МУ-ын Алдарт уяач Х.Нядсүрэн: Улсын наадамд анх ирсэн жилээ буурал морио аман хүзүүдүүлсэн

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 17 -нд

Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Хүрэлийн Нядсүрэнтэй уулзаж ярилцсанаа “Уяач” булангаараа дамжуулан хүргэж байна.

-Хонгор нутгаар овоглосон хоёрхон Алдартын нэгтэй уулзаж байгаадаа баяртай байна. Аль сумын хүн бэ?
-Би Баянхонгор аймгийн Заг сумын хүн. Тэнд долдугаар анги төгсөөд 1960 онд Алтанбулагийн техникумд элсэн орж, 1964 онд малын эмч, зоотехникч гэсэн хавсарсан мэргэжлээр төгсөж байлаа. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Өрнөх” нэгдэлд мал зүйчээр томилогдон ирж 1984 он хүртэл ажилласан.
-Тэгээд л энэ нутгийн хүн болж суурьшжээ дээ?
-Тэгсээн. Тэр хугацаандаа бас ХААИС-д суралцан 1974 онд төгсөж, 1984-2005 он хүртэл Мандал сум буюу Зүүнхараагийн  сангийн аж ахуйд малын эмч, зоотехникч, улсын байцаагчаар ажиллаж байгаад 2005 онд тэтгэвэрт гарсан даа.
-Эзэмшсэн мэргэжил тань уяачийн замд хөтлөв үү. Эсвэл дээдсийн жишгийг дагаж морь уях болсон юм уу?
-Манайхан дунд морь мал уядаг хүн байгаагүй ээ. Гэхдээ бас хэдэн адуутай айл байсан. Ээж минь намайг багад 32 настайдаа бурхан болсон гэдэг. Би муухан л мэддэг юм. Дүү маань бараг  мэдэх ч үгүй байх. Өнчин өрөөсөн өссөн би сургууль соёлын мөр хөөж, мэргэжил мэдлэг эзэмшээд энэ нутагт амьдрах болсоор 50 гаруй жил болж байна. Өвс ургамал нь тэгширсэн сайхан нутаг.
-Алдарт тэгээд хэзээнээс морь уяж эхэлсэн юм бэ?
-1964 оноос хойш морь уяж байна. Анх “Өрнөх” нэгдлээс хоёр үрээ нэг бүрийг нь 180 төгрөгөөр худалдан авч уяачийн гараагаа эхэлсэн. Тэднийгээ 1965 оны наадамд уятал соёолон нь сумандаа түрүүлчихдэг юм. Тэгээд л ер нь тувт морь уясан даа. Улсын наадамд 1990-2002 оны хооронд таван айраг авсан.
-Төрийн наадмын анхны айргаа хэдэн онд амссан бэ?
-Хамгийн анх 1990 онд Улс хувьсгалын 69 жилийн ойгоор Зүүнхараагийн сангийн аж ахуйгаас 400 төгрөгөөр худалдан авсан буурал морио аваад Улсын наадмыг зорьсон. Тэр жил буурал морь маань аман хүзүүнд хурдалж, Улсын наадмын анхны айргийг амсуулж байлаа. Түүний дараа жил очиж буурал морио дөрвөөр давхиулсан.
-Баяр наадмын цуваанд таны нэр байдаггүй санагдах юм?
-Тэр үед чинь морь их будилдаг байсан үе. Нөгөө Хөвсгөлийн хонгор морь түрүүлж ирээд хасагддаг наадам шүү дээ. Миний буурал морины амжилтыг тийм шалтгаанаар л тооцоогүй байх. Түүний дараа бас нэг гурвалсан. Тэгэхэд миний бас  нэг хээр хязаалан Бороогийн Эрдэнээ  гэдэг хүний  нэр дээр гурвалж байсан юмдаг.
-Буурал  морийг тань хурдан хүлэг байсан гэдэг юм билээ?
-Хурдан байлгүй яахав. Би өөрөө харж байгаад л уралдаж байгаагүй эмнэг үрээ худалдан авч хязааланд Зүүнхараагийн наадамд аман хүзүүдүүлж, соёолонд нь Баруунбүрэнд аман хүзүүдүүлсэн. Соёолон бас Зүүнхараад очиж аман хүзүүдэж байсан. Хавчигтаа Улаан толгойн сангийн аж ахуйн наадам, Баруунбүрэнгийн наадамд тус тус түрүүлж байсан. Мөн атарчдын анхдугаар наадам гэж бүсийн том наадамд болж 280 гаруй морь мордоход бас түрүүлсэн. Миний морь уяж байсан цаг үе хавчигдмал хэцүү байсан. Одоо ч сайхан болж дээ. 1983 онд би Баруунбүрэн сумын Бургалтайн сангийн аж ахуйд ерөнхий зоотехникчоор ажиллаж байхдаа Хялганатын 10 жилийн ойд очиж наадлаа. Малчдыг аваад оччихсон. Тэгсэн миний халтар морь зургаалаад, шүдлэн үрээ  нь түрүүлчихдэг юм. Хүрээд ирсэн чинь маргааш нь намын үүрийн товчоо хуралдана гэж байна. Би товчооны гишүүн болохоор яваад очлоо. Тэгсэн “Ид ажлын үеэр малчдыг дагуулж наадам хэсч сэлгүүцлээ” гээд надад арга хэмжээ авах тухай ярьж байна. Тэгэхээр нь би “Авбал ав, ав. Өөр суманд очоод морио түрүүлгэж сумын нэр гаргалаа гээд шагнах байх гэсэн чинь ингэж арга хэмжээ авах юм уу” гэлээ. Тэгсэн харин сануулаад өнгөрсөн. Бидний үед чинь сэхээтнүүд морь мал уяхад их дургүйцдэг байсан юм шүү дээ. Гэхдээ би тэр бүхнээс шантарч байгаагүй ээ. Морио уяад л явсан. Баруунбүрэн сумаас худалдаж авсан хул даага азарга болоод Сэлэнгийн 50 жилийн ойд гурваар давхиж байлаа. Мөн нэг хязаалан гурвалж байсан. Сэлэнгийн 60 жилийн ойгоор очиж их нас аман хүзүүдүүлж байлаа.
-Морь уях тал дээр хэнээс зөвлөгөө авдаг байв?
-Багширхаад байх юмгүй дээ. Мэргэжилдээ суурилаад хар ухаанаар уядаг байсан. Мэдээж нутгийн уяачдаас асууж зөвлөнө. Сүүл үедээ Зүүнхараагийн Шарав гэдэг өвгөнтэй их дотно байж асууж сурагладаг байсан. Тэр хүн морь танихдаа мундаг улсын наадмаас хоёр ч түрүү хүртэж байсан хүн. Тэр хүн надад бишгүй зүйлийг хэлж  сургасаан. Тэгээд ер нь залуу хүний хийморь гэж байдаг юм билээ. Уясан болгон л давхиад байдаг байсан. Одоо бол хойшоо л давхиад байна уу гэхээс урагшаа давхихаа байж./инээв/
-Сэлэнгэ чигийнхэн эрт тэжээсэн байх шүү?
-Би өөрөө малын мэргэжлийн хүн болохоор тэжээдэг байсаан. Тэр талын мэдээлэлтэй байсан болохоор бусдаасаа арай түрүүнд тэжээсэн байж мэднэ.
-Магадгүй тиймдээ ч юм уу, Сэлэнгийнхэн нэгэн үе төрийн наадмын дэвжээг эзэгнэж явсан юм билээ?
-Сэлэнгийн адуу ч хурдан шүү. Баруунхараа, Зүүнхараагийнхан хөлөөр нь хөтөлж очоод л түрүүлгэж айрагдуулчихдаг байсан. 7-р сарын 1-нд гараад 9-нд очно. Би ч гэсэн тэгээд л явж байсан. Наадам тааруулж амралтаа авах гэж бас хөөрхөн юм болноо. Гуйж гуйж 15 юмуу 16 хоногийн чөлөө аваад л замд гарна шүү дээ. Арга ч үгүй биз дээ. Зүүнхараа чинь 10000 гахайтай, 2000 үнээтэй улсын хамгийн том сангийн аж ахуй  байлаа  шүү дээ.
-Тэр том аж ахуйн ерөнхий зоотехникч нь та?
-Тийм. Бид чинь гучин хэдүүлээ явнаа. Замдаа морьдынхоо ажлыг хийгээд л. Халзан морины эзэн Ганбаатар хүртэл бидэнтэй хамт явсан.
-Анх буурал морьтойгоо Улсын наадамд ирэхдээ айрагдана гэж бодож байсан уу?
-Миний нэг дүү гадаад хэргийн яаманд жолооч хийдэг юм  байсан юм. Би наадмын хонийг нь аваачиж өгч яваа. Дүүдээ 61-ийн гарман дээр ирж ав гэлээ. Тэгсэн нөгөөх чинь орой эхнэртэйгээ ирээд авдаг юм. Тэгснээ уяа руу хараад “Ах аа, та буурал морио яаж давхих байх гэж бодож байна” гэж асууж байна. Би “Айрагдах байх гэж бодож байна” гэсэн юм. Тэгсэн гараад “Миний муу ахын морь айрагдах нь яамай, ядаж хорь дотор давхиасай” гэж эхнэртээ хэлсэн гэсэн. Тэгээд наадмын өдөр үдээс хойш зөвлөхүүдтэйгээ Туулын эрэг дээр байж байгаад радиогоо асаагаадахсан чинь Зүүнхараагийн сангийн аж ахуйн зоотехникчийн буурал морь аман хүзүүдлээ гэж зарлаж гэнэ. Тэгээд тэр чигээрээ зөвлөхтэйгээ манай уяа руу очсон байсан. Тэр үед нь би гараад явчихсан байсан юм. Миний найз Баянхонгорт байхдаа сонсоод маргааш нь цоллуулахаас өмнө онгоцоор хүрээд ирсэн байсан. Уясан морио хөтлөөд төв цэнгэлдэхэд ороход хүн болсны гавьяа юм болов уу гэж бодогдсон шүү. Нутагтаа ирэхэд манай зөвлөхүүд угтаж аваад мориор шагнаж байлаа. Ахынх нь мартахын аргагүй баяр жаргалтай мөчүүдийн нэг тэр дээ.
-Улсын наадамд анх очоод их морь аман хүзүүдүүлнэ гэдэг бас л том хийморь шүү?
-Тэгэлгүй яахав. Тэгж явахдаа би алаг морины Түвдэн гуайтай танилцсан. Их сайхан хүн байж билээ. Жаргалантын аманд очиж хоно. Тэндээсээ морь малаа зөө.  Давхихынх нь өглөө л авчир гээд их тусалсан даа. Бас буурал морийг хараад уяаны тал дээр нь зөвлөсөн. Би тэр хүнийг “миний багш” гэж боддог. Түвдэн гуай харчихаад “Энэ мундаг морь юмаа. Айргаас мултрахгүй адуу байна шүү” гэж хэлж байсан юм. Сүүлдээ сайн найз болоод би урьж Зүүнхараад авчраад гурав хоног амраасан. Түвдэн гуай чинь зүүн талаас морь мал авдаг байсан юм билээ. Тэгээд надад Хэнтийгээс нэг үрээ авчирч өгсөн. Тэрийг нь би шүдлэнд 14-өөр давхиулаад хулгайд алдчихсан.
-Та чинь хэдэн оны улсын Алдарт уяач билээ?
-Надад улсын Алдарт уяач цол авах санаа байгаагүй ээ. Болзол нь биелэсэн байна гэхээр тодорхойлолт өгсөн. Би 1998 онд Монгол улсын 112 дахь Алдарт уяач болсон юм. Надтай хамт арав гаруй хүн улсын Алдарт уяач болж байснаас Эрдэнэтийн Пүрэвжалыг л санадаг юм.
-Одоо таныг залган уяж байгаа хүн бий юу?
-Манай эхнэрийн дүү нар бүгд сайн уяачид. Дөрвөн аймгийн Алдарт уяач бий. Би гурван охин, дөрвөн хүүтэй. Хүүхүүд цөм төв суурин газар бараадсан. Зарим нь цэргийн дарга, зарим нь компанийн захирал нэг охин Канадад, нэг охин Америкт байна.
-Алдарт унасан нутаг угаасан усаа зорьж байна уу?
-Ойрын хоёр гурван жил явж чадсангүй ээ. Энэ жил явж төрсөн газрынхаа буурин дээр хөрвөөх санаа байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.Эрүүл энх байж урт насалж, удаан жаргаарай.
-Баярлалаа. Та нарын ажилд амжилт хүсье. Ийм сайхан сэтгүүл гаргаж байгаа та бүхний үйлс бүтэх болтугай.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна