Д.Мөнхтөр: Миний аав олон хүрэн адуу хурдлуулсан сумаас төрсөн анхны аймгийн Алдарт уяач хүн

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 07 -нд

"Тод магнай" сэтгүүлийн ярилцлагын ширээнээ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын аймгийн Алдарт уяач Д.Мөнхтөрийг уриад байна. Өвөө Очир, аав Дугарсүрэн нарынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэн яваа Мөнхтөр хүүхэд байхаасаа л хурдан морины "амтанд" орсон нэгэн. Унаач хүү явахдаа 10 гаруй айраг хүртсэн тэрээр өдгөө 20 гаруй айрагтай, аймгийн Алдарт уяач болжээ.  

- Манай сэтгүүлийн уншигчдад хэдийнээс морь уяж эхэлсэн, удам дагасан уяач эсэх гээд өөрийнхөө талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
- Би аав, ээжээс арвуулаа, өнөр өтгөн гэр бүлд өсөж хүмүүжсэн. Манай аав морин хуур сайн тоглодог хөгжимчин, бас анхны аймгийн алдарт цол авсан уяач хүн байлаа. Ер нь аймгийн дарга цэрэг нар аавыг андахгүй. Өвөө Очир, аав Дугарсүрэн аль аль нь хурдан морь уяж, аймаг, сумандаа уралдуулдаг байсан юм. Аав аймагт Тээвэрчдийн 70 жилээр хүрэн азаргаа дөрөвт оруулж, Эрдэнэмандал хийдийн 10 жилд саарал хязаалан адууг аман хүзүүдүүлж байсан, нийт аймаг сумын 30 гаруй айрагтай. Миний тухайд хүүхэд байхаасаа ах дүү нарынхаа хурдны морь унаж, 10-аад удаа айрагдуулж байлаа. Тэгээд ааваасаа хойш 150 гаруй адууг нь өвлөж аваад түүнийгээ уяж гайгүй давхиулж байна. Одоо 20 гаруй айраг авчихаад байгаа. Манайх 8 азарга адуутай, хүүтэйгээ хоёулаа малаа маллаж, морио уядаг.
- Ааваасаа уламжилж ирсэн унаган адуугаараа уралдаж байгаа байх нь ээ?
- Тиймээ, манай адуу Халзан болон Дүйдэнгийн хар угшилтай. Манай аав дээр үед Халзангийн эцэгтэй хурдан хонгор азаргыг 300 төгрөгийн цалинтай, мөнгө чанга үед 1000 төгрөг, алтан бөгжөө өгч авч байсан юм билээ. Тэрийгээ адуундаа тавьж гүү хураалгаад, төл хүрэн азарга нь гарсан юм. Хүрэн азарга даагандаа 1990 онд анх түрүүлж байсан. Тэрний л угшил, 3 дахь үе нь давхиж байна. Аав маань адуунаасаа олон хүрэн адуу хурдлуулсан, Дугарсүрэнгийн хүрэн азарга гэхээр хүмүүс андахгүй. Рааш даргын улсын наадамд аман хүзүүдсэн хүрэн азарга манай унаган адуу байгаа юм.
- Рааш гуайд хүрэн азаргаа хэзээ өгсөн юм бэ. Тэр үедээ хэр танигдсан, хэр давхисан адуу байсан юм?
- Манайд байхдаа 5 айрагдсан адуу байгаа юм. 1999 онд Алтан овооны их тахилгад соёолон таваар орсны дараа 2000 онд Рааш дарга авч, 2001 онд хавчиг азарга улсын наадамд аман хүзүүдсэн юм. Хүрэн азарга авчихаад 2000 онд нь аавыг дуудаж уяаг нь тааруулгасан юм. Наадмын өмнөх хоёр сунгалтанд түрүүлгээд, яг наадамд  Айдасын даваа руу эмээл сулрахаар нь эмээлийг нь чангалж мордуулахад хорин хэдээр орж байсан. Хойтон жил нь том уяач нар уяж улсад аман хүзүүдүүлсэн юм.
- Аймгийн алдарт цолны тэмдэгийг энгэрт зүүлгэсэн ямар хурдан ажнайнууд байна вэ?
- Надад  сумдын өвөл зуны наадамд 8 айрагдсан сайхан хурдан хүрэн азарга байна. Рааш даргад өгсөн хүрэн азарганы дүү байгаа юм. Аймгийн наадамд 15-аар, 7-оор тус тус орж байсан. Ноднин Дорнодын 70жилээр 10-т орсон, одоо 12 настай азарга байна. Хүрэн азаргаа Наран суманд түрүүлгэхэд их сайхан л байлаа. Яагаад гэвэл өмнө нь манай аав түүний эцэг хүрэн азаргыг Наранд очиж түрүүлгэж байсан юм.  Миний морь аймагт орж байгаагүй ээ, хүрэн хязаалан өвлийн уралдаанд ирж долоогоор орж байсан. Ноднин Дорнодын бүсийн наадамд цагаан өвсний азарга арваар оруулсан.
- Цаашид юм дуулгах ямар хүлэг байна вэ?
-  Гадаанаа арваад морь тэжээж, уяж байна. Өнгөрсөн зун сумын наадамд 9-өөр орж, өнөө жил аймгийн уралдаанд 20 хэдээр орсон хавчиг хонгор морь байгаа. Бор халзан соёолон адуу бий. Рааш даргад өгсөн хүрэн азарганы дүү толин сартай хүрэн азарга одоо надад хурдалж байна. Тэрний дүү хээр халзан азарга байгаа. Тэрний төл хээр халзан даага их хурдан байгаа. Сая хээр халзан даага бооцоот сунгалтанд 7-оор орсон, цаашдаа гайгүй давхина гэж боддог. 
- Гадагшаа өөр хүнд очоод сайн давхиж байгаа адуу бий юү?
- Улсын наадамд манай саарал соёолон 2007 оны улсын наадмаар наймд орсон. Саарал соёолонг Улаанбаатар руу Цэдэв гэдэг хүн авсан. Бас хэдэн бага адуу хүнд өгсөн шүү. Хээр халзан даагыг авъя гээд хэд хэдэн хүмүүс ирсэн боловч өнөө жил уях гээд үнийг нь өндөр хэлээд явуулсан. 
- Мөнхтөрийн цаашдын зорилго юу байна вэ? Улс, бүсийн наадам том зорилго чинь болов уу гэж бодож байна.
- Морио уяж аавынхаа нэрийг гаргана гэж боддог. Аймгийн алдартыг нь авчихсан юм чинь улсын алдартынх нь төлөө зүтгэнэ гэж бодож байгаа. Адууныхаа удам угшлыг сайн, цаашдаа сайн давхина гэж боддог.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна