МУ-ын Алдарт уяач Д.Пүрэвдорж: Засагт ханы нэртэй адууг төрийн наадамд анх айрагдуулсан хүн нь би

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд

“Гранд экспо-2009” үзэсгэлэн яармагийн шилдэг хөдөө аж ахуйн салбарын ажилтнаар шалгараад байхад нь Алдарттай цөөн хором уулзаж ярилцсан нь энэ билээ. Хийж буй ажилдаа сэтгэлээ өгсөн хүний үйлс сүүн зам татуулан бүтэж байдгийг баталсан энэ бичил ярилцлага уншигч танд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. Цаг хугацаанд баригдсан ярилцлага маань ярилцагчаа бүрэн дүүрэн нээж чадаагүй бол уншигч танаас хүлцэл өчье.
-Сэтгүүлийн маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Хурдан морьтой холбогдсон 90-ээд оны дурсамжуудаас яриагаа эхэлбэл ямар вэ?
-Баруун хязгаарт өвгөн ноён Хардал жанжин бэйсийн үүсгэсэн Галшар удмын адууг анх аваачсан хүн нь би. Намайг Бигэр сум нэгдлийн даргаар ажиллаж байхад аймгийн 50 жилийн ой тохиодог юм. 1990 онд шүү дээ. Гэтэл малчид санал гаргаад “аймгийн ойгоор сумынхаа нэр дээр морь уралдуулъя. Та явж сум орон нутгийн нэр гаргах хурдан морь олж ир” гэсэн даалгавар өгдөг юм байнаа. Тэгээд бодож байсан чинь 1985 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын  “Тэмцэл” нэгдлийн дарга Хээшиг гэж хүнтэй нэгдлийн даргын нэг жилийн курст хамт сурч байснаа саналаа. Тэр үед Хээшиг  “чи хурдан адуу сонирхдог юм бол манай Галшар, Хэнтийгээс залаарай” гэж байсан юм. Тэгээд захиа бичсэн чинь “õурдан адуу залж болно. Хүрээд ир” гэсэн хариу ирлээ дээ. Ингээд л 6 сард гурван чиргүүлтэй  машинтай очоод тэвш болгон дээрээ гурав нийт  åñºí адуу ачаад сумандаа ирж байлаа. Есөн адууны нэгийг нь буюу даагыг нь Баянхутаг сумын Л.Гонгор гэдэг хүн надад  бэлэглэсэн юм. Тэгсэн тэр даага нь аймгийн наадамд хол тасархай түрүүлж, /түүнээс хойш аймгийн наадамд 5-6 удаа түрүүлсэн/ намайг  моринд эргэлт буцалтгүй оруулсан даа.
-Гэхдээ хөдөө өссөн хүн морь малнаас тийм ч хол хөндий байгаагүй биз?
-Манайх адуутай, аав маань морь уядаг хүн байсан болохоор хүүхэд байхдаа морин дэл дээр хийсч, нэгдлийн даага сургадаг байлаа. Яахав, тэр даага түрүүлж моринд илүү шимтүүлсэн гэдэг утгаар нь хэлж байхгүй юу.  Дараа нь 1995 онд Завхан аймгийн  Дөрвөлжин суманд болсон баруун бүсийн наадамд миний халзан азарга дөрвөөр давхиж нутаг орны маань нэрийг гаргаж байлаа. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд Говь-Àлтай аймгийн Бигэр сумûí нэрийг адууны түүхэнд анх оруулсан гэдгээрээ омогшиж явдаг. Адуу судлаач доктор А.Баярмагнай долоон хошуу даншиг, арван засгийн наадмын айраг түрүүний цуваанд Засагт хан аймгийн нэртэй ганц  адуу байдаггүйг олж тогтоосон байдаг юм. Засагт хан аймаг, Хантайширын уулын аймгаар овоглосон анхны төрийн наадмын айргийг би хүртэж байлаа. Тэр үед Зууны манлай, Тод манлай уяач Д. Даваахүү надад онгойлон баяр хүргэж “Халхын хоёр том хурдыг уралдуулж Галшар адуу аргагүй хурдан гэдгийг харууллаа” гээд миний азарганд хадаг уяж өгсөн юм. Нээрэн ч тэр үед Тэсийн олон уяачид сайн сайн азаргануудтайгаа ирсэн байсан юм. Дөрвөлжин сум чинь элс ихтэй бас л хэцүү ш дээ. Тэр утгаараа ч тэрүү миний азаргыг айрагдахад хүмүүс үзмэр үзэж байгаа юм шиг л алга ташиж байсан. Даншгийн дараа намар нь Д.Даваахүү Тод манлайд хадаг барьж, багш шавийн барилдлагатай болсон. Түүнээс хойш уяаны эрдмийн багшаа гэж хүндэтгэж явдаг даа.
-Таны автортой анхдагчийн жагсаалт үүгээр хязгаарлагдахгүй байхаа. Би андуураагүй бол таныг ММСУХ-ны салбарыг аймагтаа байгуулж, нутагтаа анхны бүсийн уралдааныг зохион байгуулж байсан гэж сонссон юм байна?
-1995 онд Завханы äаншгаас буцаж явахдаа Монголын их элсийг үүр цайх үеэр дайрч гарсан юм. Тэр үед “хүн болж төрснийх Дэлгэр сумандаа баруун бүсийн даншиг наадам хийлгэе” гэсэн санаа төрж, 1997 онд түүнийгээ хэрэгжүүлж байлаа. Тодруулбал 1996 онд ММСУХ-ны салбарыг аймагтаа байгуулж, 1997 онд өөрийн төрсөн нутаг Дэлгэр сумандаа нүүн ирж “Адууны хишиг өлзий дэлгэр” нэртэйгээр баруун бүсийн хоёр дахь наадмыг зохион байгуулж байлаа.
-Шинэхэн холбоо бүсийн хэмжээний томоохон уралдааныг зохион байгуулахад хэр хүндрэл гарч байсан бэ?
-Мэдээж амаргүй л байсан. Бигэрийн сум нэгдлийн даргын ажлаа өгчихөөд нэг хэсэг бизнес хийж  байгаад 1996 онд нутагтаа ирсэн юм. Тэгээд Засаг даргад өрсөлдсөн чинь нэг саналаар уначихдаг юмаа. Тэгээд л үндсэндээ тэр нэг жилийг, өөрт байсан хэдэн зоостойгоо уралдаан хийхэд зориулсан.
-Тухайн үед бүсийн уралдааны төсөв хэд орчимд бүрдэж байсан бол?
-Хорь гаруй сая төгрөг болж байсан юмдаг. Миний хэд хаанаа хүрэхэв. Хот хүрээ байсхийгээд л явж амьтан ах дүүтэй уулзан хандив цуглуулж төсвийг нь бүрдүүлж байлаа. Тухайн үед хоёр гурван ч хүн сая, ихэнх нь 500.000 төгрөг өгч байсан санагдана. Орон нутгийн удирдлагууд ч гэсэн чадах чинээгээрээ тусалж дэмжсэн. Жороо морьтойгоо нийлээд долоон нас уралдаж, түрүүлсэн морьдоо “ИЖ плàнет-5“ мотоциклээр байлсан нь тухайн үедээ л өндөр бай шагнал байëàà.
-Бэлэгний даагаа аймагтаа түрүүлгэчихээд  нутгийн угшил гаргаж авахаар шулуудсан гэж байсан. Түүндээ хүрэхээр ямар ямар ажил хийж хэрэгжүүлсэн бол?
- Алтай Хантайшир  угшлын адуу бий болгоё ãýæ бодсон ч Өвгөн ноён шиг чинээлэг биш учраас санаан зоргоор болоогүй л дээ. Гэхдээ нутгийн олон түмнээ уриалан дуудаж гадна дотноос хурдан адуу авчруулсны үр дүнд Алтайн адуу ерөнхийдөө сайжирч байгаа гэж боддог. Хэдэн жилийн өмнө “Алтайн хурд” нэртэй бүсийн наадам болоход Жаргалант, Галшар, Тэс угшлын 300-гаад хурдан адууг манай залуус нутаг орондоо авчирсан байсан. Ер нь сүүлийн үед нутгийн залуус, бизнесменүүд адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр нэлээд анхаарч байна.
-Ингэхэд Алтайн адууны унаган угшил нь юу юм бэ?
-Завханы Дөрвөлжинтэй залгадаг Хөхморьт сумыг эрт дээр үеэсээ хурдтай хэмээдэг. Нутгийнхан элсний хавтгай тавагт гэж нэрлэдэг. Уг нь хурдан ч хатуу газар  очихоороо ул муутай болохоороо давхиж чаддаггүй. Алтай нутаг өндөр уултай, цаг агаарын эрс тэс ширүүн уур амьсгалтай учраас адуу нь алсын тамиртай, арьс зузаантай. Ган зуданд тэсвэртэй ч гялалзсан хурд байхгүй л гэцгээдэг. Харин тэмээний эрэлд унахад 3-4 хоногийн шогшоо өлхөн даадаг хэмээн хөгшид ярьдаг. Тэгэхээр хурдны гэхээсээ илүү уналгаа эдэлгээний талдаа юмуу даа.
-Тà ингэхэд хэдэн оны Алдарт билээ. Алтай нутгаар овоглодог улсын цолтнууд хэр олон байна?
-2001 онд л доо. Намайг цол авах үед болзол одоогоо бодвол гайгүй байж дээ. Дээр ярьж байсан Хэнтийн Баянхутàгаас бэлгэнд ирсэн даага маань аймгийн наадамд хэд хэд түрүүлсэн. Түүний амжилт дээр нь бүсийн нэг айраг нэмэгдээд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн. Минийхээр Дэлгэр суманд зохиогдсон бүсийн наадмыг амжилттай зохион байгуулж, аймгийнхаа морин спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан гэдгийг үнэлсэн байх гэж боддог. Манай нутгаас МУ-ын Тод манлай уяач хоёр, есөн Алдарт төрсөн байдаг юм. Улаанбаатар хотод өөр уяачдын холбоонд харьяалагддаг тав зургаан цолтой уяач бий дуулддаг шүү.
 -Алдартыг зөвхөн адуу гэлгүй мал ахуйн талаар нэлээд зүйл хийсэн хэ?ээн нутгийнхан тань ярьдаг юм билээ. ХХААХҮЯ-наас шагнал хүртэл авч байсан байхаа?
-Би малчин гаралтай хүн. МАА-н салбарт 19 настайгаасаа хойш ажиллаж, амьдралынхаа 40-өөд жилийг мал өсгөх, эрүүлжүүлэх, чанаржуулах, малчдын амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхэд зориуллаа. 1968 онд 10 дугаар ангиа төгсөөд мал дээр гарсан илгээлтийн эздийн анхдагчдын нэг нь би. Говь-Алтай аймгийн Цогт суманд таван нөхрийн хамт ажлынхаа гарааг эхлэхдээ 1000 төллөх эм хонь авч хоёр жил төллүүлэн, “Сумын хөдөлмөрийн аварга” цол хүртэж байлаа. Дараа нь ХААДС-ийг малын эмч мэргэжлээр төгсөөд, Говь-Алтай аймгийн Чандмань суманд Зоо мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр долоон жил ажилласан. Тэр хугацаандаа Чандмань сумын малыг эрүүлжүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, малын хорогдлыг багасгах чиглэлээр “Говь-Алтай аймгийн Чандмань сумын эмчилгээ, тэжээлийн цэгийн туршлага, МАА-н хөдөлмөр зохион байгуулалт” гэдэг оновчтой санал гаргасан юм. Гэтэл Намын Төв Хорооны шийдвэрээр Чандмань сумын эмчилгээ тэжээлийн цэгийн туршлагыг улс орон даяар нэвтрүүлэх болсон. Малын эмчийн ажлынхаа гарааг ингэж эхэлж байлаа. Л.Түдэв гуайн үед энэ ажил маань үнэлэгдэж, Эвлэлийн Төв Хорооны орлогч гишүүнээр сонгогдон, Эвлэлийн 17 дугаар Их хуралд төлөөлөгчөөр оролцон, Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялааж билээ. Улмаар Амбасэлмаа гуайн хөтлөн явуулдаг “Манай үеийн тэргүүний залуу” найруулал нэвтрүүлгийн эзэн болж явлаа.  Биднийг илгээлтийн эзэн болоход хөдөөд мал маллах хүн ховордож байсан үе. 1971 онд Намын Төв Хорооны IX Бүгд хурал хуралдаж, МАА-н асуудлыг авч хэлэлцээд “МАА-н материаллаг баазыг бэхжүүлэх их аян” эхэлсэн юм. Хашаа, худаг барьж байгуулан, өвс тэжээл бэлтгэхийн тулд 30 мянган залуусыг эвлэлийн илгээлтээр гаргахаар шийдвэрлэсэн. Энэ үед бид залуусыг уриалсан гэдгээр сонин хэвлэлээр ч мандаж, намын шийдвэрээр дотоодын намын дээд сургуульд хоёр жил суралцан төгссөн юм. Дараа нь Хөдөлмөрийн баатар Чулуун гэдэг хүний залгамж халаа болж, Бигэр сум нэгдлийн даргаар есөн жил ажилласан. Нэгдлийн дарга байхдаа Өмнөговийн Ханбогдоос Галбын говийн улаан гэж Монголын шилдэг омгийн тэмээгээр Бигэр сумын тэмээг сайжруулья гэж зорив. Ингээд Өмнөговийн Мандал-Овоогоос Ханын хэцийн хүрэн, Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас Төвхөн тунгалаг ёс зогдорт нийт 10 буур авч хөлөөр нь аваачин Бигэрийнхээ  нэгдлийн тэмээний хээлтүүлэгчийг 100 хувь сольсон юм. Ингэснээр тэмээний цус холдон, өнгө зүс, ноосны ашиг шим сайжирч, биеийн хэмжээ томроод Бигэр сумын тэмээн сүрэг сайжирсан даа. Ботго ч их сайхан гарч, тэрний үр дүнд 4-5 аварга малчин төрсөн төдийгүй улсын болзлын шагнал болох “Зил-130” машинаар хоёр удаа шагнуулж байв. Сумдад ажиллахдаа  сайн малчдынхаа хөдөлмөрийг үнэлүүлэх тал дээр их анхаардаг байлаа. Чандмань суманд долоон жил ажиллахдаа улсын аварга малчин ес, Бигэр суманд есөн жил ажиллахдаа нэг ч аваргагүй байсан сумаас мөн есөн аварга малчин төрүүлсэн. 1996 оноос хойш Дэлгэр сумандаа ирээд улсын сайн малчин, аварга малчин хэд хэдийг төрүүлсэнээс Чандмань сумын Бадарчийн Чалхаа гэдэг хүн хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. Энэ бол хөдөлмөрийг зөв зохион байгуулсны үр дүн юм даа.
-Ямааны үүлдэр угсааг сайжруулах ажлыг аймаг, сумандаа хамгийн идэвхитэй хийсэн хүн гэж таныг ярьдаг юм билээ?
-10-аад сая төгрөгийн энэ төсөл малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн юм. Үүнээс өмнө малчдын амьдралыг дээшлүүлэх төслүүд дээгүүрээ хэрэгжээд, орон нутагт очдоггүй байж. Хөтөлбөрийн зээлээ бүтээгээд Ховд аймгийн Алтай сумаас Алтайн улаан үүлдрийн эм ямаа 200 гаруйг авч, 11 дүгээр сард аймаг руугаа туух гэж байтал Алтайн нуруунд цас их орсон тул, тэндээ хаваржуулж төллүүлсэн. Тэр цагаас Алтайн улаан ямаанаас хээлтүүлэгч бэлдээд, нэгдлийн дарга байхдаа эхэлж байсан ямааг улаан болгох, ноолуурыг цайвар болгох, гарцыг сайжруулах, амьдын жинг нэмэгдүүлэх зэрэг ажлаа нутагтаа үргэлжлүүлсэн дээ. Социализмын үед Цэрэнсодном гэдэг хүн ноолуурын гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Доны хар ямааг Оросоос Монголд авчирч Говь гурван сайхан гэдэг ноолуурын чиглэлийн хар ямааг бий болгосон юм.  Энэ нь ноолуурын гарцыг нэмэгдүүлсэн боловч ширхэгийг бүдүүрүүлж, махны гарцыг багасгаад, Алтайн нурууны энэ газар нутагт ишигний амьдрах чадвар муудаж, үржлийн бодлого алдагдан, цус ойртсоноос гарсан төл нь амьдрах чадваргүй болсон байв. Гарч байгаа хар өнгийн хялгас шиг ноолуур үйлдвэрлэлийн шаардлага хангахаа больсон. Гэтэл “Говь” комбинат цайвар, нарийн микронтой ноолуур шаардаж байсан үе. Тэгж байтал Ховдын хүрээлэнгийн захирал Алтангэрэл сумдын удирдлагууд цугларахад семинар хийгээд, “Ер нь нутгийн монгол ямаагаа үржүүлэх нь зүйтэй” гэсэн санаа дэвшүүлжээ. Тэр үед Бугатын Ядамхүү гэдэг хүн дан хониор дагнаж, Говь-Алтай үүлдрийн хонийг бий болгосон юм. Ер нь ямаагаа анхаардаггүй, зөвхөн хонио өсгөдөг нэгдлийн дарга ч байсан. Ийм учраас тэндэхийн цөөн ямаа зөвхөн монголоороо үржиж байлаа. Говь гурван сайханы хар ухныг авч тавиагүйгээрээ  манай аймгийн Алтай, Тонхил сум гээд цөөн газрын ямаа жинхэнэ монголоороо, цэврээрээ үржиж байсан юм. Би тэр хурлын дараа Алтангэрэл гэдэг хүнтэй биечлэн уулзаад энэ ямааг яаж цэврээр нь өсгөх вэ гэдэг тал дээр санал бодлоо солилцлоо. Улмаар Найдан гэдэг даргатай уулзаж, 300 улаан ухна авахаар тохиров. Тэгээд байсан бүх хар ухнаа хөнгөлж хаяад, оронд нь улаан ухна авчирч таввсан юм. Тэр цагаас Алтайн нурууны ямааг улаан болгох ажил үргэлжилсэн дээ. Бигэр, Дэлгэр, Чандмань сумдын ямаа үндсэндээ Алтайн улаанаар сайжраад, ямааны 80-90 хувь нь улаан болсон юм. Энэ ажилд миний оролцоо зохих хэмжээгээр байгаа гэж боддог. Ингээд ямаа үржүүлэх үндсэн чиглэл Алтайн улаан үүлдрийнхээр батлагдсан юм. Алтайн улаан ямааны зохион бүтээгч Алтангэрэл үүгээрээ эрдмийн зэрэг хамгаалсан. Энэ нь Тоня, Батаа, Алтангэрэл гэсэн гурван хүний хамтарсан бүтээл юм. Би үүнийг Дэлгэр сумандаа авч хэрэгжүүлээд үр дүнд нь манай аймгийн дарга байсан Цогтбаатар дэд докторын зэрэг хамгаалсан. Энэ судалгааны үр дүнд нутгийн монгол ямааны ноолуурын гарц 50-100 граммаар нэмэгдсэн байдаг. Амьдын жин, махны гарц ч нэмэгдсэн. Энэ ажлыг хэрэгжүүлсэн маань тухайн малчин хүний орлогыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм шүү. Ноолуур гэдэг жилдээ ганц удаа борлодог бүтээгдэхүүн. Тэгвэл ямаанаас хамгийн хэрэгтэй зүйл нь сүү нь юм гэдгийг судалгаагаар олж тогтоосон. Нэг ямаанаас 500 гр сүү саана гээд саалийн гурван сардаа үржүүлэхэд ноолуураас нь олох ашгийг хоёроос гурав дахин нугалдаг. Түүнийг хүмүүс ерөөсөө тооцдоггүй юм билээ. Монгол хүний хайхрамжгүй, бизнес ухаангүйн харгай л даа. Долоон жилийн өмнө Даваасүрэн гэдэг хүн сүү ихт тулман хөхт ямааг Шарга суманд цуглуулан үржүүлж ферм байгуулаад, эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаад нас барсан юм. Энэ ажил устахын даваан дээр би 50-иад ямаа цуглуулж сүүний ямаа хээлтүүлэх  санаачлага хэрэгжүүлэв. Хэдэн ямаа ачиж, Жаргалантын ферм дээр аваачиж тавиад, мөн Кубаас орж ирсэн хөлдөөсөн үрээс авч 15 ямаа хээлтүүлсэн. Ингээд гурван жилийн өмнө 12 ишиг авч, тэрнээсээ гурван ухна тавив. 50-иад эрлийз сүүний ямаа ялгаж тусад нь хээлтүүлчихээд одоо үхэр ямааны ферм ажиллуулах байраа бэлдээд байж байна. Төв аймгийн Баянчандмань суманд над шиг эхэлсэн хүн бий. Хонины махны гарцыг нэмэгдүүлэх ажил бас эхлүүлсэн. Ингэснээр махны гарц 5-10 килограммаар нэмэгдэж байгаа юм. Энэ мэтийн ажлыг маань Маркетинг менежментийн хүрээлэнгийнхэн “Энэ нэг янз бүрийн ажил хөөцөлдсөн нөхөр байдаг юм” гээд үнэлэх шиг боллоо. Ямар ч байсан хийсэн ажлыг үнэлдэг газар, цаг хугацаа байдаг юм байна гэж бодож сэтгэл их хангалуун явна даа.
Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

                   "Тод магнай" сэтгүүл 2011 оны 4 сар дугаар № 15

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна