УРИАЛГА

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 08 -нд

Эрхэм хүндэт уяачид, морины зүтгэлтнүүд ээ       
Монгол Улсад Адууны яам байгуулагдсаны түүхт 750 жилийн ойн хүрээнд Морьтон Монголчууд 2 төрлөөр дэлхийн дээд амжилтыг шинэчилэн эзэмшсэн, Дэлхийн морин уралдааны холбооны бүрэн эрхэт гишүүнээр элссэн, ээлжит 6 дугаар Их хурал болон шигшмэл хурдан морьдын Их Хурд уралдаанаа  зохион байгуулсан зэрэг амжилт бүтээлээр дүүрэн “Тийн ялагч” хэмээх Усан могой жил алсран одож, “Ялгуулсан” хэмээх Модон морин жил айлчлан ирж урин хаврын улиралтай золгож байна.
Хаврын тэргүүн сарын эхээр хүйтний ам цаашлаагүй үед аймаг, сум, аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй уралдаанууд ихээр зохион байгуулан зарим газарт уралдаанч хүүхэд мориноос унаж гэмтэж, бэртсэн харамсалтай үйл явдал тохиолдлоо. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө газар, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулан зөвлөмж, шаардлага ирүүлээд байна.
Монголын морин спорт уяачдын холбоо морин жилд зохион байгуулах хурдан морины уралдааны талаархи саналаа Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэн, хаврын нээлтийн уралдаан Дүнжингарав хаврын бүсийн уралдааныг 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар шийдвэр гарсан билээ. 
“Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэж манай ардын мэргэн үг бий. Хаврын нээлтийн уралдаан хүртэл зөвшөөрөлгүйгээр хурдан морины уралдаан зохион байгуулсан хэсэг хүмүүсээс улбаалж Монголын уяачдын талаар буруу, ташаа ойлголтыг нийгэмд хүргэж нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байна.
Иймд уяачид, морины зүтгэлтнүүд та бүхэнийг Монголын морин спорт уяачдын холбооны хаврын нээлтийн уралдаан буюу 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл зөвшөөрөлгүй жижиг уралдаанд оролцохгүй байхыг уриалж байна. 
Холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй, зохион байгуулж байгаа уралдаанд оролцохгүй байж уралдаанч хүүхдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ Монголын хурдан морь уях өв соёл, уяачдын нэр хүндийг хадгалах үйлсэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО
2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна