П.Ням-Очир: Хонины морио овооны наадамд түрүүлгэчихээд моринд орчихсон

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 16 -нд

Хөвсгөл аймгийн Ханх сумын уяач П.Ням-Очир энэ удаагийн ярилцлагын эзэн байлаа.
-Сумынхаа уяачдын холбоо тэргүүлэгч гишүүн юмаа даа?
-Тийм. Энэ жил багаа төлөөлөн сумынхаа уяачдын холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Бидний хувьд адууныхаа угшил болоод уяаны арга барилаа сайжруулах тал дээр туршлага судлах зүйл их байна. Би ч хөгширсөн хойноо морь, бөхийн хорхойтон болсон хүн дээ. Моринд орохоос өмнө баяр наадмаа үзэлгүй 10 хэдэн жил болсон гээд бод доо. Хүүхдүүд баяр наадам үзэх гээд явчихна. Би мал хуйгаа хараад гэртээ үлдээд радиогоороо л бөхөө сонсчихдог байлаа. Харин одоо бол уяж сойсон морьдоо мордуулчихаад нулимсаа барьж дийлэхгүй уярч суудаг болсон.
-Хожуу моринд орсон гэсэн үг үү?
-Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоос хойш л морь уяж байна. Миний том хүү хурдан морины унаач байгаад томдоод хасагдсанаасаа хойш уяа сойлго тааруулж байгаа юм. Тэгсэн 2006 онд хүү маань хонины морио уяж уралдуулъя гэлээ. Би ч уул хаданд унадаг морио уяулах жоохон дургүй байсан ч уясан чинь овооны баярт түрүүлээд ирдэг байгаа. Манай сумын хууччуул чинь овоо баяруудыг дамжаад л уралдчихна шүү. Тэр овооны баяр 20 гаруй их насны морьд мордсоноос ихэнх айраг түрүүтэй хурдан хүлгүүд байсан. Тийм байхад түрүү магнайд ирсэн нь баяр бахдал төрүүлэхээс өөр яах билээ. Болоогүй хул морь маань Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, "Эв модны наадам", сумын баяр наадам гээд гурван том баярт түрүүлсэн нь моринд орохын эхлэл байлаа. Тэрнээс манай удамд уяач хүн байгаагүй л дээ. Энгийн хөдөөний малчин айл. Тэмээнээс бусад дөрвөн хошуу мал малладаг байсан юм. 
-Тэгэхэд хул мориндоо ямар уяа хийсэн бэ?
-Гурваас дөрвөн хоног уяж, жаахан хөнгөрүүлсхийгээд тавьчихсан. Элдэв тэжээл тариа хэрэглэхгүй, байгалийн цагаан өвсөөр нь өглөө адуунаас нь барьж авчраад л уячихна. Тэрнээс нэг их сүрхий уяаны ажил хийж байгаагүй, хөөрхий. Манай нутагт чинь  үсэргээ, хөлс хоёроор л уяна шүү дээ. Сайхан эсгийгээр битүү нэмнээд хөлс авчихдаг юм. Энд сонирхуулахад миний хар морь уяа сойлго нь сайхан таараад ирэхээрээ хүүхдээ булгиад шидчихдэг зантай. Хүүхдээ булгихгүй, элдэв ааш авир гаргахгүй бол уяа сойлго нь таараагүй байнаа л гэсэн үг дээ. Хүүхдээ булгиад ирэхээрээ л сумын наадамд гарцаагүй айрагддаг ааштай ч хурдан буян байгаа юм. Уяач эзэн, унаач хүүхдээсээ өөр хүнийг дөхүүлэх ч үгүй гээч.
-Хул морь тэрнээс хойш яаж давхисан бэ?
-Сумын наадамд арав гаргаж нэг ирсэн. Хөгширч байгаа болохоор тэрнээс хойш уяагүй ээ.
-Түүнээс хойш хэрхэн наадаж байна даа?
-Би Буджавын Доржпүрэв найзаасаа нэг хар морь авч, харин дүүгээр нь азарга тавьсан. Тэднийх сумандаа нэлээд хурдтай, угшил сайтай адуутай айл л даа. Одоо энэ хар мориороо наадаж байна. Бас миний өөрийн унаган адуу болох нэг хар морь бий. Найзаасаа авсан хар морь надад ирсэн эхний жилээ сумандаа зургаагаар давхиж, дараа жил нь айргийн таваар хурдалсан. Бас ноднин суманд болсон хоёр том наадам хоёуланд нь аман хүзүүдсэн.
-Энэ хугацаанд хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Би сумын наадмаас нэг түрүү, долоо, найман айрагтай. Дээрх амжилтаас гадна бага насны адуу хэд хэдэн удаа айрагдуулсан. Найзын азарганы ууган төл нь даага суманд уралдаж айргийн дөрвөөр орсон. Энэ жил хадам ээжийн маань 95 насны ой болсон. Манайхан Ренчинлхүмбэ суманд ургийн баяраа хийлээ. Хүүтэйгээ очиж наадсан байгаа. 
-Адууныхаа цусыг сэлбэх ажлыг хэр хийж байна вэ? Адуугаа богино хугацаанд сайжруулъя гэвэл азаргаар нь гэдэг дээ.
-Тэгэлгүй яахав. Миний азарга гарцаагүй сайн л даа. “Өлзийн хар" гэж сумандаа олон айраг түрүүтэй хурдан азарга байлаа. Сумын наадмын азарга барианд орлоо гэхэд улсууд "Өлзий хар" л биз дээ гэдэг байсан юм. Тийм хурдан азарганы удмын азаргатай. Сүүлд нэг охин даагатай болсон. Манай хүүгийн найз Завхан аймгийн Тэс сумаас манай Цэцэрлэгт ирсэн байгаа юм. Тэр найз нь хүүд охин даага бэлэглэсэн. Одоо нэг охин даага нэмж авъя гэж бодоод л байна.
-Хүүхдүүд  бас моринд орчихсон уу?
-Тийм ээ. Би дөрвөн хүү, нэг охинтой. Одоо хөвгүүд бүгдээрээ л морь сонирхдог болсон. Том хүү маань морь уяж дүү нартаа зааж зөвлөдөг юм. Саяхан өрх тусгаарлаад байгаа. Гурав дахь хүү маань ТМС төгсөөд улсын тусгай хамгаалалтын газарт ажилд орж байгаа. Бага хүү маань долоодугаар анги төгсөж байна. Энэ жилээс мориноос хасагдаад уяаны ажил руу орж байна. Би өөрөө хожуу моринд орсон хүн болохоор хүүхдүүдээ эртхэнээс нь морь уяулна гэж боддог юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна