МУ-ын Алдарт уяач Н.Эрдэнэбат: Нас болгонд айраг түрүүтэй явсан маань миний амжилт юм

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 04 -нд

Монгол орны дөрвөн зүг, найман зовхист уяа эвлүүлэн яваа хийморилог уяачдын нэг нь Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Навааны Эрдэнэбат юм. Тус аймгаас төрсөн Монгол улсын хоёр дахь Алдарт болох тэрээр 16 настайдаа анхны амжилтаа таван айраг түрүүгээр эхэлж байсан азтай нэгэн. Харин 35 настайдаа Алдарт  болж хамгийн залуу уяачаар нэрлэгдэж байсан юм. Харин өнөөдөр энэ амжилтынхаа нууцыг Алдарт ийнхүү тайлбарлах юм билээ.
-Алдартын удамд хурд ирлэж, хусуур зүүсэн уяачид байв уу?
-“Тод магнай”-н уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний удамд уяач улс байсангүй. Хуучин нэгдэл нийгмийн үед хэн хүссэн нь морь мал уяж уралдуулаад байдаггүй байлаа шүү дээ. Гэхдээ одоо бодохнээ бага залуугийн л моринд дуртай нэгэн байлаа. Анх 16 настайдаа Бүрэгхангай сумынхаа наадамд уясан морио мордуулж, таван айраг түрүү авч байлаа. Ер нь мориноос хасагдаад л морь уях болсон юм. Тэгэхэд соёолон аман хүзүүлж, хязаалан түрүүлэн, азарга дөрөвлөж, шүдлэн тавлаад ороод ирэхэд хурсан олон наадамчид шагширч байлаа шүү дээ. Энэ нь залуу хүү надад эрч хүч, урам зоригийг хайрлаж, адуу хэмээх хийморилог амьтанд сүслэж явсных 35 настайдаа МУ-ын Алдарт уяач болж байлаа. Тэр бол 1994 он байгаа юм. Адууны буянд ард түмний хайр хүндлэлийн дунд өдий хүрч явна. Одоо том хүү маань аавынхаа уяаны ажлыг өвлөн авч байна.
-Булганаас төрсөн хэд дэх улсын цолтон бэ?
-Би Булган аймгийн хоёр дахь, МУ-ын 48 дахь Алдарт уяач болж байлаа. Миний өмнө Монгол улсын Алдарт уяач Зуунчулуу гэж хүн Булганы анхны Алдарт болж байсан түүхтэй. Би чинь тухайн үедээ хамгийн залуу Алдартаар нэрлэгдэж, төрсөн нутаг Булган аймаг, Бүрэгхангай сумынхаа нэрийг гаргаж явсандаа үнэхээр их бахархдаг. Хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг уяач бидний хувьд хөдөлмөрөө үнэлүүлэх шиг сайхан зүйл хаа байх билээ. Бидний үед бас л өндөр шалгуураар өгч байлаа. Тэр үед би Эрдэнэт, Улаанбаатар, Булган аймагт болсон том жижиг наадмуудаас олон айраг түрүү аваад байсан юм. Миний амжилтын гол нь нэг адуугаар наадаагүй. Нас болгонд жигд амжилт гаргаж байснаараа онцлог юм болов уу гэж боддог. Тухайн үед одоо шиг Хэнтий, Сүхбаатараас адуу зөөхгүй ш дээ. Өөрийнхөө л унаган адуугаар наадана. Сум, аймагт зургаан нас уралдахад зургууланд нь айраг түрүү авч байсан аатай түүх олон бий. Эндээс Амарбаясгалант хийдийн даншигт соёолон үрээгээ аман хүзүүдүүлж байсныг дурсах дуртай. Бас л том наадам болсон шүү. Мөн 1993 онд Эрдэнэтийн 72 жилээр соёолон, хязаалан, Бүрэгханггай сумын 70 жилийн ойгоор хязаалан, соёолон тус тус түрүүлгэж байлаа. Асрын өмнө  нас болгонд гарч морио цоллуулаад зогсоход уяач хүний баяр бахдлыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг юм.
-Унаган адуугаараа гаргасан амжилтууд гэлээ. Ер нь Булганы адуу ямар онцлогтой вэ?
-Манай Бүрэгхангай сумын адууг Булгандаа дээд зиндааны адуу гэж нутгийнхан үнэлдэг юм. Бүрэгхангайн адуу Төв аймгийн Жаргалант, Заамар угшилтай.
-Холдоо хаана хаана очиж наадаж байв?
-1995 онд Улс хувьсгалын 74 ойгоор төрийнхөө наадамд очиж байлаа. Ер нь 1994, 95 онуудад миний морьд их хурдан байсан л даа. Гол гол амжилтууд маань энэ жилүүдэд гарсан гэж болно. 

-Цөөн хором ч гэсэн цаг зав гарган ярилцсанд баярлалаа.  

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна