Аймгийн Алдарт уяач Ш.Адьшаа: Сайхан энергитэй хүний бодож сэдсэн ажил бүхэн бүтдэг

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 14 -нд

-Тоосонд нь орж хийморио сэргээдэг хурдан соёолонгийн түрүү магнайд таны адуу хурдаллаа. Наадмын сонин сайхан үргэлжилсэн энэ өдрүүдэд баярын сэтгэгдэл ч хуучраагүй байгаа бизээ? 
-Хүй мандлын дэнж дээр Монгол төрийн наадам сайхан болж өндөрлөлөө. Нүүдэлчин өвөг дээдсийн үр сад бид эрийн гурван наадмаар хавтай нааддаг улс. Энэ бол тусгаар тогтнол, эв нэгдлийн баяр. Энэ бол Монголоороо бахархах уламжлалын баяр гэж би ойлгодог. Энд хурдан морины уралдаанд миний соёолон түрүү магнайд хурдлан, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баярлууллаа. Сэтгэл өөдрөг байна. Ярилцлагынхаа эхэнд нийт монголчууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Түрүүлсэн соёолонгийн хиймор шиг, бас эрч хүч шиг зон олон маань хүчтэй, элбэг баян байхын ерөөлийг дэвшүүлье.
-Монгол наадам бол тусгаар тогтнолын баталгаа юм гэж Даваахүү Тод манлай хэлсэн нь бий. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Тэгэлгүй яахав энэ бол эв нэгдлийн баяр. Монгол улс оршин тогтнохын баяр. Тусгаар улс гэдгээ ард түмэндээ харуулахаас гадна, хүн төрөлхтний өмнө хүлээн зөвшөөрүүлсэн соёл иргэншил юм. Өнөөдөр Монгол үндэстэний онцлогийг эндээс харж болно. Европт зул сар, улаан өндөгний болон тусгаар тогтнолын баяр, бүгд найрамдах улс тунхагласны баяр гээд өчнөөн тэмдэглэлт өдрүүд байна. Тэгвэл дэлхий ертөнц даяаршиж байгаа энэ үед бид эрийн гурван наадмаараа ялгарч, ондоошиж  байгаа юм. Нөгөө талаар жилийн дөрвөн улиралтай бид зуны дэлгэр цагтаа дэнж хотойтол нааддаг билээ. Ах дүү, гэр бүл, нутаг усаараа морио уралдуулж, сураа харваж, бөхөө барилдуулдаг. Энэ утгаараа эв нэгдлийн баяр болж байгаа юм. Түүнчлэн үүх түүх, соёлоороо гоёдог баяр. Наадмын энэ өдрүүдэд үндэснийхээ дээл хувцсаар гангарсан наадамчдыг олноор нь харж болно.
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Хонгор соёолон Адьшаа уяачийнх болсон түүхээр ярилцлагаа үргэлжлүүлье?
-Хонгор соёолонгийн уяа сойлгыг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан тааруулдагийг та бүхэн мэднэ. Манлай дааганд нь Сүхбаатар аймгаас надад авчирч өгч байсан. Таны хэлсэнчлэн энэ бол яах аргагүй л миний хайж явсан хүлэг байлаа. Тэр цагаас хойш улс бүсэд олонтаа айраг түрүүнд хурдаллаа. Даагандаа Өвөрхангай аймгийн наадамд түрүүлж, Говь-Алтай аймгийн 70 жил баруун бүсийн даншигт дөрөвлөсөн. Харин шүдлэндээ улсад түрүүлж, хязааландаа Баян-Өлгий аймгийн 70 жил баруун бүсийн даншиг наадмын түрүүг авсан. Мөн Ховдын 80 жилд аман хүзүүдсэн. Харин соёолондоо төрийн их баяр наадмын түрүү магнай боллоо. Үүнээс гадна Өвөрхангай аймгийн наадамд хоёр жил  түрүүлж байсан юм. Ийнхүү өнөө цагт дийлж уралдаж буй Сүхбаатар адуугаар одтой наадаж байгаадаа баяртай явдаг.
-Хонгор үрээ Аварга хээрийн эзэн Агваан багшаар дамжсан адуу гэдэг байхаа?
-Тийм ээ, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Агваан багшийн адуу. Хүмүүс янз бүрээр л ярьдаг юм билээ. Гэхдээ би энэ талаар сайн мэдэхгүй юм байна.
-Энэ жилийн соёолонгийн түрүүг авна гэдэгтэй итгэлтэй байв уу?
-Наадмын өмнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд долоодугаар сарын 1-нд хийсэн сунгаанд хол тасархай түрүүлсэн. Уяач маань хашир туршлагатай хүн болохоор улсад орох адуугаа л авч явна гээд ганцхан хонгор соёолонтойгоо наадмын урьд өдөр ирсэн юм. Бусад морьд маань Өвөрхангайн наадамдаа мордож, гурав дөрвөн айраг түрүү авсан. Мэдээж хурдан морины уяа сойлго тааруулж байгаа уяач бүхэн л айраг түрүү хүртэхийг хүсдэг. Тэр утгаараа сайн бүхнийг бэлгэшээлт үгсээр хэлэлцдэг шүү дээ. Түүний нэг адилаар би соёолонгоо түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан. Отгоннасан Манлайн уйгагүй хөдөлмөрийг хараад хичээл зүтгэл, авьяас билэгт нь бас итгэж байсан. Тэгээд наадмын урьд орой сэтгүүлчидтэй ярилцаж байхдаа “маргааш миний морь түрүүлнэ. Та нар яаж зарлахаа мэдээрэй” гэж хэлсэн. Яг л хэлсэн ёсоор түрүүлсэн дээ.
-Хайрхандулааны наадамд мордуулсан байв уу?
-Хайрхандулааны наадамд уралдаад түрүүлсэн. Өвөрхангай бол Монголын хурдыг тодорхойлж байгаа том төвийн нэг. Тэр утгаараа хурдан морьдын уралдаан чансаа өндөр болдог юм. Ер нь Монголын хурдыг тодорхойлдог хуруу дарам цөөхөн газар байна. Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг, Өвөрхангай гэсэн энэ гурван цэг дээр Монголын хурдыг тодорхойлж байна гэж би ойлгодог. 
-Түрүүлнэ гэж итгэж байсан гэхээр цоллогооны гоёлоо эртнээс базаачихсан байжээ?
-Монголчууд бид наадмын өглөө шинэ дээлээ өмсөөд, дэлийг нь зассан, гоёмсог эмээл хазаартай морьдоо зүс ижилсүүлсэн нааддаг улс шүү дээ. Тэр утгаараа жил бүрийн наадмаар шинэ дээл хийлгэж өмсөхийг боддог. Энэ жилийн хувьд цагаан дээлээ Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагваа эгчээрээ оёулсан. Тэрнээс түрүүлсэн мориндоо зориулж хийгээгүй. Харин малгайны хувьд Ховдын нэг ястны малгай байгаа юм. Манай Ховд аймаг олон ястны өлгий нутаг шүү дээ. Би бол урианхай хүн учраас хэдэн зууны турш өмсөж ирсэн эцэг өвгөдийнхөө малгайгаар гоёсон нь энэ.
-Хонгор үрээгээ мордуулчихаад юу гэж залбирсан болоо?
-Би өөрийгөө сүсэг бишрэлтэй хүн гэхгүй.  Би сэтгэлдээ хиргүй байж гэрэл гэгээтэй бүхнийг л бодохыг хичээдэг. Энэ бол сүсэг бишрэл биш. Мэдээж морио мордуулсан хүн түрүүлээсэй л гэж бодно шүү дээ. Гэхдээ үүний тулд хүүхэд морь эрүүл саруул, хүч чадалтай байж, замд нь элдэв саад тотгор тохиолдох учиргүй. Үүний төлөө л  залбирч суулаа. Харин түрүүлээд ороод ирэхэд нь үнэхээр их баярласан. Нас өндөр аав маань зурагтаар үзээд жигтэйхэн их баярласан байна лээ. Аав минь 80 гарсан хөгшин Мөнххайрханы сүрлэг уулсын дунд далайн түвшнээс дээш 3000 метрт аж төрөн сууж байна.
-Одоогоор хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Улс бүсийн наадмаас таван түрүү, нэг айрагтай болоод байгаа. Харин аймгийн баяр наадмаас гэвэл гурав дөрвөн түрүү, хоёр гурван айраг бий.  Гэхдээ би чинь мориныхон дундаа “шинэ хүн” гэж болно. 2009 оноос морь уралдуулах болсноос хойш дөрвөн жил л өнгөрч байна.
-Таван түрүүний гурав нь хонгор соёолонгийн амжилт байх нь ээ? Нөгөө хоёрыг ямар адуугаараа хүртэж байв?
-Тийм ээ. Хэнтий аймгийн Дархан сумын уяач Амгаа гэж залуугаас хонгор морь авч, Баян-Өлгий аймгийн 70 жил, баруун бүсийн даншиг, Өвөрхангайн  наадамд тус тус түрүүлгэсэн. Мөн Дундговь аймгийн Дэлгэрэх сумын Ууганаа гэдэг залуугаас манай Отгоннасан нэг хээр азарган соёолон худалдаж авсан юм. Тэр соёолон 2010 онд Говь-Алтай аймгийн 70 жил, баруун бүсийн даншиг наадмын түрүү магнай болж Өвөрхангайд ч орж байлаа. Нэг үгээр хэлбэл гурван адуугаар таван түрүү нэг айраг авчихаад байгаа хүн дээ, би. Хоёр нь хонгор, нэг нь хээр зүсмийн адуу байгаа.
-Гурван л адууны амжилт гэлээ. Та олон адуутай юу?
-Яахав ээ ганц нэг адуу бий. Гэхдээ тоог нь хэлээд яахав. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Тэрнээс минийх гэж туйлширдаггүй ээ. Бүх л хүний морь сайн давхиасай гэж залбирдаг. Гэхдээ өөрийн адууны цусыг сэлбэж, шинэ үүлдэр угсаа гаргах тухай бодож байгаагүй ээ. Би эрлийз адууг эсэргүүцдэг хүн л дээ. Түүхийн  аль ч цаг үеэс монгол адууны дахин давтагдашгүй хүч тамирыг бахдан харж болно. Монгол морьтойгоо дэлхийн дайдыг өвөг дээдэс маань эзэлж явлаа.  Минийхээр араб, англи адуугаар цус солих нь үр дүнтэй ажил гэж хэлэхгүй. Энэ бол бизнесийн нэг арга гэж би ойлгодог.

-Хонгор соёолонг шүдлэндээ түрүүлэхэд тантай уулзаж байлаа. Тэр үед дахиад морь уяхгүй хэмээн ам гарсан санагдах юм?
-Тэр үед би тэгж бодсон юм. Тэгсэн миний 85 настай аав “хэн хүссэн нь төрийн наадамд морь түрүүлгэдэггүй юм. Энэ бол ховор тохиох хувь зохиол. Миний амьдад чи тийм юм битгий яриарай” гэж загнах зэмлэхийн хажуугаар хэлсэн юм. Хүнд эцэг эхийн үг шиг үнэтэй зүйл хаа байх билээ. Амьдралынхаа ихэнх цаг мөчийг малын захад өнгөрөөж, өнөөдрийн бидний сайн сайхан амьдралыг бүтээсэн буянтай буурлын үгнээс сөргөх зүрх надад байхгүй шүү дээ.
-Яагаад морь уяхаа больё гэж бодсон юм бэ?
-2008 онд улсын наадамд аймгийнхаа нэрийг гаргана гэж ам гарсан байлаа. Гэвч тэр бол миний мөн чанар биш байсан. Хүнээр морио уяулчихаад миний амжилт гэж ярих надад сайхан санагдаагүй. Нөгөө талаар  хэлсэндээ хүрч төрийнхөө наадмын түрүүг авч нутаг орныхоо нэрийг гаргачихсан болохоор одоо боллоо л гэж бодсон юм.
-Тэгээд л Асашёорюү аваргад бэлэглэсэн байх нь ээ?
-Тэр үед би “аваарай” л гэж хэлсэн. Гэхдээ ирж аваагүй. Ердөө ийм л юм болсон. Тэрнээс бидний хооронд худалдаа наймаа хийж, өгөлцөж авалцсан юм байхгүй.
-Хоёр дахиа цэнгэлдэхэд цоллуулж зогсохдоо Адьшаа уяач юу бодож байсан болоо?
-Би бол малчин ардын хүүхэд. Түүхийн аль ч цаг үед монголын ард түмний хувь заяаг малчид дааж явсан гэж хэлэхэд  хилсдэхгүй болов уу. Тиймдээ нас дээр гарсан аавыгаа, төрж өссөн Мөнххайрхан уулсаа бодож, сэтгэлдээ залбирч зогслоо. Мөн тунгалаг сайхан Буянт гол минь бодогдлоо. Нутгийн зон олон минь бодогдлоо.
-2008 онд ам гарсан гэлээ. Магадгүй тэр моринд орохын эхлэл байсан бололтой?
-2008 онд Ховд аймагт баруун бүсийн даншиг наадам болсон юм. Тэр даншигт манай нутгийнхан амжилт гаргаж чадаагүй  л дээ. Тэр үед Отгоннасан дүү маань Ховдод ирж наадсан. Гэвч харамсалтай нь сэтгэл гонсойлгосон нэг зүйл болсон. Соёолонгийн уралдаанд Отгоннасангийн соёолон түрүүлж, төрийн сайд байсан нэг хүний соёолон аман хүзүүддэг юм байна. Сайдын нэрийг энд хэлээд яахав. Тэгээд цоллуулах болоход өнөө сайдын морь түрүүлсэн болчихдог байгаа. Шударга бус энэ наадмыг хараад тухайн үеийн аймгийн удирдлагууд, баяр наадмын комиссынхонд “энэ бол Ховд аймгийн наадам биш. Засгийн газрын тогтоолтой бүсийн наадам. Малчин хүний морь яагаад түрүүлж болдоггүй юм” гэж хэл ам болж л байлаа. Гэхдээ Отгоннасан бараг бүх наснаас айраг түрүү авсан нь гайхалтай санагдаж байлаа. Үүнээс үүдээд яагаад Ховдын морь муу давхиж байна вэ. Энд би ямар хувь нэмрийг оруулж болох уу, уяачдынхаа урам зоригийг сэргээе гэж бодоод морь уяхаар шийдсэн. Тэгээд Сүхбаатар аймагт түрүүлсэн морь худалдаж авч байлаа.
-Тэгээд яаж давхисан бэ?
-Айхтар сайн давхиагүй л дээ. Ховд аймгийн 80 жилээр аман хүзүүдсэн.
-Тэр үед Манлайтай танилцаж байв уу?
-Түүнээс өмнө таньдаг байсан л даа. Би ер нь Өвөрхангайнхантай ойр дотно байдаг юм. Отгоннасанг өөрийн  нутагтаа очиж наадах урилгыг би өгч байлаа. Сая хэлсэн дээ. Бараг бүх наснаас айраг түрүү авсан гэж. Дааганы айргийн таваас эхний дөрөв нь түүний уясан даага байсан гээд бод доо.
-Адуу малтай хэр ойр өссөн бэ? Та эцэг эхээс  олуулаа юу?
-Бид эцэг эхээс дөрвүүлээ. Миний бага нас хөдөөгийн бор жаалуудын адил малын бэлчээр дээр өнгөрсөн болохоор багын л моринд дуртай нэгэн явлаа. Дараа нь дунд сургуулийн гурван сарын амралтыг хөдөө мал дээр өнгөрөөдөг байлаа. 18,19 хүртлээ хөдөө байлаа шүү дээ. Хожмоо оюутан болж, сургууль соёлоо төгсөөд суурин амьдралаар амьдрах болсон. Гэхдээ жил бүр төрсөн нутагтаа очиж, уулсынхаа сүр хүчинд залбирч, уул овоогоо тахичихаад ирдэг. Төрсөн нутагтаа очоод, өссөн бууцан дээрээ нэг хөлбөрчихөөд ирэхэд тэр жилийн барцад арилдаг гэж монголчууд ярьдаг биз дээ. Тэр жишгээр л явна даа.
-Нутаг орноо гэсэн сэтгэлийнхээ дуудлагаар Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаа байгуулж байв уу?
-Тийм ээ. Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүнээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Дэлхий ертөнц даяарчлагдаж буй энэ цагт бид үндэсний өв соёлоо хамгаалж, монголоороо бахархах үзлийг дэлгэрүүлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс сангаа байгуулж байлаа. Энэ хугацаанд бид сангаараа дамжуулан нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар олон ажлыг хийсэн байна. Баруун монголчуудын зан заншил, өв уламжлалыг сурталчлах үүднээс баруун Монголын бурхан шашинтны төв Ганданпунцагчойлон хийдийг барьж байгуулан нутгийн олондоо бэлэглэлээ. Энэ нь соёл уламжлалаараа бахархах, түүнийгээ гадаад, дотоодын олон түмэнд сурталчлах зорилготой Мөн сангийн шугамаар ард түмэндээ оюуны хөрөнгө оруулалт хийж хэд хэдэн номыг хэвлүүллээ гээд олон зүйлийг ярьж болно.
-Баруун монголын бурхан шашинтны төвийг барихад хэр их хугацаа орсон бэ?
-Энэ бол маш оон хүмүүсийн хүч хөдөлмөр, сэтгэлээр бүтсэн ажил. Бараг хоёр тэрбум төгрөгийн хандиваар боссон юм. Энд шашны зан үйлээс гадна аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголын аль ч хийдэд байхгүй, цутгамал метр 40-ийн өргөнтэй, хоёр метр 10-ын өндөртэй 10 гаруй бурхан сахиус энд бий. Үүнийг бид нар Жагарт захиалж хийлгэсэн юм. Сэнтий дээр залагдсан 108 суваргыг анх удаа металь  хийцээр төмрөөр хийсэн. Товчхондоо энэ бол чанарын хувьд ч, соёлын талаасаа ч гэсэн мундаг бүтээл болсон гэж би хэлнэ. Энд мөн гучаад ламын амьдардаг орон сууц бас байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Нийт уяачдын маань уясан болгон айраг түрүүнд хурдалж байх болтугай.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна