МУ-ын Гавьяат малчин Ц.Шинэн:Тэмээний анхны Алдарт уяач цолыг хүртлээ

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 04 -нд

-Юуны өмнө хонгор нутгийнхаа нэрийг өргөн сар шинийн босгон дээр МУ-ын Гавьяат малчин хэмээх эрхэм цолны эзэн болсон танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа.Төр түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлээд  энэ их өндөр шагналын эзэн болсондоо сэтгэл өндөр байна. Би малчны гэр төрж өссөн удам дамжсан малчин хүн. Ухаан орсон цагаасаа л мал гэдэг халуун хошуутай амьтантай ойр байж өнөөдрийг хүрсэн. Эцгийн гэрээс өмч тасдаад өөрөө бие дааж мал маллах болсоор 30-аад жил болж байна.
-Нутаг орондоо тэмээнийхээ тоо толгойгоор тэргүүлдэг гэж сонссон. Голдуу тэмээ маллах уу?
-Ер нь таван хошуу мал маллана. Тэр дундаа тэмээг зонхилж өсгөдөг.
-Шинэн Гавьяатын тэмээ говийн аймгуудын уралдаанд түрүүллээ л гэж дуулддаг?
-Тэмээнийхээ хурд хүч болон ноолуурлаг чанарыг нэмэгдүүлэхийн тулд өөрийнхөө хэмжээнд бодлого барьдаг хүн. Энд тэндээс шилмэл хээлтүүлэгч авч, тэмээнийхээ чанарыг  сайжруулж байгаа. Жишээлбэл Ханын хэцийн хүрэн, хос зогдорт Төхөм тунгалагын хүрэн, Галбын говийн улаан зэрэг шилмэл үүлдрүүдээр цус сэлбэн сайжруулж байна.
-Тэмээ уясан амжилтаараа Алдарт уяач цолыг хүртсэн гэж дуулсан. Говийн сүр хүч болсон энэ  сүрлэг амьтны хурдыг ирлээд хичнээн жил болж байна вэ?
-Хүүхэд байхдаа тэмээ унадаг байсан. Сүүлдээ өөрөө уядаг болсон.Тэмээний уяа сойлгыг  хүйтэн сэрүүний улиралд тааруулж, тэр үед уралдуулдгаараа адуунаасаа ялгаатай.Идэр есийн хүйтэнд уяачийн хөдөлмөр эрхэлнэ гэдэг мэдээж амаргүй.Манай говь нутагт тэмээ уядаг хүмүүс олон бий. Гагцхүү тэдний энэхүү хүнд хөдөлмөрийг үнэлэх арга механизм нь учир дутагдалтай санагддаг. Сүүлийн үед манай аймаг, Өмнөговь аймаг орон нутгийнхаа хэмжээнд тэмээний Алдарт уяач төрүүлсэн. Энэ жил тэмээн поло спорт аялал жуулчлалын холбооноос тэмээний анхны Алдарт уяач цолыг надад олгосон. Холбооны маань Ерөнхийлөгч цаашид энэ тал дээр анхаарч морин уяачдын нэгэн адил тэмээ уяачдынхаа хөдөлмөрийг үнэлүүлэх механизмыг боловсруулах бизээ.
-Оюунбаатар тэргүүн анхааралдаа авах бизээ. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажлын амжилт хүсэхийн ялдамд нийт монголчуудадаа, тэр дундаа хонгор нутгийн түмэндээ гарч буй морин жил нь аз хиймориор дүүрэн байхыг хүсэн ерөөе.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна