Дүү хээр

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 22 -нд

 Монголын хурдан морины түүхэнд шинэ үнийг тогтоосон Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр азаргыг мэдэхгүй хүн цөөн бизээ. Дөрвөн их тэгш ой давхцсан 2011 оны наадамд гарсан цагаас өнгөлсөөр аман хүзүүнд хурдалсан Монгол хээрийн шийрийг хатаан хурдалж буй Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын Дүү хээр хоёр жил дараалан төрийнхөө их баяр цэнгэлд айрагдлаа.
 Өнгөрсөн жил шүдлэндээ айргийн дөрөвт хурдалсан Дүү хээр, өнөө жил айргийн тавд хурдалж, амжилтаа бататгасан. Хээр хязаалан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дорждэрэмийн Пүрэвдоржийн унаган адуу гэдгийг морины хорхойтнууд андахгүй бизээ.
 Бүр тодруулбал Дүү хээрийн эцэг хээр азарга нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Лодойдамбын Ариунболдын унаган адуу бөгөөд сумынхаа наадамд зургаантаа түрүүлсэн хурдан хүлэг гэдэг. Харин эх нь Д. Пүрэвдоржийн унаган гүү. Эдний дундаас гарсан эр болгон нь хурдалж буй. Гал төл хээр үрээ нь Дундговь аймгийн харьяат Алтанцэцэгт очиж, тэр хавийнхаа наадамд хэд хэд айрагдсан бол удаах төл нь гурав түрүүлж, гурав аман хүзүүдэн, нэг айрагдсаныхаа дараа “Заабар” ХК-ийн захирал Батбаярт 10 сая төгрөгөөр зарагдаж, “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд долоод хурдалж байсан билээ.
 Хээр азарганы үр төлүүдээс улс бүсийн наадамд цулбуур өргүүлэн уясан эзний магнайг тэнийлгэж буй өөр хүлгүүд бол мэдээж та бидний дээдлэн хүндэлдэг Б. Наранхүүгийн Монгол хээр, Б. Сүхбаатарын Дүү хээр зэрэг энэ цагийн цуут хүлгүүд юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна