"Хурдан" малгайтай уяач

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 19 -нд

Хурдан морины олимп “Их хурд 5” уралдааны түрүү морь Дөлгөөн хонгорын эзэн, Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баасанбазарыг морины хорхойтнууд андахгүй. Хурдан морь сонирхох болсоор арав гаруй жилийн нүүрийг үзэж буй тэрээр анх Манлай уяач агсан Оюунбилэгтэй танилцаж, улмаар дотно нөхөрлөх болж, "хүүхэд үлгэр яриулсаар унтчихдаг шиг морь яриулсаар моринд орчихсон" хэмээдэг юм. Түүнээс нэг их удалгүй Говьсүмбэр аймгийн харьяат, МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэндэжидийн унаган адуу Сувдан зээрд азаргыг “Хотгойдын хурд”-д аман хүзүүдүүлсэнээр томоохон наадмын өм нээгдэж байжээ. Түүнээс хойш АХ-ын 88 жилийн хурдан морины уралдааны азарганы айргийн дөрвийн “эзэн” Сувдан зээрд, “Их хурд 5”-ын түрүү Дөлгөөн хонгор, “Эрдэнэт хурд 2010” төвийн бүсийн уралдааны айргийн гурав Тогоруу саарал гээд түүний нэртэй хурдан хүлгүүд олонтаа айраг түрүүнд хурдлан уяач хүний баяр жаргалыг мэдрүүлсэн юм. Энд сонирхуулахад эдгээр хурдан хүлгүүдийн нэр бүгд утга учиртай. Жишээ нь Сувдан зээрдийн тухайд Цэрэндэжид гуайн ач охин Сувдаа нэртэй бөгөөд хурдан хүлгээ Баасанбазарт өгөхдөө нэрийг нь солихгүй байхыг хүссэн гэдэг. Харин Дөлгөөн хонгорыг бэлэглэсэн Батжаргал найзынх хүүхдийн нэр Дөлгөөн аж. Энэ тухайгаа тэрээр “хүүхэд бол хиргүй тунгалаг сэтгэлтэй улс. Тэр утгаараа хүүхдийн нэртэй адуу сайн давхидаг” юм хэмээн ихэд бэлгэшээдэг. Бэлгэшээлт бүхнийг сэтгэлдээ дээдэлдэг өвгөдийнхөө сургаалийг нандигнан, аливаа сайн сайхан бүхэнд сэтгэлээ даатгадаг хэмээн ярих Алдарт зураг дээрх малгайгаа томоохон уралдааны “ид халуун” үед тайлах тун ч дургүй бөгөөд “хурдан малгай” хэмээн ихэд бэлгэшээдэг юм гэнэ лээ.

А.Дөл  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна