Шилдэг адуучин А.Алтаншагай: Миний мэргэжил адуучин

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 24 -нд

Удамт адуучны хүү Хэнтий аймгийн Батноров сумын уугуул А.Алтаншагай  Монгол улсын шилдгийн шилдэг адуучнаар шалгарсан билээ. Түүний өвөө Самбуу, аав Амбаа нар нь адуунд гарамгай хүмүүс байсан бөгөөд  ийнхүү хүү  нь өдгөө өвгөдийнхөө удмыг үргэлжүүлэн яваа юм. “Адуучин бол миний мэргэжил” хэмээн ярих Алтаншагай энэ жил 25 настай. Хэнтий аймгийн Биндэр сумын дунд сургуулийг дүүргээд,  мал дээр гараад 13 жил болж байгаа ажээ. Харин Батноров суманд ажиллаж амьдрах болсоор дөрвөн жил болж байгаа юм.  2009 онд Биндэрт болсон Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байранд орж байсан бол “Адуучин” тэмцээний анхны шилдэг адуучин болж амжилтаа ахиулсан нь энэ байлаа. Хэнтийчүүд “Адуучин” тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох тамирчдыг шалгаруулахын тулд сум, аймагтаа бэсрэг уралдааныг зохион байгуулаад амжсан гэж байгаа. Энд Батноров сумаас 16,17 адуучин өрсөлдсөнөөс Алтаншагай шалгаран, дараа нүүдлийг аймагт хийж, нийслэл Улаанбаатарыг зорин ийнхүү “Адуучин”-ы түүхэнд  нэрээ мөнхөлж чадсан адтай нэгэн.  Нэмж сонирхуулахад тэрээр энэ зун  Батноров сумынхаа Алдарт уяач цолны эзэн болжээ. Эцэг өвгөдөөсөө ирсэн унаган адуугаараа наадах тэрээр сум орон нутагтаа нэлээд хэдэн айраг түрүүтэй гэнэ.  Энэ жилийн хувьд гэхэд зургаан насанд морьдоо уяж, одтой сайхан наадсан сонин дуулгана билээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна