Уяач Д.Ядам: Зарсанаасаа бэлэглэсэн адуу нь олон доо

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 15 -нд

Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Д.Ядамтай ярилцсанаа хүргэж байна.

-Хурдан морьтой холбогдсон үеийн түүхээс яриагаа эхэлье дээ. Хэзээнээс хурдан хүлгийн уяа эвлүүлэх болсон бэ?
-1983 онд цэргээс халагдаж ирэхэд том ах Д.Монхор маань малаа оторлоод Эрдэнэцагаан сумын Харгилтай гэдэг газар нутаглаж байсан юм. Тэгээд 6 сар гаргаад ахындаа очиж, ах бид хоёр нэг нэг даага уяж эхэлсэн. Сунгахаар ахын даага хурдан, минийх ард нь үлдээд л байдаг байлаа. Залуу байсан болохоор алдаа оноог засаж мэддэггүй байсан юм байлгүй дээ. Удалгүй наадам болж ахтайгаа хоёулаа даагануудаа хөтлөөд сумын наадамд явсан.
-Эрдэнэцагаан сумын уу?
-Тийм. Тэгсэн миний даага түрүүлж, ахын маань даага айрагдсан. Тэгж л анх бие даан морь уяж, уясан морио түрүүлгэж байлаа. Мөн ч их баярлаж билээ. Тэр цагаас хойш сум орон нутгийнхаа наадмаас 40 гаруй айраг түрүү байна. Манай адуу Д.Шарын хар хүрэн азарганы угшилтай юм. Хүрэн азарганы дээд угшил нь Дарьгангын Дүйдэнгийн хар азарга.
-Сумын наадамд даага түрүүлгэж эхэлсэн хүн түүндээ урамшиж, нэг хэсэг бага насны адуугаар дагнасан боловуу гэж  таамаглаж байна?
-1983, 1993, 1994 оны сумынхаа наадмуудад даага түрүүлгэсэн байдаг юм. Харин сүүлийн жилүүдэд айрагдсан даага цөөнгүй бий. 2011 онд Сүхбаатар аймгийн төвд болсон УИХ-ын гишүүн Р.Будын нэрэмжит хурдан дааганы уралдаанд бор даагаа гуравт хурдлуулсан.
-Онгон сумын “дааган” Ядмаа юмаа даа?
-Бусад насны морьд маань ч гэсэн сайхан уралддаг юмаа. Халиун морь, буган морь, хүрэн морь, халтар соёолон, хонгор үрээ, бор үрээ гээд намайг баярлуулсан олон сайхан хурдан буянгууд бий.
-Таны нэртэй хурдан хүлгэд энд тэндэхийн наадмуудын үеэр цөөнгүй  зарлагдах болсон. Адууны наймаа хэр хийж байна даа?
-Би олонтойгоо хурд хуваан цэнгэж яваа моринд дуртай монгол эр хүний нэг. Миний том хүү Я.Түвшинбаяр хоёр жилийн өмнө хар морь, халтар соёолон хоёроо Төв аймагт аваачиж уях болсон юм. Морьд нь сунгаануудад өнгөнд байна л гэж байсан чинь хэд хоногийн дараа ярьтал хар морь нь Баян-Өнжүүл сумын наадамд түрүүлээд мотоцикль авлаа гэсэн. Ахиад хэд хоногийн дараа ярьтал Б.Наранхүү ахтай наймаа хийгээд хоёр  морио зарчихлаа гэж байсан. Түүнээс хойш халтар соёолон нь “Нийслэлийн хурд-2012” уралдаанд гуравт давхиж, Дундговьд болсон “Их мандал-2012” уралдаанд 12-оор давхисан гэсэн. Түүнээс гадна жижиг уралдаануудад хэд хэд айрагдсан гэсэн.
-Хар морь нь яаж давхисан гэнэ. Сураг дуулсан уу?
-Хар морь ч Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатар гэдэг хүн дээр очоод энэ өвөл айрагдаж байгаа дуулдсан. Миний хүү Түвшинбаяр бас нэг сайн Буган морьтой байснаа ХХЕГ-ын хурандаа С.Нэргүйбаатартаа бэлэглэсэн гэнэ лээ. Буган морь нь сайхан уралдаж, өвөл Дорнодын уралдаанд аман хүзүүдэж байгаа дуулдсан.
-Гарсан адуунууд давхиад л байгаа юм байна. Ер нь хамгийн үнэ хүрч зарагдсан нь ямар адуу вэ?
-За даа зарсанаасаа бэлэглэсэн нь олон доо. Соёолондоо сумынхаа наадамд түрүүлж, өөр хэд хэдэн наадамд айрагдсан халиун морио УИХ-ын гишүүн Б.Наранхүүд бэлэглэсэн. Одоо УИХ-ын гишүүн  Д.Бат-Эрдэнэд байгаа. Өнгөрсөн жил Төв аймгийн Баяндэлгэр сумын наадамд түрүүлж байгаа дуулдсан. Мөн Сэргэлэн сумын Б.Сүхбаатар  дүүдээ халиун мориныхоо дүү шарга азаргыг бэлэглэсэн нь Дундговийн бүсэд 20-иор орж байна лээ. Төв аймгийн Баянцагааны Ч.Гансумд хээр морь бэлэглэсэн нь энэ хавар бас нэг айрагдсан дуулдана лээ. Бас Говь-Алтай аймгийн харъяат  Б.Ганбаатар дүүдээ нэг даага бэлэглэсэн нь тэндээ очоод тав айрагдаж, түрүүлсэн гэсэн.
-Ядамын хурдан бор гэх хурдан хүлгийнхээ удам судар, амжилтынх нь талаар сонирхуулаач?
- Бор үрээ маань дааган цагаасаа эхлэн уралдаж одоогоор найман айраг, түрүү хүртээд байна. Бор үрээний эцэг нь миний унаган хар азарга байдаг юм. Эх нь манай сумын О.Энхбаяр гэж миний хуурай дүүгийн адууны бор гүү байдаг. Хязаалан байдас би авч байсан юм. Ерөөлтийн халзан морьтой угшил нэгтэй гэсэн үг л дээ. О.Энхбаяр чинь О.Үнэнбаярын ах нь байгаа юм.
-Адуу хурдан байгаа хэдий ч байнга чанаржуулж, цус сэлбэж байх хэрэгтэй гэдэг. Энэ тал дээр хэр анхаарч байна?
 -Удам угшилтай сайн азарга болон гүүнд бол гар татдаггүй. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн жил сумынхаа наадамдаа гуравт давхисан хязааланг авсан. Одоо ногооны соёолон болно. Удам угшил сайтай сайхан ч адуу байгаа юм. Гүү гэвэл Сүхбаатар сум орж Ж.Лхасүрэн гэж хүнээс сайхан бор гүү унагатай нь авсан. Бас шинэ цагийн монгол адуу гаргаж авах тал дээр анхаарч Сэргэлэн сумын Б.Сүхбаатарын Акварс гэж Англи азарганд гүү тарьж эр хүрэн халзан унагатай болсон. Энэ мэтчилэн адуугаа сайжруулах тал дээр анхаарч л байна.
-Адуугаа чанаржуулж байгаад алсдаа томхон довон дээр уралдах зорилго тавьж байна уу? Ер нь та хамгийн холдоо хаана очиж наадсан бэ?
-Ах нь харин энэ тал дээр чинь жаахан тааруу хүн байгаа юм. Хамгийн хол нь Дорнод аймгийн Матад суманд болсон Хатиган гурван хошууны анхдугаар их наадамд л явж наадаад Буган соёолонгоо айрагдуулсан. Ер нь хол явж наадаж байгаагүй. Харин одооноос хүүхдүүд маань томорч бие даан морь уяад эхэлчихсэн. Тэд маань л холхон явж уралдах байх.Энэ олон жил морь уяхдаа ганцхан удаа бүсийн наадамд явсан хүн шүү дээ./инээв/
-Удам дагаж уяа эвлүүлж буй залуус аавынхаа хүслийг гүйцээн том довон дээр одтой сайхан наадах байхаа. Ярилцсанд баярлалаа. 

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна