МУ-ын Алдарт уяач Г.Чадраа бурхны орноо одлоо

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 01 -нд

Хатиган гурван хошууны хийморилог хөвгүүдийн нэг Монгол улсын Алдарт уяач Гэлэгийн Чадраа бурхны орноо одлоо.

Төр түмнийхээ их баяр цэнгэлд унаган хүлгэдээ айрагдуулж, уяачийн баяр бахдалыг мэдэрч явсан буурал уяач 2013 оны 09 сарын 29-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын хурдан морины салбарт их гарз тохиолоо.

Г.Чадраа агсан 1937 оны 08 сарын 14-ний өдөр хуучны Сэцэнхан аймгийн Хатиган гурван хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн нутаг дахь Цагаанчулуут хэмээх газар Гэлэгийн гурав дахь хүү болон мэндэлжээ.

Бага насаа тэр үеийн багачуулын нэгэн адил малын захад өнгөрөөж, 16 наснаас эхлэн хурдан морь уяж, сойх их үйлсэд шамдах болсон байна. Улмаар хурд таних билиг,уяа эвлүүлэх аргынхаа шимийг хүртэн 1999 оны төрийн их баяр цэнгэл наадамд унаган хул үрээгээ айргийн дөрвөөр хурдлуулж, улсын довноо нутгийн нэрийг цуурайтуулсан анхны уяачаар тодорч байсан билээ.

Мөн 2003 оны улсын наадамд айргийн тавд хурдалсан Б.Бат-Өлзийн саарал хязаалан, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд айргийн таваар хурдалсан Б.Төмөрсүхийн бор халзан даага, 2013 оны шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд айргийн дөрөвт хурдалж, давхар уяагаар төвийн бүсийн наадамд түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн Д.Баяраагийн хонгор азарга зэрэг нь Г.Чадраа уяачийн олон жилийн хөдөлмөрийн үр шим шингэсэн унаган хүлгэд нь юм.

Хүлэг морио ирлэн, төр түмнээ цэнгүүлэх их үйлсэд энэ насаа зориулсан буурал уяачийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2001 онд Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолоор шагнаж байжээ.

Хүмүүний орчлонгийн хүлэгчийн ажлаас чөлөөлөгдөж, хутагтын хурдны уяаг тааруулахаар одсон буурал уяачдаа маанийн ерөөл талбин сүүн цацал өргөе.

Ум сайн амгалан болтугай.

Дорнод аймгийн Морин Спорт Уяачдын Холбоо

“Тод магнай ”сэтгүүл, сайтын хамт олон

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна