МУ-ын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд: Тод манлай уяач цол хүртэхэд Асгат саарал маань амжилт их нөлөөлсөн

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд

 -Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэд болсон танд болон танай гэр бүлийнхэнд сэтгүүлийнхээ нийт уншигчдын өмнөөс баяр хүргэе. 

 -Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд цагаагчин туулай жилийн баярын мэндийг дэвшүүлж уясан морьд нь хурдан байж, урам зоригтой сайхан наадахыг хүсье. Сар шинийн босгон дээр төрийнхөө тэргүүнээс энэ хүндтэй цолыг гардан авсандаа маш их баяртай байгаа. Энэ цолбол нэг гал уяаны хамт олон, туслах уяачид, унаач хүүхдүүд , ар гэрийнхэн, найз нөхөд, “Макс” группийн хамт олон гээд дүү бид хоёрыг тойрон хүрээлж буй бүх хүмүүсийн  хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг зориуд хэлмээр байна.
 -Даруухан тайлбар байна. Гэсэн хэдий чанхны  Манлай болон Тод манлай ах дүүсээр тодорсондоо омгорхож явдаг биз дээ? Тэр тусмаа арав гаруйхан жилийн дотор хоёул хоёулаа дээд цолонд хүрнэ гэдэг тэр болгон тохиогоод байх завшаан биш байх шүү?
 -Мэдээж бахтай сайхан байлгүй яахав. Дүү бид хоёр Монголын анхны ах дүү Манлай уяачид болж, баяраа түмэн олонтойгоо хуваалцаж байсан. Энэ удаа мөн л анхны Тод манлай ах дүүсээр тодорлоо. Хүн хийж буй зүйлдээ амжилт гаргаж, түүнийгээ үнэлүүлэхээс илүү бахдал гэж юу байхав. Энэ сайхан ид хавыг эдлэж, сэтгэлийн цэнгэл амсаж буй нь дүү бид хоёрт халхын сайхан хурдан буянгууд харамгүй заяасных. Сүүлийн жилүүдэд бол бид хоёр өөрсдийн унаган адуугаар наадаж байгаа л даа.
-Ингэхэд Тод манлай маань өнгөрсөн 10 жилийн хугацаанд хичнээн айраг түрүү хүртсэн бэ?
- 10 түрүү, 14 айрагтай. Эдгээрийн таван нь дан ганц Асгат сааралынх. Асгат саарал маань анх 2002 онд битүү хязаалан ирж улсын наадамд аман хүзүүдэн өм нээгдэж байлаа. Тэгээд 2003 онд төрсөн суманд нь мялаалга наадам хийхэд “манай сумаас анх удаа том наадамд нутгийн нэр гаргалаа” хэмээн хөгшид нь баяр хүргэж байсан юм. Тэр цагаас хойш Асгат болон үр төлүүд олон сайхан амжилтыг авчирсан.
-Эзнээ алдар, амжилтанд хүргэсэн Асгат саарлын талаар жаахан дэлгэрэнгүй ярилцъя л даа. Саарал азарганы эзэн болж байсан түүх уншигчдад сонин байна байх ? 
 -Манай группийн охин компаниудын нэг “Евро мебель” тавилгын дэлгүүр тухайн үед  хүүхдийн ордон дээр байрладаг байсан юм л даа. Тэндхийн нярав нь  Асгат сумын нутгийн зөвлөлийн дарга Гомбосүрэн гэж хүн байдаг. Тэгсэн нэг орой залгаад “Сүхбаатараас Баяраа гэдэг залуу ирчихсэн байна, танилцахгүй юм уу” гэж байна. Яваад очлоо, сайхан танилцлаа. Тэгээд адууны наймаа ярьсан чинь хаврын уралдаанд түрүүлсэн саарал азарга, сумынхаа наадамд түрүүлсэн нэг шүдлэнг санал болгож байна. Үнэхээр сайхан хурдан буянгуудаа санал болгосон л доо. Бидний энэ яриа 6 сарын дундуур өрнөсөн болохоор саарал азаргыг сонгож ханшийг асуутал сая төгрөг гэсэн. Тэгээд л шууд авахаар болсон доо. 
-Харалгүй сургаар наймаа хийчихэжээ дээ?
-Тэгсэн. Бидний яриаг сонсож суусан Гомбосүрэн  “Харалгүй наймаа хийчихэж болдог юм уу” гээд гайхаж байхав. Тэгээд азаргаа авчруулахаар хүн явуулчихаад догдлоод нойр хүрдэггүй ээ. Ямархуу юм байгаа бол гэж бодогдоод болдоггүй. Байж ядаад адуун дээрээ ирж хоёр хоноод байтал гурав дахь өдөр нь ирдэг юмаа. Асгатыг анх харахад жаахан нимгэн санагдсан. Гэхдээ аргагүй хурдан хүлэг гэдгээ баталж тэр жилийнхээ улсын наадамд хязааландаа аман хүзүүдсэн. Хүүхэд нь жаахан гараа алдаж эргээд хойноос нэхсээр байгаад тэр л дээ. Гараа сайн байсан бол  түрүүлэх л байсан.
-Тэр наадам Асгатын амжилтын эхлэл байсан байх. Түүнээс хойш  олон удаа тод магнай, торгон жолоогоо өргүүлсэн биз дээ? 
-Тийм ээ. Хязааландаа аман хүзүүдэж, 2003 онд соёолондоо улсад түрүүлээд давхар уяагаар Архангай аймгийн 80 жилийн ойд мөн түрүүлсэн. Түүний дараа жил морины их олимп “Их хурд-3” уралдаанд айрагдаж, 2005 оны улсын наадамд түрүүлсэн. Ер нь уралдсан болгондоо түрүүлчих гээд байдаг хурдан сайхан буян байгаа юм.
-Тэрхүү торгон агшинууд “Асгат саарал”-ын клипнээ мөнхөрсөн?
-Хувийн архиваа ашиглаж хийсэн клип л дээ. 2002 оны хязаалангийн уралдаан, Архангайн 80 жил, 2005 оны улсын баяр наадмын азарганы уралдааны бичлэгүүдээс түүвэрлэн оруулсан. Моринд хайртай хүмүүсийн аялах дуртай дууны нэг болсон байна лээ.
- “Асгат” гэдэг нэрийг нь та өгсөн үү? 
-Тэгсээн. Саарал азарганы эзэн Баяраа чинь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, улсын сайн малчин хүн. Би дээр ярьсан даа. Саарал азарга маань Асгат сумаас улсын наадамд айрагдсан анхны адуу байсан гэж би дээр хэлсэн дээ. Тэгээд л нутгийнх нь нэрээр нэрийдсэн хэрэг.
-Үр төлүүдээс нь эцгийн шийрийг хатаах хүлэг төрж байна уу?
- Асгат саарлын төл халтар азарга 2006  онд эзэн Чингис хааны мэндэлсний найман зуун жилийн ойн баяраар шүдлэндээ түрүүлж, Хэнтийн хөдөө аралд болсон уралдаанд айрагдсан. Сонирхуулахад хэлэхэд дүү бид хоёрын нийлсэн арав гаруй азарга улс бүс, их хурдад түрүүлж айрагдсан байдаг юм.

- Сэтгүүлийн маань хүндэт зочид хамгийн их сэтгэлд хоногшсон наадмынхаа дурсамжаас хуваалцдаг уламжлалтай?
-Сайхан дурсамж бүхий олон наадам байна даа. Тэднээс сэтгэлд хамгийн тод үлдсэн нь гэвэл 2004 оны уралдаануудыг хэлнэ. Улсын наадамд соёолон түрүүлгэж дараа нь Архангайн наадамд азарга, соёолон, шүдлэн гурав маань түрүүлж байлаа. Айраггүйгээр шууд дөрвөн түрүү гээд бод доо. Тэр болгон тохиогоод байхгүй аз шүү. Одоо дахин тэр амжилтаа эвдэж амжаагүй л байна.
-Түрүү бөөндсөн түүхт наадмууд ах дүү хоёрын хувьд ганц нэгээр хэмжигдэхгүй байх?
 -2006 оны “Тамирын хурд-2” бүсийн наадамд шүдлэн, соёолон, 2009 онд Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд даага, хязаалан, соёолон тус тус түрүүлгэж байлаа. Хурдан хүлгийнхээ бай шагналыг олонтойгоо хувааж, нутаг оронд нь үлдээх зарчмыг дүү бид хоёр баримталдаг. Тиймдээ ч Архангайн гурван түрүүний байнд ирсэн гурван УАЗ-469 машинаасаа нэгийг нь цагдаагийн хэлтэст нь өгсөн. Мөн Баянхонгорын даншгийн дараа орон нутгийн удирдлагатай нь ярилцаж байгаад амьдралын боломж муутай иргэдэд нь мөнгөн хишиг хүртээсэн.
- Макс угшлын тодотголтой бага насны адуу сүүлийн жилүүдэд ёс юм шиг айрагддаг болсон. Моринд хорхойтой ах дүүсийн зорилго аль ч утгаараа биелж байгаа юмаа даа?
 -Нэг үе хагас бүтэн сайн болохоор л “хаана удам сайтай гүү, уралдчихаар морьд байна” гээд эрэлд морддог байлаа. Өөрсдийн гэсэн угшил гаргаад авчих юмсан гэж аль л хурдтай гэсэн газар болгоноос адуу авсан даа. Тэрний маань үр дүн эхнээсээ гарч байнаа. Тойруулга болон  Жаргалантын морин зовадаас эхлээд Сүхбаатар, Төв аймгийн азарга гүү нэлээд бий. ОХУ-аас ч авчирсан.
 -Нэгэнт энэ сэдвээр ярилцсаных зарим нэг зүйлийг тодруулмаар байна. Та бүхэн адуундаа үржил селекци хийхдээ юуг голлон анхаардаг вэ? Өөрөөр хэлбэл “Макс”-ын   гэх бага адуу хурдан хурц байгаагийн нууц нь юу байна?
-Хэдий хурдан хурц байсан ч уяа чухал нь ойлгомжтой. Зүгээр сайн угшил гаргах тал дээр хамгийн гол нь азарга гүүний зохицлыг л сайн тооцох хэрэгтэй юм шиг санагддаг.
-Морин спорт өндөр хөгжсөн барууны орнуудын хурдан хүлгэдийн удам судар хэдэн зуун жилээр хэмжигддэг. Монгол адууны нэгэн шинэ үе эхэлж буй өнөө  үед  тэрхүү удам угшлын товчооныг одооноос албан ёсоор хөтөлж байх ёстой юм шиг санагддаг.
-Адууны шинэ угшил гаргаж авна гэдэг он удаан жилийн ажил л даа. Бид хоёрын хувьд сүүлийн үед адуугаа сорчилж шигших тал дээр нэлээд анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл удам угсаа нь мэдэгдэхгүй гүү, азаргыг үржилд оруулахаас татгалзаж, “Макс” угшлын адуунуудаа тамгажуулж байгаа. Манайх өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн саран дэвсгэртэй  тамгатай.Түүгээрээ адуунуудаа тамгалдаг. Түүнээс гадна охин унагануудаа тусгай номероор дугаарлан бүртгэлжүүлж байгаа.
-Өөрсдийн адуунаас нутаг орондоо нэлээд бэлэглэдэг дуулддаг. Амжилтынх нь талаар сураг ажиг тавьдаг уу?
  -Дүү бид хоёр өөрсдийн угшлын бага адуунаас нэлээдгүй бэлэглэсэн. Энд тэнд очсон адуунууд маань сайхан л давхисан дуулддаг юм. Хамгийн сүүлд гэхэд л манайхаас гарсан даага, шүдлэн хоёр Ховдын суварганы том уралдаанд хоёулаа түрүүлсэн байна лээ. Мөн Өвөрхангай аймагт болсон “Монгол шуудан” банкны сугалаат уралдаанд Асгат саарлын төл Бидэрт хул маань түрүүлсэн байна лээ. Тус банкнаас азтай харилцагчаа алтан унагаар шагнадаг байсан даа. Тэгэхдээ тэр хул үрээг азтандаа өгсөн юм.
 -Тун удахгүй “Макс” группийн нэрэмжит уламжлалт уралдаан болно. Жил ирэх бүр өтгөрсөөр байгаа соёолонгийн уралдаан өнгөрсөн жилээс шүдлэн, хязаалангаар өргөжсөн. Энэ жилийн уралдааны онцлог юу вэ?
 -Онцлогсоод байх юу вэ дээ. Манай компанийн нэрэмжит соёолонгийн уралдаан сүүлийн 6, 7 жил зохион байгуулагдаж байгаа. Ерөнхийдөө тогтчихсон. Энэ жилийн онцлог гэвэл шүдлэн, хязаалан уралдана гэдэг нь л юмуу даа. Хязаалангийн уралдааныг миний найз өнгөрсөн наадмын түрүү дааганы эзэн Шинэбаатар, харин шүдлэнгийн уралдааныг “Ану сервис”компанийн захирал Буяннэмэх нар даан зохион байгуулна. Уралдаан 3-р сарын 13 нд болно.
-Сүүлийн хэдэн жил яригдаж байгаа морин тойруулга энэ онд ашиглалтанд орох дуулдсан. Ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ?
-Гадна дотны хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллачих гээд хоног хугацаа алдсан тал бий. Харин одоо бол өөрсдийн хөрөнгө хүч дээр тулгуурлан дэлхийн стандартад нийцсэн монголд тохирсон тойруулга барихаар шийдсэн. Одоогоор зураг төсөл  нь дуусаад  барилгын ажил эхэлж байна. Ямар ч байсан энэ жилдээ ашиглалтанд оруулж, эхний уралдаануудаа хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Барилга байшингаас гадна мэргэжлийн тамирчид, морь мал гээд олон асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай болох байх? 
- Манай улс чинь өмнө нь морин тойруулгатай, бэлтгэсэн тамирчидтай байсан ш дээ. Тэдгээр хүмүүс байна. Ер нь тэр тал дээр нэг их санаа зовохгүй байгаа шүү.
-Ганхуяг Тод манлай хэсэг хугацаанд АНУ-д  ажиллаж амьдарсан нь танай шугмаар явсан дуулдсан. Туршлага судлуулжээ дээ, янз нь ?
- /инээгээд/ Адуу малны ажил хэрхэн хийдэг юм гээд ажиглах мэдэх зүйл багагүй байсан байлгүй. Ганхуяг бол адуу таньж мэдэхдээ манайдаа урдаа барьдаг хүний нэг шүү дээ.  Бид дотно сайхан найзууд.
- Нээрэн танай туслах уяач бас АНУ явсан гэсэн байхаа?
- Тэгсээн, манай туслах Батболд туршлага судлах үүднээс саяхан Америк явсан.Эрээн гарч үзээгүй байж байгаад Америк явчихлаа гээд л их баяртай байсан. Залуу хүн юм үзэж мэдэж байх ёстой л доо.
Өөрсдийн оёсон тарваганы арьсан шуба, малгайгаар бизнесээ эхэлж байлаа
-Тод манлай  ах дүүс сайн уяачдаас гадна шилдэг бизнесменүүд.  Бизнест хөл тавьж байсан үеэ эргээд  дурсвал?
-Монгол улс зах зээлд орохоос өмнө Ганбаа бид хоёрт арваганы арьсаар малгай шуба хийж зардаг байлаа. Манай Ганбаа маш сайхан оёно. Бүтэн сайн өдөр хоёр цүнхтэй малгайтай Дэнжийн мянгын зах гарна. Бид хоёрын оёсон малгай, шуба маш сайн зарагддаг байсан. Тэгээд бид хоёр ганзагын наймаа хийж байгаад 1992 онд Дөргөн ХЭАА байгуулаад ТҮЦ авч ШУМТөвийн ард тавьж хуушуур хийж зарж эхэлсэн. Дараа нь Нацагдоржийн нийтийн номын сангийн гуанзыг түрээслэн авч хоол хийж байлаа. Энэ бизнес маань өргөжиж өнөөдөр Берлин бургерийн олон сүлжээ салбарууд бий болсон.  Энэ хооронд бид ганзагын наймаа хийж мөн Герман, Чехээсмашин зөөдөг байлаа. Машин зөөхөд контейнерын дээд доод талд сул орон зай их гарна. Тэр зайнд нь мебель тавилга хийж авчирч Нацагдоржийн нэрэмжит хотын нийтийн номын сангийн коридорт худалддаг байв. Энэ нь Евро мебель дэлгүүрийн эхлэл байлаа. Одоо Герман Италиас голдуу тавилгаа оруулж ирдэг. Хүнсний бизнес хийсэн түүх нь бас л машинтай холбоотой.  Mercedes Benz E 230 хар өнгөтэй машин сонирхож хаягаар очоод уулзахад  Metro гэдэг бөөний дэлгүүрийн эзний машин байсан. Тэгээд уг захирал бидэнд машинаа ч зарсан мөн бидний зургийг шууд авахуулж дэлгүүрийн гишүүний үнэмлэхийг өгсөн. Тэгээд шууд хоёр контейнер Кока Кола ундаа болон хүнс ачуулж байсан. Үүгээр Макс хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн эхлэл тавигдсан. 1994 онд ХЭАА-гаа Ган-3  ББХК компани байгуулсан. Сүүлдээ шинэчилсэн бүртгэлд орж одоогийн Макс нэрийг авсан. Ийм бизнесийн түүхтэй дээ.
-Өдгөө “Макс”групп хичнээн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-“Макс” групп маань 1500-гаад ажилчидтай. 10 гаруй салбарт үйл ажиллагаа явуулдгийн ихэнх нь үйлчилгээнийх. Сүүлийн үед уул уурхай, газар тариалангийн салбар луу орж байгаа.
- Ингэхэд зочин маань ах дүү хэдүүлээ вэ?
-Манай аав Дагвадорж ГовьАлтай аймгийн Баян–Уул сумынх, харин ээж маань Өвөрхангайн Нарийнтээлийнх. Замбалын Цэрэнгэж хүн бий. Бидний хувьд хотын хүүхдүүд л дээ. Хуучнаар таван зуун айл буюу Ард Аюушийн гудамжинд өссөн.
Бид аав ээжээс долуулаа. Манайх гурван эрэгтэй, дөрвөн охинтой айл. Ганбаа бид хоёр чинь хоёр л насны зөрүүтэй болохоор их дотно талдаа гэх үү дээ. Ээж маань их шүтлэгтэй, бид хоёрын арыг дааж байдаг юм. Хааяа ээжийнхээ  гарын хоол цайг идчихээд нэг сайн ариулуулаад гарахад ажил үйлс аяндаа л бүтээд байх шиг санагддаг шүү. Зөвхөн бид хоёр ч биш манай унаач хүүхдүүд адуучид хүртэл ээжээр маань ариулуулдаг.
-Гурван хүүгийн хоёр нь морь сонирхдог. Харин дүү чинь?
-Тухайн гэр бүлээс нэг хүн л моринд орчихсон бол тэр айл тэр чигээрээ эр, эмгүй моринд хайртай, дуртай болчихдог юм. Жамъян маань ялгаагүй морь сонирхоно. Өөрийнх нь нэртэй хурдан морьд бий.
-Харин эгч дүү нар чинь ямар ажил эрхэлдэг вэ?
-Эгч, эрэгтэй дүү хоёр маань хувийн компанитай. Харин охин дүү нар маань Америкт анагаахын чиглэлээр сурч байна. Нэг нь Америкийн иргэн болчихсон, америк нөхөртэй.
-Сар шинээр Дагвадорж гуайнх хөлд их дарагддаг байхаа?
-Тэгэлгүй яахав. Нэг удаадаа 40-50 хүн очно шүү дээ. Барагцаалсан тоогоор 500-600 хүн ирдэг гэсэн байх шүү.
-За жишээлбэл Цэрэнжигмэд захирлынх гэхэд хэдүүлээ очихов. Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Манай эхнэр Эрдэнэчимэг гэж бүсгүй бий. Нийтийн хоолны технологич мэргэжилтэй. "Макс" группийн “Берлин бургер” нийтийн хоолны сүлжээний нэг салбарын дарга ийдэг юм. Ханьдаа, үр хүүхдүүд дээ халамжтай сайхан мэгтэй дээ. Бид хоёр хүү, хоёр охинтой. Том нь 20-той, бага нь тав настай. Томхүү маань ШУТИС-д маркетингийн чиглэлээр сурдаг. Харин дунд хоёр охин  маань “Хобби”дунд сургуульд, бага хүү маань “Орчлон”цэцэрлэгт явдаг.
-Хүү тань аав ах хоёроо дагаад адуу маланд тун ойр өссөн байх даа?
-Тэгэлгүй яахав. Моринд хайртай хүн дээ. Хар багаасаа л морь унаж өссөн. Одоо ч завтай үедээ адуучин залуустаа туслаад мал дээр л өнжинө шүү дээ.
-Ингээд ярьж суухдаа бодлоо л доо. Манайхан уул усны ойр, ураг садны хол нь дээр гэлцдэг. Харин танайхныг харж байхнээ их бүлсэг улсууд шиг санагддаг.
-Тийм шүү. Манайхан их бүлсэг улс. Тиймдээ ч дүүтэйгээ зүтгэж байна. Магадгүй тус тусдаа мөр мөрөө хөөгөөд явсан бол өнөөдрийн амжилтыг амтлахгүй байсан ч юм билүү. Аливаа юм нэг цул байж амжилтанд хүрдэг. Хүч тарамдахгүй шүү дээ. Бид хаа ч цуг шүү дээ. Хүүхэд байхын л самар жимсэнд явсан ч, орж гарсан ч цуг байлаа. Санаа бодол ч их нийлнэ.
 -Цэрэнжигмэд захирал дуу цөөнтэй хүн шиг санагддаг. Хувь хүн талаасаа хэн гэдгийг таних үүднээс зарим нэг асуултанд хариулт авмаар байна. Жишээлбэл мөнгө таны хувьд юу вэ?
-Мөнгийг хөлс хүчээ гаргаж хөдөлмөрлөж байж олдог учраас яаж зарцуулах вэ гэдгээ нэлээн тооцдог. Хамаагүй зарцуулаад байдаггүй.
-Энэ цагийн эрчүүдийн гангараа нэр хүндийн илэрхийлэл болсон машины тухайд?
-Машины бизнесийг олон жил хийж байсан болохоор ч тэрүү, хэрэглээ гэдэг талаасаа ч унах машиндаа ач холбогдол өгдөглдөө. Бид хоёр Монголд анх сайхан сайхан машинуудыг оруулж иржбайсан. Манай Ганбаа фордэк спедишнийг анх оруулж ирж унаж байлаа. Би бол Бенз их унадаг. Дөнгөж анх гарсан загвараас оруулж ирж унаж байсан. Одоо бол хэрэглээ гэдэг талаасаа хоёр машин л байгаа. Тоёото ланд крузер, нэг суудлын Бенз машин байна.
 -Эр хүний гурван хор гэдэг архи, тамхи, бүсгүй хүний тухайд юу хэлэхсэн бол?
-Архи уугаад байдаггүй ээ. Гэхдээ мэдээж хааяа баяр ёслолоор ганц нэг хундага тогтоолгүй яахав. Тамхи татдаггүй. Гурав дахийн талаар та бүхэн мэдэж байгаа байлгүй дээ. Би зүйлд нэр ус холбогдож байгаагүй.
-Сүүлийн үед мөрийтэй тоглоомоор стрессээ тайлагчид олширсон байна. Та тэдэнтэй нэгддэг үү?
-Нэг айхтар тоглоод сүйд болохгүй. Найз нөхдүүдтэйгээ ганц нэг тоглодог үе байсан. Сүүлийн үед больсон. Зав ч гарахгүй юм.
-Харин ан авд хэр вэ?
-Адуунд явахдаа ганц нэг боохой хөөнөө.
-Таны амьдралын “алтан зарчим” ?
-Хэлсэндээ хүрч, сагсуурахгүй байхыг нь чухалчилдаг. Энэ бол аль ч салбарт үнэтэй чанар.
Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.
                                          "Тод магнай" сэтгүүл 2011 оны 3 сар дугаар № 14

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна