“Баатрууд тэнгэр” компанийн захирал Х.Цогтсайхан: Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан хоёрхон айлын нэг нь манайх

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд

 Цаг нар, хууль дүрмэнд захирагдаж басхүү захиргаадаж явсан армийн ахмад адуунд урваад багагүй хугацаа өнгөрч буй. Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан хоёрхон айлын нэг гэдгээрээ омогшиж явдаг Х.Цогтсайхан өнгөрсөн жил тун одтой сайхан наадаж улс бүс,Их хурдаас нийтдэ нэг түрүү, хоёр айраг хүртсэн билээ. Сар шинийн босгон дээр Сүмбэн зээрдийн эзнийг зочны хоймортоо залан ийнхүү хөөрөлдлөө.

-Өнгөрсөн жилийн шилдэг азарганы нэг Сүмбэн зээрд төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан удамт бүлийн тоог нэгээр нэмсэн. Ярилцлагаа таны удам судрын талаар эхэлбэл ямар вэ?
-1930-аад оны үеэр хүрэн азаргаа гурав түрүүлгэсэн Наваанмөрийн Пад гэж хүн манай аавын авга ах нь байгаа юм. Ойлгомжтой байх үүднээс илүү дэлгэрэнгүй тайлбарлъя л даа. Бидний өндөр өвөг болох Тэнгэрнүдэн гэж хүн Наваанмөр, Түмэн гэж хоёр хүүхэдтэй байж. Наваанмөрийнх нь Пад, бага Гаваа  гэж хоёр хүүхэдтэй. Харин Түмэнгийнх нь их Гаваа ганц  хүүхэдтэй. Их Гаваагийнх нь Рэнцэн, Сүрэнжид гэдэг хоёр хүүхэдтэй байсан бөгөөд. Манай аав Сүрэнжидийнх нь хүү юм. Манай удмаас төрийн наадамд морь айрагдуулсан анхны хүн бол Пад гуай юм. Тэрээр 1925 онд зээрд халзан морио гуравт давхиулж, 1929 онд хар шүдлэнгээ түрүүлгэсэн байдаг.
-Энэхүү цувааг алдарт хүрэн азарга нь 1933 оны наадмаар үргэлжлүүлдэг?
-Тиймээ, 1933 онд хүрэн азарга нь аман хүзүүдэж, 1934 онд хүрэн халзан морь нь дөрөвт давхин, 1935, 1938, 1941 оны наадмуудад хүрэн азарга нь түрүүлсэн байдаг. Түүнээс гадна 1941 оны наадамд хүрэн халзан хязаалан нь гуравт, 1943 онд хүрэн даага нь тавд, 1944 онд зээрд халзан морь нь тавд, хар ногоон шүдлэн үрээ нь түрүүлж, 1945 онд цоохор хязаалан нь аман хүзүүдэж байсан юм билээ. 
Манай удмаас төрийн наадамд морь айрагдуулсан хоёр дахь хүн бол Г.Рэнцэн. Тэр хүний зээрд соёолон 1953 оны наадамд гуравт давхисан байдаг юм. Гурав дахь үе нь Пад уяачийн ганц хүү Цэдэв. Тэр хүний бор морь 1968 оны наадамд тавд хурдалж,  1970 онд бор соёолон нь аман хүзүүдсэн байдаг юм. Харин дөрөв дэх үе нь болохоор Цэдэв ахын хүү Мэндсайхан бид хоёр байна. Бид нэг үеийнхэн. Ц.Мэндсайхан 1999 онд хээр даагаа тавлуулж, харин би өнгөрсөн жил зээрд азаргаа түрүүлгэлээ. Тиймээс манайх монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан хоёрхон айлын нэгд зүй ёсоор багтаж байгаа юм.
-Пад гуайг “Их шавийн” гэх бэсрэг угшил бий болгосон гэлцдэг. Төв аймгийн гурван ч сумын адууны цусыг сэлбэсэн алдарт хүрэн азарганых төл танайханд бий л биз дээ?
- Нутаг хошуундаа баян хэмээн алдаршсан Пад гуайнх адуу мал олонтой айл байсан гэдэг. Пад гуайг адууныхаа чанарыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч, өөрийн гэсэн угшлыг бий болгосон гэдэг юм билээ. Тэр хүний улсад гурав түрүүлсэн хүрэн азарганы болон Янзаган  хэмээх бага хүрэн азарганых нь төл ойролцоох нутаг хошуудаар нэлээд тархсан гэлцдэг. Яг манайхны адууны тухайд гэвэл улсын наадамд хязааландаа айрагдаж байсан Сарт хэмээх хар азарганы болон Баян сумын Дулаан Дамдинжав гэдэг хүний хонгор азарганы үр төл зонхилдог. Аавыг 14 настай байхад нь Пад гуай нэг хүрэн үрээ зүсэлж өгсөн юм билээ.Түүнийг нь өөрөө унаж улсын наадамд дөрөвт давхиулж байсан тухайгаа аав маань ярих дуртай байдаг.
-Дээр дурьдсан Сарт хар азарга чинь Пад гуайн гаралтай адуу юу?
-Тэгэлгүй яахав. Нөгөө улсад гурав түрүүлсэн хүрэн азарганы төл шүү дээ. Энд нэг сонин түүх яръя л даа. Сарт хүрэн азарганых нь үр төл болсон адуунуудаа 1959 онд аав маань нэгдэлд нийгэмчилсэн юм билээ. Тэгээд намайг нэлээд том болж ухаан орсон хойно 1970-аад оны үед юм уу даа. Аав маань нэг өдөр “хүрэн азарганы удам угсаа тасрах нь шиг байна. Нэгдэлд нийгэмчилсэн адуунаасаа хөгшин хээр гүүгээ сольж авдаг юм уу” гэж билээ. Тэгээд удалгүй бригадын даргадаа өргөдөл бичин цохуулж байж, хөгшин хээр гүүгээ өөрийн болгосон. Их хөгширсөн байсан санагддаг юм. Лав 17, 18 нас хүрсэн байсан байх шүү. Ирсэн жилээ унагалаагүй болохоор аав “энэ өвөл онд орохгүй байх тогоо тосолъё доо” гээд нэг морьтой холбочихоод хөтөлж явж. Тэгсэн гэнэтхэн гэдэргээ сууж ногтоо тасалчихаад адуу руугаа давхиад явчихаж. Яагаад ч юм учиртай санагдаад аав маань тэр чигээр нь орхичихсон гэдэг. Тэгсэн хавар нь  эр хээр унага гарсан юм билээ. Тэр нь Баян сумандаа хоёр гурав түрүүлсэн их хурдан азарга болсон. Түүний төлүүд нь одоо ч надад бий. Өөрөөр хэлбэл Падын хүрэн азарганы гурав дахь үе нь.  Би дээр ярьсан даа. Манай адууны нэлээд  хэсэг Дулаан Дамдинжав гуайн хонгор азарганы төл гэж. Хонгор азарга бас их түүхтэй юм билээ. Дамдинжав гуайн хонгор азарганы төл хоёр хөөрхөн хонгор үрээ байж л дээ. Дамдинжав гуай аавд хоёуланг нь үзүүлээд “аль таалагдсанаа ав” гэж. Тэгсэн нутгийн нэг хашир өвгөн “за чи сартай хонгор үрээг нь авах юм бол ойрын үед сайхан хурдлуулах юм байна. Харин нөгөө хонгорыг нь авбал өнө хойчдоо хурдлах юм байна” гэсэн юм гэнэ лээ. Бид эцэг эхээс долуулаа. Аав маань насаараа адуу малтай нөхөрлөсөн учраас үр хүүхэддээ хурд үлдээе гээд нөгөө хонгорыг нь авсан гэдэг. Нээрэн ч тэр хонгор азарга нутаг орныхоо наадамд арвын дотор давхидаг ч үр төл сайтай сайхан буян байсан. Хөгшин хээр гүүнээс гарсан хээр унага чинь энэ хонгор азарганы төл шүү дээ.
-Ингэхэд аав тань Пад гуайн уяа сойлгын арга барилын талаар ямархан дурсамж хүүрнэдэг байсан бэ?
-Аав маань одоо 92 настай буурал бий. Настай хүн мартаж санадаг биз. Тэр болгоныг санахгүй л дээ. Гэхдээ морийг жилийн дөрвөн улиралд сайхан эдэлж уядаг хүн байсан хэмээдэг. Морьд нь ер нь тарган талдаа л уралддаг байсан гэдэг шүү.

“Би аавыгаа тэр бүр нулимс унагаж байхыг хараагүй”

-Уяачийн жаргал зовлонг насаараа эдэлсэн аавд тань хүү нь төрийн наадмын түрүүг азаргаар хүртэх бахтай сайхан байсан байлгүй. Тэрхүү торгон мөчид хүүдээ хэрхэн баяр хүргэж, юуг аминчилсан бол?  
-Манай хоёр ч дүү хөдөө мал малладаг. Азарга уралддаг 11-ний өглөө аав хөдөө байсан л даа. Дүү нартай хамжиж байгаад ганц нэг адуу уячихсан байсан юм. Азарганы уралдааныг
зурагтаар үзчихээд бурхныхаа өмнө суугаад уйлаад л байсан гэсэн. Их л сэтгэл нь хөдөлсөнийх байх даа. Би аавыгаа тэр бүр нулимс унагаж байхыг хараагүй. Наваанмөр гуай лам хүн байсан, Пад гуай ч сүрхий ном хартай хүн байсан гэлцдэг. Аав маань тэр хүний дэргэд хар багаа?аа байж дээр нь нутагтаа байдаг Бамбар-Эрдэнийн хийдэд шавилж байсан болохоор их шүтлэгтэй. Бас ойр зуурын номоо өөрөө уншчихдаг юм.
-Азарга цоллоход төв цэнгэлдэхэд бай?ан байхаа?
-Тэгсээн. Машин явуулаад авахуулсан юм. Настай хүн баярлаад үг ч хэлж чадахаа больчихсон байсан. Гэхдээ нүд рүү нь харахад л ямар их баярлаж байгаа нь анзаарагдалгүй яахав. Улсын наадмын түрүү гэдгээсээ илүүтэй тэр хүнд бол удам дамжин амжилт гаргалаа гэдэг нь их чухал байсан байх л даа.
-Сүмбэн зээрд ямар учрал тохиолоор Цогтсайханых болсон юм бэ? 
-Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Ганбаатар гэдэг хүний унаган адуу юм билээ. Сүмбэн зээрдийн эцэг халзан азарга Сэргэлэн сумын 80 жилийн ойгоор түрүүлж байсан юм. Ганбаатараас Монхорын Баяр гэдэг хүн  авч манай уяан дээр уяулдаг байсан. Соёолон үрээ байхдаа шүү дээ. Тэгэхэд манай дүү Цогтсайхан уяач Буянтогтох хоёр маань үзчихээд “зүгээр адуу болох юм байна” гээд санал болгосон юм. Би ч өөрөө шохоорхож байсан л даа. Тэгээд нөгөө хэдтэйгээ зөвшилцөж байгаад авсан. Нарийндаа бол бэлгэнд шахуу ирсэн адуу даа. Над дээр ирээд удаагүй байхдаа Шийр хайрханы уралдаанд түрүүлсэн. Харин улсын наадмаар жаахан тамирдуу байсан болохоор давхиулаагүй юм.  Тэр  намар нь Үнээ хайрханы тахилгат уралдаж түрүүлсэн. Хавчигтаа улсын наадамд 40-өөд давхиж, дараа нь Завханы Тэлмэн суманд болсон бүсийн наадамд зургаалаад, өвөл нь Багануурын өвлийн уралдаанд аман хүзүүдсэн.
-Наадмын өмнөх сунгаануудад ямархуу байсан юм бэ?
-Улсын баяр наадмын өмнөх сунгаануудад айрагт л давхиж байсан. Тэгэхээр нь дунд сунгааны дараа Оюунбилэг уяачдаа “Зээрд азаргаа Төв аймгийн наадамд давхиулдаг юм уу?”  гэлээ. Тэгсэн Билгээ маань “өвгөөн би чамд сонин түүх яръя. Дамдин гуайн хүрэн азарга, буурал морь хоёр их хурдан сунгаануудад түрүүлээд байсан жил нь юм билээ л дээ. Баян сумын наадамд уралдуулах гээд явж байтал нутгийн нэг хашир өвгөн таараад “гайгүй байгаа үед нь гайгүй газар очиж уралдсан нь дээр дээ” гэж хэлсэн юм гэдэг. Тэр ёсоор нь улсад уралдуултал хоёулаа түрүүлсэн байдаг юм. Энэ жил Сүмбэнгийн амьсгаа их зөв байна шүү дээ” гэлээ. Тэгээд улсад уралдахаар болсон доо.
Уралдааныг нь эхлээд ч овоо л үзэж байлаа. Сүүлдээ бариа дөхөхөөр харж чадахаа больчихдог юм билээ.
-Их хурдад хэр найдлага тавьж байсан бэ?
-Уяачтайгаа зөвлөж байгаад уралдчих тамир байх шиг байна гэхээр нь мордуулсан. Улсад түрүүлчихсэн болохоор юм бодогдолгүй яахав. Гэхдээ сайхан уралдчихъя л гэсэн нь давуу байсан байх. 
-Сүмбэн гэж ямар учиртай нэр юм бэ?
-Манай уяаны унаач хүүхдүүд л ингээд нэрлэчихсэн байсан юм. Сүмбэ гэж минийхээр юмыг түрж орж ирнэ гэсэн утгатай үг шиг санагддаг. Тэгээд ч хүүхдийн өгсөн нэрийг солиод яахав гэж бодсон. Ер нь хүүхдүүд айхтар оноод хэлчихдэг юм шиг санагддаг шүү.
-Өнгөрсөн жил Цогтсайхан уяачийн хувьд үнэхээр одтой хийморьтой байсан. Улсын наадмын түрүү, Их хурдын айраг Сүмбэн зээрдээс гадна бүсийн наадмаас мөн хишиг хүртсэн байхаа? Тэгсээн өнгөрсөн жил миний хувьд үнэхээр олз омогтой байсан. Их хурдын дараа манай галынхан Хэнтий  болон Эрдэнэт рүү хоёр хуваагдан явсан. Хэнтийд миний хүрэн хязаалан айргийн тавд хурдалж, би нэг түрүү, хоёр айргийн эзэн болсон.
-Их хурдын айраг, улсын наадмын түрүү Сүмбэн зээрд азарга чансааны хувьд хоёрт бичигдсэн нь ямар учиртай юм бэ?
-Уг нь бол Сүмбэн зээрд, Тайж халтар хоёр онооны хувьд яг тэнцсэн. Гэхдээ ММСУХ-ныхон гурван жилд нэг удаа гэдэг утгаар нь “Их хурд”-аа нэгдүгээрт тавьсан юм билээ. Тэгээд л Тайж халтар түрүүнд, Сүмбэн зээрд аман хүзүүнд бичигдсэн дээ. 

Нутгийнхаа цуут хүлгийн суу алдрыг мөнхжүүлэх юмсан гэж хичээдэг
-“Баатрууд тэнгэр” компанийн захирлаар овоглодог өөр ямар хурдан хүлгэд байдаг вэ?
-2008 оны Заамарын бүсийн уралдаанд  миний хул соёолон дөрөвт давхиж айрагдсан. Тэр үрээ маань Дорнод аймгийн Дашбалбар сумын “Иван” хэмээх Батчулууны унаган адуу. Багадаа сум орон нутгийнхаа наадамд түрүүлж, айрагдаж байсан юм билээ. Би хязааланд нь авсан. Өнгөрсөн жил Хэнтийн бүсийн наадамд  тавласан хүрэн үрээгээ унага байхад нь эхтэй нь Дорнод аймгийн Гурванзагал сумын харъяат Батбаяр гэдэг хүнээс авч байсан юм. Даагандаа ойр зуурын жижиг  наадмуудад хоёр ч айрагдаж, Заамарын бүсийн уралдаанд 14-т, Алтан-Овооны наадамд 15-т давхисан. Харин шүдлэндээ улсын наадамд 14-т, Завханы даншигт зургаад давхисан.
-Нэлээд хэдэн удаа хоншоороороо таслуулж байжээ дээ?
-Тийм шүү. “Их хурд-4”-т миний саарал азарга мөн зургаалж байсан юм. Хөвсгөлд болсон “Хотгойдын хурд”-д мөн тэр саарал азарга маань зургаалсан. Үндсэндээ бол Хөвсгөлд зургаалаад, Их хурдад очоод бас зургаалчихаж байгаа юм.
-Нэг биш нэлээд хэдэн удаа болохоор хэцүү биз?
-Эвгүй л дээ. Гэхдээ яахав дээ.Миний ээлж ирэх байлгүй дээ гээд л тайтгарна шүү дээ.
-Хувь заяагаа даатгадаг лам багштай биз дээ?
-Өөрт таарсан шүтлэгтэй. Тухайн үед ном хар уншуулж л байсан. /инээв/
-Сайхан дурсамж сэдрээхэд ямагт сэтгэлд өег байдаг. Хамгийн их сэтгэл догдлуулсан наадмаа дурсаач?
-Анх удаагаа өөрийн нэртэй морь айрагдуулсан 2004 оны өвөл Лүн суманд болсон уралдаан л юм даа. Үнэхээр сайхан санагддаг. Тэр уралдаанд миний саарал морь түрүүлж, цавьдар азарга маань аман хүзүүдэж байсан юм.
-Аав тань адуугаа сайжруулах гэж байгаа бол азарга гэхээсээ илүү гүүнд анхаарах хэрэгтэй гэж байсан. Та ямар зарчим баримталсан бэ?
-За аль алийг нь л авсан даа. Сүхбаатар, Хэнтий, Дорнодын хурдан хурц гэсэн адуунаас  нэлээд авсан. Одоогоор 100-гаад тооны адуутай.
-Хэдэн оноос адуу сонирхож цуглуулах болсон юм бэ?
-Оюунбилэг бид хоёр нэг нутгийн хоёр. Хар багаасаа хамт  тоглож өссөн. Билгээ маань намайг моринд орох болов уу гэж бодоод л явдаг байсан юм билээ. Тэгсэн би нэг өдөр залгаад “өвгөн чинь морь сонирхмоор байна”  гэдгээ хэлсэн. Тэр нь 2004 оны намар шүү дээ. Тэгээд Агт-Эрдэнэ галынхаа анхны гишүүдийн нэг болсон доо. Гал уяа хамт олноос гадна ар гэрийнхэн маань намайг ихээхэн дэмжиж түүний хүчээр би өнөөдрийн амжилтанд хүрсэн. 
-Зууны манлай хүлэг Шийтэрийн зээрдийг дуунд мөнхөлж, нэрэмжит уралдааныг нь санаачлан зохион байгуулдаг гээд нутгийнхаа хурдыг алдаршуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж буй?
-Миний нутаг хурдан хүлэг, эрдэм  төгс уяачдаараа хэзээнээсээ зартай. 20-р зууны манлай хүлэг
Шийтэрийн зээрд миний нутгийн хурдан буян. Тэр утгаараа үр хойчдоо тэрхүү цуут хүлгийн суу алдрын талаар хүргэх юмсан гэж хичээдэг. 2005 онд байхаа Оюунбилэг бид хоёр Сүхбаатар аймаг орж адуу сонирхонгоо Шилийн богд гарч хийморио сэргээхээр явсан юм. Тэгж явахдаа яруу найрагч Амартайвантай танилцаж “улсад дөрөв түрүүлж, гурав  аман хүзүүдсэн алдарт зээрд азарга чинь манай нутгийнх шүү дээ. Морь малтай ойрхон байдаг хүн байна, чамаас сайхан шүлэг төрөх байх” гэсэн юм. Алтан-Овооноос Сүхбаатар ороход 200 гаруй км л байх. Замдаа Амартайван манай нутгийн талаар яриулаад, ганц нэг уул усны нэр асуугаад л явсан юм. Тэгсэн маргааш өглөө нь “нөгөөх шүлэг чинь бэлэн болсон шүү” гэж байна. Ингэж л Шийтэрийн зээрд азарганы тухай “Засаг төрийн зандан ширээ” хэмээх сайхан шүлэг төрсөн дөө. Түүнээс хойш сарын дараа байхаа, Амартайван хотод ирээд хөгжмийн зохиолч Энхтайванаар ая хийлгэж, түүнийг нь ДБЭТ-ын дуучин Наранхүү дуулсан.
Харин уралдааных нь тухайд бол тэрний дараа хавар нь байхаа. Баян сумынхаа нутгийн зөвлөл, ЗДТГ ярилцаад саналаа хэлтэл үнэхээр сайхан хүлээж авсан. Тэр үед манай Засаг дарга Чулуунбат  гэж хүн байсан. Хөндлөн хэмээх Дугарсүрэнгийн ач хүү шүү дээ. Өөрөө адуунд дуртай болохоор их сайхан хүлээн авч, нутаг усныхан найз нөхөдтэйгээ нийлээд  Шийтэрийн зээрд азарганы нэрэмжит уралдааныг анх удаа зохион байгуулсан. Дөрвөн жилд нэг удаа хийх энэ наадмын хоёр дахийг нь өнгөрсөн жил галынхаа мялаалга наадамтай хамтатган хийсэн. Түүнээс гадна зээрд азарганы жижиг баримлыг Энхтөр барималчаар хийлгэж, гэртээ залсан. Хүмүүс үнэхээр сайхан болжээ л гэдэг юм.
-Падын хүрэн азарганы хөшөөг мөн хийлгэсэн байхаа?
-Өнгөрсөн жил улсын наадмын дараа нутаг усныхан, ах дүү болон Мэндсайхантай хамтран Падын алдарт хүрэн азарганы хөшөөг Үнээ уулынхаа өвөрт босгосон. 
-Хурдан морины хишгийг аль болох олонтойгоо хуваана тэр хэрээр буян нь арвиждаг гэсэн бодолтой хүмүүсийн нэг нь та бололтой. Мялаалга наадам дээрээ унаач хүүхдээ 2 сая төгрөгөөр урамшуулсаныг санаж байна л даа?
-Унаач, уяачийн хөдөлмөрийг сайн үнэлэх ёстой. Ер нь олсноо олонтойгоо хувааж байвал хоол нь болохдоо ч илүү ш дээ. Шингэц сайтай.
 -Ингэхэд “Баатрууд тэнгэр” компани маань ямар чиглээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Хүнсний худалдаа болон гурилын үйлдвэртэй.  Морь мал гээд явсан хойгуур гэр бүлийн маань хүн бүхнийг зохицуулж байдаг.
Ярилцсанд баярлалаа 
                                                           "Тод магнай" сэтгүүл 2011 оны 2 сар дугаар № 13

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна