Даруухнаар хэлэгдсэн далан мянган адуу буюу их говийн зоригтнуудын түүх

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 12 -нд

Далан мянган адууг дархан хил давуулаагүй даруухан атлаа яруухан алдартай Балдан, Галдан, Дамбадаржаа нарын үйлсийг хойч үе мартахгүй. Тэд мөнх бусыг үзүүлсэн ч “Их говийн зоригтон” гэсэн алдар нь мөнх.
Генерал Шагдаржав 1945 оны хавар зудын байдалтай танилцах, хил хязгаарыг эргэх ажлаар Баянмөнх сумаар явж, шуурганд уруудсан адууг тогтоосон ажилтай танилцаж Засгийн газарт танилцуулан илтгэсэн байна. Түүнээс үндэслэн Б.Ринчен доктор алдарт найрууллаа бичсэн. Тэр их хүн амьдралын асар их туршлагатай, өндөр дээд түвшний боловсрол мэдлэгтэй, гоц авьяастай зохиолч гэдгээ энэ найрууллаар харуулж чадсан юм. Уран зохиолын найрууллын төрөлд энэхүү “Их говийн зоригтон” найруулал алтан үеийнхний анхы магнай болсон юм.
Би дунд сургуульд сурч байхдаа эл алдарт найрууллыг уншиж, уран зохиолын хичээлээр багшаараа заалгаж байсан сан.
“...Говийн их цөл газар үе улиран бүх цагийн гачаалтай тэмцэж давсаар ирсэн хатан зоригой хүмүүс оршин суудаг. Цуцалтгүй зүтгэн хөдөлмөрлөдөг зоригтон тэд догшин сүрт хатуу эх болсон цөл нутагтаа үнэн сэтгэлээсээ хайртай бөгөөд ядарсан хүмүүст туслах, тэтгэх, эцэг өвгөдийнхөө хэдийний зочирхог найртай сайхан ёсыг эрхэмлэн дагадаг байна” гэж түүний хэлсэн үг, бичсэн мөр одоо ч манай үеийнхэнд улам үнэтэй болсоор байна.
1944 оны бичин жилийн зуд гэж Монгол даяараа мэдэрсэн гачаалтай өвөл тохиолджээ. Монголын дорно зүгийн нутгуудад ойр хожид үзэгдээгүй цасан шуурга тавьж, Төв, Дундговь, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь аймгийн хойд талын сумдын адуу, үхэр ихээхэн хэмжээгээр уруудан бөөгнөрч явсаар Дорноговь аймгийн Баянмөнх /Өргөн/ сумын зүүн хойгуур орж иржээ. Энгүй олон адуу уруудсаар ирж яваа чимээ, их дуу нүргэлээд байсан гэдэг. Тэр олон адуун дунд сарлагийн бух хөл нь газар хүрэхгүй хавчуулагдан явсан гэх яриа байдаг. Баянмөнх сум улсын хилээс 50-хан км зайтай оршдог тул тэр олон адууг дархан хил давуулахгүй тогтоон буцаахаар буйдхан нутгийн дарга Төвийн Балдан, намын үүрийн дарга Дамбадаржаа нар зориг шулуудан нутгийн ард олныг зохион байгуулж унтах нойр, идэх хоолоо умартан бүсээ бараг тайлалгүй 90 хоног тэмцжээ. Эхэндээ тэр уруудсан маын түрүүчийг Туулайн талын хормойд хүргэж нар жаргааж буцжээ. Гэтэл хэд хоногоос адуу нэмэгдсээр хорь гаруй км ормын газрыг бүрхсэн байна. Усны үер мэт бөөнөөрөө уруудан орж ирсэн адууг дйилэлгүй Аргалын уулыг давуулан арай гэж тогтоож авч байв. Адууны эрэлчид газар газраас ирж адуугаа ялган авч чадахгүй байв. Эрэлчидтэй хэлэлцэж тохироод адууг тал бүрээс нь хумиж бөөгнүүлэн нэгэн зэрэг адуугуу шүүж авахаар зохион байгуулжээ. Өргөн хуниагаар цуглуулсан адуу хуучнаар Баянмөнх, одоогоор Өргөн сумын Өехийн говь гэдэг газар өргөөшөө 15 км, уртаашаа 20 км газрыг битүү бүрхжээ. Хүмүүс зуун мянган адуу байна гэцгээж байжээ. Даруухнаар сэтгэж далан мянгад тооцохоор тогтсон аж.
Дархан хилээ давуулалгүй тогтоосон адуугаа хумихад дөрвөн зуу орчим эрэлчин оролцжээ. Арванхоёрдугаар сарын 21-ний өглөө бүх эрэлчинд өөрсдийн сум орны адууг ялгаж авахыг сумын дарга Балдан зөвлөв. Эрэлчид тал бүр тийш өөрсдийн нутаг руу 24 мянга орчим адууг авч явжээ. Гэлээ ч үлдсэн нь газрын бүрхсэн хэвээр байжээ. Түүнээс хойш албан хаагчид голлох цөөн тооны ардууд адууг хумин сөргүүлэх ажлаа үргэлжлүүлж байлаа. Төдөлгүй аймгийн намын хороо, Мал эмнэлгийн дарга Галдан ахлагчтэй төлөөлөгчдийг ирүүлж тэдний ажилд хүч нэмж туслалцаа үзүүлсэн айна. Мөнөөх уруудсан адуу улам нэмэгдэж, хилийн хайчийг алхан нэвтрэх болсонд Заставын дарга, цэргүүд тэдэнд хүч сэлбэн ажиллажээ. Эл үйлсэд Хөх булагийн Заставын даргаар ажиллаж байсан Лхагвадорж /хожим 1947 онд баруун хязгаарт Осмөны эсрэг тулаанд баатарлаг гавьяа байгуулан амь эрсдэж, Монгол Улсын баатар болсон/ их идэвх зүтгэл гаргажээ.
Алдсан адууныхаа хойноос алс хол газрыг туулан явж, ядарч зүдэрсэн эрэлчдийг хооллож, ундлах, эрүүл мэндийг хамгаалах ажилд Баянмөнх сумын айлууд сайхан сэтгэлээр хандаж байлаа. Төвийн Балдангийн дурссанаар Бямбын Должин, Самдангийн Сампил нарын гэрийн эзэгтэй нарыг онцлон дурдаж болно. Энэ хүмүүс холын эрэлчдэд эцсийнхээ хоол, сүүлчийнхээ хормой аргалыг ч хайрлаагүй юм.
Нутгийн айлууд эрэлчдэд цай унд хийх, гэрэл гэгээ гаргах гээд бараг унтдаггүй байв. Олон эрэлчид уургаа гэр түшүүлээд тавихад багахан гэртэй айлд бол бараг тоононы гэрэл харагдахгүй болдог байв. Гэрийн зай багадсанаас олон хүн суугаагаараа нүдний хор гаргацгаадаг байжээ.
90 хоногийн хугацаанд өдөр шөнийг ялгалгүйгээр явж байсан хүмүүсийн дундаас Баянмөнх сумын багийн дарга Палам, Рэгзэнмятав, Дэндэв, албан хаагч Гончиг, Дамбадаржаа, Балдан, Жамбал /үүлэн/, Чойдорж, Чулуу нарын хүмүүсийг онцлон нэрлэх нь зүйтэй юм. Хөх булагийн заставын дарга Лхагвадорж болон агтны дарга Бадамдорж уруудсан адууг хилийн орчмоос өдөр бүр эргүүлж авчирч байлаа. Хөх булагийн заставынхан авчирсан адуугаа сумынханд орой бүр хүлээлгэн өгч, сумынхан хүлээн аваад шөнийн турш дотогш оруулан Аргалын уул, Алагийн хяр хүртэл сөргүүлэн хүргэдэг байлаа. Хэдийгээр сэхээ сэтгээгүй ажилласан ч адуу олон өргөн хэмжээний газар нутгийг хамарсан учраас уруудсан адууг алдсаар л байлаа.
Аймгийн төлөөлөгч Галдан, Дашдондов, Дулам нар өдөр шөнөнүй нутгийнхантай хамтран идэвх зүтгэлтэй ажилласан байна.
Монгол хүний сэтгэлд хайрлагдсан морин эрдэнэ далан мянга төдийгүй зуун мянган адууг харийн нутаг руу алдаагүй алдарт зоригтнууд Дорноговь аймгийн Баянмөнх сум /Өргөн/-аас тодрон гарчээ. Их эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений мэргэн үгээр “Их говийн зоригтон” хэмээх хорвоод хосгүй алдар суу түгсэн бөлгөө.
Энэхүү бичин жилийн дуулиант зудны зэрэгцээ элдэв явдал тохиолдсоор авай. Энэ үед хүйтний эрч 40 хэмээс бага байсангүй. Өдөр нь адуу хумин, ядарсан морийг адуунд нь тавихад хуучин Баянмөнх сумын төвийн баруун энгэрт нэг дор 45 морь бараг зогсоогоороо хөлдөж үхсэн байжээ.
Хамгийн сүүлд, хавар нь галтай саран тамгатай хонгор азаргатай 44 адууг Алтанширээ сумын эрэлчдэд хүлээлгэн өгснөөр энэ нүсэр бэрхшээлтэй зориг хатуужил шалгасан сорилт дууссан аж.
Алагийн хяр, Өөхийн говь цэлийн цэнхэртэж хөхөртөн сүүмийн алсад харагдана.  Энэ уудам тал нутгаар хурдан хүлэг морьд улс, аймагтаа алдар цуугаа мандуулах ерөөл орших авай.
Далан мянган адууны даллага авсан энэ нутгаас адуучин О.Мажиг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон нь сайн санааны үзүүрт тос гэсэнтэй агаар нэгэн болой.

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.