн л давхиж байна. Томоохон наадмуудад бол хошуу нэмэрлэхгүй бол болохгүй шүү дээ. /инээв/
-Хүрэн үрээ танай адуу юу?
-Тийм. Дээд удам нь Орлойн баячуулын адуу. Ембүү хээрийн маань төрсөн дүү. Шүдлэндээ сумынхаа наадамд түрүүлээд, улсын наадамд зургаалсан. Өнгөрсөн жил хязааландаа улсын наадамд сайхан давхисаан.
-Эрдэнэтийн бүсэд уралдав уу?
-Зун уралдахаа бодоод хүрээд ирсэн.
-2012 онд ч гэсэн сайхан наадсан. Аймгийнхаа ойд хязаалан түрүүлгэсэн бил үү?
-Тэгсээн. “Дүнжингаравын хурд” уралдаанд Ембүү хээрээ дөрөвлүүлж, зун нь аймгийнхаа 70 жилийн ойгоор нас бүрийн адуутай очиж, их морь, хязаалан түрүүлгэсэн. Түрүүлсэн хонгор морь манай дүү Түвдэнгийн адуу байгаа юм. Ах дүү хоёрын адуу түрүүлээд сайхан л байлаа.
-Энэ цагийн наадмын өнгийг тодорхойлж буй хурд чуулсан Сүхбаатар аймгийн ойд ах дүү хоёрын адуу түрүүлнэ гэхээр танайхны адуу сайн юмаа хэмээн дүгнэж болох нь ээ?
-Манайхны дээдcүүд Орлой адуугаар наадаж байсан. Хязаалан нь манай унаган, баячуулын адууны удамтай. Хонгор морины тухайд манай дүү нэг найзаасаа авсан юм билээ. Асгат гаралтай адуу гэж дуулсан.
-Орлой мэргэн хутагт, Орлойн ах дүү баячуулын адуу гээд их ярих юм. Танай адууны суурь аль нь вэ?
-Орлойн баячууд гэж алдаршсан хурдан адуутай ах дүү дөрвөн уяач байсан. Манайх тэр хүмүүсийн адууны угшилтай. Дээр нь Сүхбаатар аймгийнхаа болон Дорнод чиглэлийн хурдан угшлуудаас авч цус сэлбэсэн. Тойруулга адуу ч бий. Манайхан адуугаа  оторлодог. Тэгж явахдаа наймаа, холио солио нэлээд хийнэ. Ер нь адууныхаа чанарыг сайжруулах тал дээр нэлээд анхаардаг шүү. Хоёр шаргын эцэг Тогоруу халтар азарга чинь сүүлд Цандэлэгийнд байж байгаад талийсан шүү дээ.
Цандэлэгийн адууг маллаж байсан Баатарчулуун манай найз л даа. Тэдний адуу манай Түмэнцогтод нутаглаж байсан юм. Тэгэхэд нь Тогоруу халтарт гүү тавьж төл авсан нь Ембүү шүү дээ.
-Уучлаарай, Ембүүг  цустай адуу гээд л ярих юм билээ?
-Тогоруу чинь өөрөө цустай адуу шүү дээ. Ембүүгийн эх нь уулын адуу. Сайхан буурал гүү манай адуунд байж л байна. Хэрвээ Ембүүг эрлийз гэж ярьж байгаа бол шарга азарганы тухай ч гэсэн адилхан ярих ёстой. Манай энэ хавийнхан Цандэлэг Тод манлай гээд Ембүүг Тогоруугийн төл гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. 
-Тогоруу халтарын өөр төл танд бий юу?
-Ганц охин төл авсан ч одоо байхгүй ээ. Харин Баатарчулууны тойруулга гаралтай нэг азарга байснаас хэдэн төл  авсан. Тэр нь бий. 1990-ээд оны эхээр хувьчлал явагдахад би хэдэн азарга цуглуулсан. Нийгэм хонгор гэдэг хурдан азарга байсныг авч олон төл авсан. Ер нь нэг үе азарга нэлээд авсаан.
-Та нэгдлийн адуу малладаг байсан юмуу?
-Тийм. Адууных нь дээд удам угшлыг мэддэг болохоор тэгж авч байхгүй юу. Удам сайтай ч хөл  гар нь жаахан тааруудсан азарга байна гэж дуулаад авчихдаг байсан.
-Төмөр-Очир Манлайн нэрийн хуудас болсон  Ембүү азарганы тань амжилтын талаар яриагаа үргэлжлүүлье.
-Дааган цагаасаа уягдсан адуу байгаа юм. 2007 онд даагандаа АХ-ын 86 жилийн ойгоор төрийнхөө их баяр наадамд айргийн гурваар хурдалж, өм нээгдсэн адуу. Түүний  дараа давхар уяагаар Говьсүмбэр аймагт болсон ”Боржигон хурд-2007” бүсийн наадамд аман хүзүүдэн, “Говьшанхын хурд-3”-д гурвалсан. Өөрөөр хэлбэл даагандаа улс, бүсийн наадамд гурав айрагдсан.
-Шүдлэндээ?
- Шүдлэндээ улсын наадамд гуравлаад, Алтан-Овооны тахилга наадамд дөрвөлсөн. Харин хязааландаа улсад наймлаад, дараа нь Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Соёолондоо “Жавхлант шаргын хурд” аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаандаа түрүүлээд, Дүнжингаравт долоолсон. Тэр жил анх гүү хураалгасан учраас зун нь олигтой давхиж чадаагүй.
-Уржнан 2011 онд “Дүнжингаравын хурд”- айрагдсаныг нь санаж байна?
-Тэгсэн тэнд дөрвөөр давхиад, Багануурт болсон “Нүүрэнтэйн хурд” бүсийн наадамд гурвалсан.
Зун нь “Говьшанхын хурд-4” говийн бүсийн уралдаанд тавлаж тэр жил бас гурван айраг авсан юм. Харин  2012 онд Дүнжингаравт дөрөвлөөд ахиж уралдаагүй ээ.
-Эрүүл мэндийн шалтгаан байна уу?
-Харин тийм. Хөл гар нь ч гүйцэхээ байсан. Нэгэнт хийдгээ хийчихсэн юм чинь одоо үр төлийг нь гаргаж авах талаар анхааръя гэж бодож байгаа.
-“Говьшанхын хурд-3” уралдаанд Ембүүгээс гадна буурал үрээ айрагдсан билүү? Би андуураад байна уу?
-Тэгсэн. Ахынх нь буурал шүдлэн аман хүзүүдсэн.
-Таныг Монгол Улсын Манлай уяач цолд хүргэхэд хувь нэмрээ оруулсан өөр ямар хурдан хүлгэд байдаг вэ?
-Шуурган зээрд маань байна. 2002 оны дөрөвдүгээр сарын 10-даар нэг айхтар шуурга болоогүй юу. Тэр шуурганаар олон айлын мал уруудаж, олон мал эндсэн. Тэгэхэд манайх Хэрлэнгийн урдаас адуугаа алдаад Сүхбаатар сумын араас хилийн наахантай олж авсан юм. 100 гаруй километр гол дагаад уруудчихсан байсан. Тэр зуур хэд хэдэн гүү унагалж, унага нь эндээс ганцхан зээрд унага эхийгээ дагаад хүрээд ирсэн. Тэр айхтар шуургыг сөрж амьд үлдсэн учраас манайхан бэлгэшээн Шуурган зээрд гэж нэрлэсэн юм. Шуурган маань даагандаа 2003 онд Хэнтий аймгийн 80 жилийн ой, өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн нэрэмжит зүүн бүсийн наадам, Говьсүмбэр аймагт болсон “Боржигоны хурд-2003” төвийн уралдаан гээд гурван том наадамд түрүүлсэн. Шүдлэндээ Алтан-Овооны тахилга наадамд зургаалж, хязааландаа  сумынхаа болон энэ хавиарх жижиг наадмуудад түрүүлж, 2006 онд соёолондоо Багануур-Бага Хэнтийн бүсийн наадам, Дорнод аймгийн өвлийн уралдаанд түрүүлж, Сүхбаатар аймгийнхаа наадамд аман хүзүүдсэн. Тэгээд 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор төрийнхөө наадамд таваар давхисан. Олон жил баярлуулах хурдан буян байсан гэж би боддог шүү.
-Нээрэн шуурганаар эндсэн гэдэг билүү? Шуурганаар төрж, шуурганаар мөнхрөх сонин тавилантай адуу байж дээ?
-2008 оны хавар Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар байгалийн онц аюултай үзэгдэл болж орон даяар яригдсан шүү дээ. Цасан болон шороон шуурганаар олон айлын хот харлаж, олон мал осгож үхсэн. Тэр айхтар шуурганаар Шуурган зээрд маань эндсэн. Мөнххаан сумаас зүүн тийш 50-аад километр үхсэн байхыг нутгийн хүмүүс олж таниад дэл, сүүл, дөрвөн туурайг нь авчихсан байсан.
-Харамсалтай юмаа. Манлай өөрийнхөөс гадна өрөөлийн олон адууг уяж Манлай төрүүлсэн хүн. Тэр талаараа хуучлаач?
-Тэгсээн, Гансүх маань Манлай уяач болсон. Улс, бүсийн наадмаас хүний өөрийн нийлсэн 40 гаруй айраг түрүү авсан байна лээ. Зөвхөн миний өөрийн амжилт гэхэд л 20 гарчихсан байсан.
-Сүхбаатараас нэг дор гурван Манлай төрсөн нь бас л тэр бүр давтагдаад байх амжилт биш байх шүү?
-Тэгсээн, Улаан гишүүн, Гансүх тэргүүн бид гурав нэг өдөр Манлай уяач цолоо гардан авч, нутаг усны нэрээ гаргасан сайхан л юм билээ.
-Сүхбаатарын уяачдын ихэнх нь удам дамжсан хүмүүс байх юм. Сарийсүрэн гуай морь уядаг байсан уу?
-Манай аав Баяндэрэм суманд хүний их эмчээр ажиллаж байсан. Гэсэн хэдий ч морь мал уядаг, бид багадаа түүнийг нь унадаг байлаа. Сүүлд 1960 хэдэн онд Түмэнцогтод очиж морь уясан нь хурдалсан. Би бие багатай хүүхэд байсан болохоор өөрийнхөөсөө гадна нутгийн хөгшчүүлийн морийг унадаг байсан. Арваад жил хурдан морь унасан шүү. Би чинь тэр үеийн залуусын адил долоодугаар ангиа төгсөөд илгээлт авч, хөдөө мал дээр гарсан хүн.
-Ямар мал маллаж байв?
-Анх хуц маллаж байсан. Хоёр жил хэртэй хариулахдаа завсраар нь амины хэдэн адуунаасаа уяж л байлаа. Түүнээс хойш нэг хэсэг янз бүрийн мал маллаж байгаад тэгээд л адуу маллаж эхэлсэн дээ. 1974 онд юмуу даа нутгийн хөгшчүүлийг дагаж азарга, шүдлэн хоёр уяад, сумынхаа наадамд шүдлэнг нь түрүүлгэж, хязаалангаа долоогоор давхиулсан.
-Хэнээр унуулахав?
-Дүү нараараа би чинь дороо олон дүүтэй  шүү дээ.
-Анх морь уяад л түрүүлгэчихээр урам орохгүй хаачихав?
-Аан тэгэлгүй яахав. Залуу ч байж морь л уямаар санагдаад байдаг болчихсон байсан. 1992 он хүртэл сумандаа наадаж байгаад тэр үеэс аймагт нааддаг болсон. Ухаандаа өмнө нь нэгдэл нийгмийн малтай хаяад явчихаж болохгүй байхгүй юу.Олон сайхан мундаг уяачид нийгэм цаг үеийн хавчлагаар амжилтаасаа чангаалгасан байх. Дуртай болохоороо л  зэмлүүлж байна гэж бодолгүй уядаг байсан байх даа. 1992 онд аймаг байгуулагдсаны 50 жилийн ойгоор шүдлэн мордуулж, зам цагаан сайхан л наадсан.
-Аймгийн наадмын анхны айргаа хэзээ авсан бэ?
-1999 онд Алтан-Овооны их тахилга наадам гэж том наадам болсон шүү дээ. Тэгэхэд хүрэн халзан шүдлэнгээ айрагдуулсан. Түүнээс хойш аймгийн наадмаас олон айраг түрүү авсаан. Аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан “Жавхлант шаргын хурд” нэртэйгээр зохион байгуулагддаг. Түүнд хэд хэдэн адуу оруулсан.
-Тэгвэл төрийнхөө наадамд хэдэн оноос эхэлж тоосоо өргөх болсон бэ?
-2001 онд АХ-ын 80 жилийн ойгоор анх зорьж очиж уралдаж байлаа. Тэр жил авч очсон адуунууд 20-ийн дотор  давхисан. Тэр үед улсын наадам Яармагийн дэнжид болдог. Олон газрын хүн мал цуглачихсан байхыг хараад сүрдэж л байлаа. Анх ирж байгаа хүн яггүй санагддаг юм шүү./инээв/
-Тийнхүү сүрлэж байсан хүн удалгүй төрийн наадмын хишгийг хүртэн, Төмөр-Очирын гэж цоллогдох олон хурдан буянг төрүүлж, моринд хайртай монгол түмнээ цэнгүүлсэн шүү дээ?
-Алтан тууртын буянаар аавын хүүгийн эдлэх ёстой баяр жаргал, цэнгэлийг эдэлсэн гэж боддог. Олон газраар явж, халхын аль сайн гэсэн адуунуудтай уралдаж үзлээ. Морины буянаар олон сайхан хүмүүстэй танилцаж найзалж нөхөрлөлөө. Үүнийгээ мориор дамжин олгогдсон их хувь заяа гэж бодож явдаг шүү.
 -Ээжийг тань хэд хэдэн наадмын үеэр харсан. Моринд дуртай юу?
-Дуртай. Ээж маань багадаа уралдааны морь унадаг байсан юм. Тэгээд наадам уралдаан болохоор болбол явчих санаатай байдаг юм шиг байгаа юм. Би ч гэсэн боломжтой бол аваад л явдаг. Та  нартай Нүүрэнтэйн хурд таарсан байх.
-Тэгсэн. Хүйтнээс эмээлгүй л морь хараад зогсож байсан?
-Хөдөөний хүмүүс ажрахгүй л дээ. Хамгийн анх улсын наадамд морь айрагдуулахад аав ээж хоёр маань хотод наадам үзэж байсан Морь мордоход сүү сааль, идээ ундааныхаа дээжийг өргөөд залбирч байсан нь биеллээ олж, төв цэнгэлдэхэд орсон доо.
-“Түмэн магнай” галд одоо хэдэн хүн бий вэ?
-Манай гал анх 2006 онд байгуулагдсан. “Талын гал”компанийн захирал Санжаа, “Ганга интернейшнл” компанийн захирал Гансүх болон манай нутгийн Болд, Ганцогт Баатарчулуун, Баярцогт нарын залуус бид хэд анхны гишүүд нь. Гал байгуулах санааг анх аав маань гаргаж байлаа.  Одоо бол манай галын тэргүүнээр “Синчи Ойл” компанийн захирал Элбэгзаяа ажиллаж байгаа. Манай галын гишүүн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Батаа маань саяхан МУ-ын Гавьяат малчин болсон.
-Коов хэмээх Энхтүвшингийн морьдыг  та уядаг байсан. Хэвээрээ юу?
-Хэвээрээ  хэвээрээ.
-Анх санал тавихад нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай Гансүхийн найз нь гээд манайхаар очдог байсан юм. Тэгж яваад л моринд орчихсон юм шиг байгаа юм. Сүүлдээ морьтой болъё гээд Адьяахүүгээс халиунуудынх нь угшилтай шүдлэн үрээ авсан нь улсад 29-өөр давхиад, “Хотгойдын хурд-1” хангайн бүсийн наадам болон “Говьшанхын хурд-3”-т түрүүлсэн. Тэгээд л ер моринд дуртай болсон хүн дээ.
-2008 оны наадмаар тэр халиун үрээ нь хасагдаад хэл ам гараад байсан бил үү?
-Тэгсэн. Наадмын комиссынхон шүдээр нь хасаад, манай хүнийг багагүй бухимдуулсан байх. Бүтэн жил хүлээсэн наадамдаа уралдаж чадахгүй болчихоод нулимс унагаж л байсан хөөрхий.
-Жилдээ ганц монгол наадам ч хатуу босготой наадгай шүү?
-Хэлээд яахав.
-Төрийн наадмын олон сайхан хурдан буян тодорсон Манлайн адуунаас авах сонирхолтой хүмүүс цөөнгүй бий байх. Хурдан морины наймаа хэр хийж байна даа?
-Ганц нэг адуу зарагдсан. Архангай, Төв, Хөвсгөл рүү цөөн хэдэн гарсан. Дааганд нь бэлгэнд өгсөн нэг үрээ хязааландаа Архангайн даншигт түрүүлж байна лээ. Хүүгийн найз ганц хүүтэй залуу байсан юм. Тэдний хүүхдэд нь өгсөн нь тэгж давхисан дуулдана лээ. Архангайн даншигаас гадна уржинан Сэлэнгийн ойд бас түрүүлсэн гэсэн шүү.
-Нутгийн залуусаа уяаны эрдэмд сургах үүргээ хэрхэн биелүүлж байна. Энэ нутгаас төрсөн хамгийн том цолтны хувьд энэ үүргийг үүрэх учиртай байх?
-Нутгийн ах дүү нар, залуучууд намайг ийш тийшээ наадамд явахад дагаад явдаг юмаа. Тэгээд асууж сураглавал мэддэг чаддагаа хэлж өгдөг л юм. Ер нь хараад байхад хаа сайгүй залуучууд морь уях нь ихэсч. Манай хүү ч гэсэн бие даах маягтайгаар морьдоо уяж байгаа. Энэ жил Хэнтийн хаврын бүсийн наадамд хүүгийн уясан соёолон түрүүлсэн.
-Дээд цолны болзолд хэр дөхөж байгаа вэ?
-Дээд насны нэг амжилт дутдаг юм шиг байна лээ. Өнгөрсөн жилийн аймгийн 70 жил, зүүн бүсийн наадмаар дүүгийн морь түрүүлж, тэр амжилтыг нь бичээд явуулсан. Хүний нэр дээр байна гээд хасагдсан сурагтай байна лээ. Тэгж байгаад болох байлгүй дээ.
-Тод манлай уяач цолоо авахад тань баяртайгаар дахин уулзая. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Нутгийнхаа зон олонд “Тод магнай”сэтгүүлээрээ дамжуулаад уясан бүхэн нь хурдан байхыг ерөөе.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна