Цээр үргээсэн цорын ганц эмэгтэй

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд

Хурдан хүлгийнхээ хийморь дор сүслэн явдаг Монгол түмний дунд үе дамжин төрийнхөө наадамд  морь айрагдуулсан “мундаг”  уяачид олон. Тэгвэл төрийнхөө их цэнгэл наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан Доонойдойн удмаар салхи хагалж байсан “Удам” булан энэ удаа Монгол улсын цорын ганц эмэгтэй Алдарт уяач Д.Хорлоодой болон түүний хүү С.Мягмардорж нарыг уншигчиддаа танилцуулж байна. Манлайн  эрэмбэтэй, басхүү олон улсын холч морин уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан цорын ганц эмэгтэй уяач Д.Хорлоодой гуайн талаарх сонирхолтой мэдээллийг таалан болгооно уу.

Зөвхөн эрчүүд л морь уяж, хусуур зүүдэг хэмээн хэдэн зуун жил дамжин  ирсэн бичигдээгүй хуулийг цагийн саалтанд эвдсэн хүн бол МУ-ын Алдарт уяач Д.Хорлоодой юм.  Төв аймгийн  Баянчандмань сумын Өгөөмөр хэмээх газар хүй цөглөсөн тэрбээр 10 хүүхэд төрүүлсэн алдарт эх бөгөөд  Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хурдан хүлгүүдийнхээ хөлсийг хуссан шиг ээ амьдарч сууна.Тав зургаан настайгаасаа л хүлгийн нуруун дээр гарч, эр хүн унахаас халширдаг эмнэг хангалыг номхоруулдаг байсан түүний тухай МУ-ын анхны  Манлай уяачдын нэг Гарамжав гуай  “эмэгтэй хvнд ингэж дээрэлхvvлэх гэж. Энэ Хорлоодой эр хvн байсан бол дээл хөөргөж, хил дамжуулж адуу хөөнө шvv” хэмээж байсан гэдэг. Айлын ганц охин гэдгээрээ түрүү барьж, амьтнаас хайр горьдож яваагүй тэрээр хүүхэд байхдаа малын саравчин дээгүүр морьтойгоо харайчихаад ээждээ зэмлүүлж байхав.
Монгол улсын цорын ганц Алдарт уяач эмэгтэй нэлээд хожуу моринд орсон. Үйлдвэрт жирийн нэг ажилчин байсан Хорлоодой хэзээ хойно бүр 54 настайдаа хурдан морь уях ажилдаа орсон гэдэг. Эмэг¬тэй хүн морь уях байтугай морины уяан дээр ч очиж болохгүй гэдэг бичигдээгүй хатуухан хуулийн үйлчлэл өндөр байсан цаг шүү дээ. Гэсэн хэдий ч бэрхшээлийг бүсгүй хүний тэвчээр хатуужлаар даван туулж, зорьсондоо хүрсэн баатарлаг эмэгтэй.
Манлайн энтэй уяач
Д.Хорлоодой гуай Манлай уяач Б.Содномцогийн хар азарганаас эхлээд олон ч хүнийг хурдан буянтай болгосон. Түүнийг морь уяж эхлээд анх удаагаа улсын наадамд ирэх гэж байхад нутгийн ах, дүүс  “улсын наадмын дэвжээ хатуу шүү.Өчнөөн жил морь уяад зүтгэсэн хүн айраг, түрүү авч чадаагүй байхад дэмий биз дээ” хэмээн дооглонгүй байж. Тэгсэн хэдий ч  эрээн майхан, замынхаа хүнсийг морин тэргэнд  ачаалж 14 хоног явж байж улсынхаа наадамд ирж байсан гэдэг. Ийнхүү 1987 оны Ардын хувьсгалын 69-н жилийн ойн улсын баяр наадамд түүний хүрэн халзан хязаалан аман хүзүүдэж Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ түүхийг бүтээж байсан.Энэ үеэс түүнийг хүлээн зөвшөөрөх хүний тоо нэмэгдсэн бөгөөд дараа жил нь буюу Ардын хувьсгалын түүхт 70-н жилийн ойгоор соёолон үрээ түрүүлүүлснээр бүсгүй хүн ч эрчүүдээс дутахгүй гэдгийг батлан харуулсан билээ. Алдарт уяач Д.Хорлоодой хурдан мориноос гадна жороо хүлгийн уяа сойлгыг тун нямбай тааруулдаг нэгэн. Анхны жил улсын наадамд ирэхдээ жороо саарал морио өөрөө унан аман хүзүүдүүлж ид хавыг гайхуулж байсан түүхтэй. Тиймдээ ч мотоцикль зургаан мянгатай байсан мөнгө хатуу үед 10.000 төгрөгөөр жороо морь худалдан авч байсан биз. Түүнийг морь үнэд хүргэхэд ихээхэн нөлөөлсөн гэж учир мэдэх хүмүүс ярилцдаг юм билээ.

Яармагийн цэлгэр дэнж дээр хоёр жил дарааллан морь түрүүлж,айрагдуулан халхын том уяачидтай хурд хуваасан тэрбээр Хэнтий аймагт болсон “Нууц товчооны 750-н жилийн ой” даншиг наадамд оролцохоор шийджээ.Тэр үед машин тэргээр ачих асуудал байсан биш Баруун хараад байгаа морьдоо вагонд ачин Багануур орж,тэндээсээ Хэнтийд аваачин  уралдуулж байсан нь анхны тохиолдол. Нэг жил нөхөр,хүүдүүдийнхээ нэр дээр нас насанд нийт арван найман морь уяхад бүгд айрагдаж түрүүлж байсан нь түүнийг ямар хэмжээний уяач вэ гэдгийг харуулсан.Тэдний адууны цөм нь Жаргалант,Сэлэнгэ чиглэлийн эрлийз угшилтай бөгөөд  Хэнтий,Сүхбаатар чиглэлийн адуугаар цус сэлбэсэн. “Өөрөө хараад, энийг нэг айрагдуулчих болов уу гэж бодоод авсан адуу маань гайгүй давхиад байдаг” хэмээн хуучилсан нь морь шинждэгийн илрэл биз ээ.

Сайн адуугаар олон жил амжилттай наадна гэдэг уяач хүний том бахархал . Тийм дээ ч унаган халиун морио улсын наадамд шүдлэнд нь  гурваар,хязааланд нь  аман хүзүүдүүлж,соёолон түрүүлгэж байснаараа бахархдаг.Том бага наадамд олон ч удаа түрүүлж,айрагдсан хурдан буян байсан билээ.Номгоноос гаралтай  хүрэн халзан үрээ нь улсын наадамд хязаалндаа аман хүзүүлж,соёолондоо түрүүлж байсан бол унаган буурал морь нь мөн л улсын наадамд айрагдаж байсан.Улс,аймагт дээгүүр хурдалж,сумын наадамд олон ч удаа түрүүлж айрагдан,бооцоот уралдаанд 10 уралдахдаа 10 түрүүлсэн хурдан халтар морь ч түүгээр овоглодог байсан.
 Д.Хорлоодой гуай 1987 онд морь уяж эхэлж байсан бол 1991 онд Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм хүндтэй цолыг хурдан морины түүхэнд домог болон яригддаг өдгөөгийн Тод манлай уяач Д.Даваахүү, Манлай уяач  Д.Гарамжав, Д.Түвдэн нартай хамт гардан авч байсан билээ.Түүхийн шаргал хуудас тодоор мутарлагдан эргэдгээрээ эргэсээр харин Алдарт уяач маань улс,бүсийн наадмаас 3 түрүү, 7 айраг хүртэн Манлайн болзолыг хангачихаад байна.Төр засаг Д.Хорлоодой гуайд өгөх ёстой алдрыг нь өгчихмөөр л юм.
Дэлхийд гайхагдсан тамирчин
Д.Хорлоодой гуай хурдан морь уяхаас гадна холч морины тамирчин хүн.Монгол улсад холч морины уралдаан зохиогдоод 15-н жил болж байна.Холч морины уралдааныг хөгжүүлэхэд  Д.Хорлоодой гуайн оруулсан гавъяа их.Ямар сайндаа л 70 нас хэдийнэ өнгөрсөн түүнийг дэлхийн холч морины уралдааны холбоо урилгаар олон улсын тэмцээнд оруулж байсан билээ. Түүнд холч,хатирч морьдууд олон байдаг бөгөөд 60 км, 90 км, 120 км, 140 км, дээд тал нь 160 км хүртэл давхиулж уралддаг билээ.Тэрбээр энэ уралдаанд олон удаа айрагдаж,түрүүлж байсан бөгөөд хэдэн жилийн өмнө  Катарын нийслэл Доха хотод болсон Азийн аваргын урал¬даанд урилгаар  оролцоод ирсэн.Зохион байгуулагчид нь улсынхаа уралдаанд үзүүлсэн амжилтыг нь харгалзан урилга илгээсэн бөгөөд тэр холын зайн морины уралдаанд 70 гарсан эмэгтэй хүн оролцохоор хүрээд ирнэ гэж төсөөлөө ч үгүй байсан биз.Ямар сайн даа л манай холбооныхонд “энэ эмээгээ болиул,ингэж байж амь насанд нь аюул уч?рвал бид хариуцахгүй шүү” хэмээн сандарцгааж байсан гэдэг.Д.Хорлоодой гуай тэр уралдаанд араб морь унан 60 км уралдах ёстой байсан хэдий ч 50 км уралдаад унасан морь бэртэж тэмцэ?нээ дуусгасан байна.Харин дараа жил нь түүнд дэлхийн  авар¬гын тэмцээнд оролцооч гэсэн урилга ирсэн ч зардал мөнгөний асуудлаас болж оролцож чадаагүй билээ.”Тогоо хeeлж, хоол хутгах нь зeвхeн эмэгтэй хvний ажил биш” хэмээн ярьж,омогшиж суугаа энэ бууралын  амьдралд  хүнд хэцүү үе байсан ч мориныхоо л төлөө явсаар өдгөөг хүрч байна.
Монгол бүсгүй хүний тэвчээр, ухааны цар хүрээг таниулж, үндэсний их өв соёлын төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж яваа Монгол улсын Алдарт уяач Д.Хорлоодой гуайд нийт уншигчид,уяачдынхаа өмнөөс эрүүл энх,урт удаан наслахыг хүсэн ерөөж байна.
Удам залгасан уяач хүү
Хорлоодой гуай 10 сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд тэдний дундаас С.Мягмардорж нь ээжийнхээ уяаны эрдмийг үргэлжлүүлэн авч яваа. Бага байхаасаа л  морь унаж, хөдөөний хүүхдүүдийн адил өссөн тэрбээр ээжтэйгээ адил 1987 оноос морины сүүл боож эхэлсэн. Чухамдаа ээжийгээ ганц дэмжиж ,тусалж байсан хүү нь. Тэрбээр ээжийгээ Алдарт уяач болсноос хойш өөрийн нэртэй морио уралдуулж эхэлсэн бөгөөд 1991 оны улсын баяр наадамд саарал хязаалангаа айргийн гурваар хурдлуулж, түүний дараа жил буюу Ардын хувьсгалын 71-н жилийн ойн төрийнхөө баяр наадамд халиун соёолонгоо түрүүлгэж  томоохон амжилтыг үзүүлж байсан. С.Мягмардорж энэ үеэс  л уяач болсондоо өөрийн эрхгүй бахархаж,омогшиж байсан гэдэг.Үүнээс хойш түүний амжилт тасарсангүй Алдарт уяач ээжийнхээ халааг үргэлжилүүлж 1994 онд буурал шүдлэнгээ улсын наадамд айрагдуулан,сүүлд одоогийн Манлай уяач Б.Содномцогийн нэр дээр уралдах болсон алдарт хар азаргаа улсын наадам,Өвөрхангайн  Есөн зүйлийн даншигт тус тус  түрүүлгэж,түүний төл хүрэн халзан үрээгээ мөн л улсын наадамд айрагдуулсан.  Ийнхүү Монгол улсын Алдарт уяач Д.Хорлоодой гуай төрийнхөө наадамд удам дамжин морь айрагдуулсан ховорхон амжилтын эзэн болсон юм. С.Мягмардорж улс бүсийн наадмын 1 түрүү,4 айраг, аймаг,сумын наадмын 20 гаран айраг түрүү хүртсэн Алдартын энтэй уяач.

                                                         "Тод магнай" сэтгүүл 2011 оны 3 сар дугаар № 14

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна