Чонон саарал

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 10 -нд

Ховд аймгийн Мянгад сумын нэрийн хуудас болсон Чонон саарал хэмээх алдарт хурдан хүлгийг мэдэхгүй хүн цөөхөн бизээ. Ам дамжин яригдсаар домог болон мөнхөрсөн энэхүү хурдан хүлгээр нэрийдсэн нэгэн ажнай өнөө жил төрийнхөө их баяр наадамд айргийн дөрөвт хурдаллаа.
 Ховд аймгийн Мянгад сумын уугуул, “Чонон саарал” галын гишүүн Загджавын Мэндсайханы саарал үрээний удам судрыг уудалбаас Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Жамъяаншаравын алдарт Босоо цавьдарын угшилтай саарал азарганы төл юм. Харин эх хээр гүүнийх нь угшлыг хөөвөл Уулбаянгийн алдарт Далиу ногооны цустай болж таардаг. Хээр гүүг дааганд нь С.Жамъяаншаравын хүү өөрийн найз Мэндсайханд бэлэглэсэн бөгөөд алдартын саарал азарганд хураалгаж Чонон саарал төржээ. Хоёр талаас хурдны удамтай саарал үрээ дааган цагаасаа эхлэн уягдаж, Манлай уяач “Дааган” хэмээх Цэнд-Аюуш уяа юуг нь тааруулж, АХ-ын 91 жилийн ойд 12-оор, “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд 21-ээр давхиулжээ. Харин шүдлэндээ улсын наадамд айргийн дөрөвт хурдлаад, давхар уяагаар Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн наадамд түрүүлэн тод магнай торгон жолоогоо өргүүлсэн билээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна