Зооны махны бариа гэж

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 22 -нд

Хоржийн Дамбаяринпил гэгч залуу Ононмөрийг адуун дээрээ ирэхэд нь: - Ононмөр гуай! Миний морь хурдалж өгөхгүй юм. Манай адуунд давхихаар юм байна уу гэхэд адуун дундуур явж байгаад "энэ бор азаргаа уяа! Энэ чинь хурдан азарга байна" гэжээ.

Залуу хоёр жил дараалан бор азаргаа уясан ч хурдалж өгсөнгүй. Гурав дахь жилдээ өөр азарга уяхаар шийдэж суутал уяа морьдоо барьдаг өдөр нь Ононмөр хүрч иржээ. Морь уургалахаар явах мөрт нь бор азарга таарахаар нь уургаараа зайлуулсхийхийг харсан Ононмөр "бор азаргаа уургал" гэжээ. Залуу бор азаргаа аргагүйн эрхэнд уяв. Их сунгаа болж, морь ирэх үед хүмүүс дурандаад бор адуу магнайлж явна, Сажваа Самдангийн бор биз цуг яваа нь Ононмөр гуайн хүрэн байх гэлцэнэ.

Ононмөр дэргэдээ сууж байсан Дамбаяринпилд: - Чи азаргаа тос. Түрүүнд яваа нь манай хүрэн байх, цуг яваа нь танай бор байх. Чи тосч очоод бор азаргаа хөдөлгөж үз манай хүрнээс давж ирвэл энэ жил түрүүлнэ, зуузай холбож ирвэл айрагдана гэжээ.

Дамбаяринпил тосч очвол, бор азарга нь Ононмөрийн хүрний хойноос нэхэж байна. Гуядуулаад үзвэл хүрэн азаргыг дийлж сунгаанд түрүүлэв. Наадмаар Дамбаяринпилийн бор түрүүлэв.

Ононмөр: - За бор азарганы чинь зооны мах нь бариад явуулахгүй байсан юм. Энэ жил зооны бариа нь тавигдсан. Одоо хурдална гэжээ. Түүнээс хойш Дамбаяринпилийн бор олон удаа айраг түрүү авчээ.


"Хүлэгч" номноос

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна