Морин жилийн анхны дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 17 -нд


Хүлгийн хийморьт сүслэгч Монгол түмнийхээ мэндийг эрж, амрыг айлтгая. Айлчлан ирсэн арван долдугаар жарны ялгуусан хэмээх модон морин жилд элгэн түмэн минь  эрүүл энх, элбэг баян байх болтугай.
Морин жилийн анхны дугаарын зочноор Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Онон уригдан уяаны арга барил, засал дом  хийгээд адуу маллах ёсон гэсэн сэдвүүдээр дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн. Та Тод манлайн сонирхолтой ярилцлагыг 6-19 нүүрнээс хүлээн авч уншаарай.
Сэтгүүлийн дараагийн хуудсуудад морин жилийн босгон дээр төрийн хишиг хүртсэн нэр бүхий 17 уяачийн шинэхэн фото, могой жилийн ММСУХ-ны шилдгүүд шагналаа гардан авсан тухай мэдээлэл багтсан байгаа.
Энэ удаагийн дугаараас эхлэн бид орон нутгийн мэдээллийн шинэ булан нээж буй бөгөөд эрхэм уншигч, морь сонирхогч та бүхэн өөрийн орон нутагт болж буй уралдаан тэмцээн, үйл явдлын мэдээ, мэдээллээ илгээх боломжтой болж буй юм.
Та мэдээллээ todmagnai@ymail.com гэсэн хаягаар и-майлдэн илгээгээрэй. Шинэ булангаас анхны зочноор Говь-Алтай, Булган, Орхон, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн шинэхэн Алдартууд  саатсан байгаа.
Мөн Төв аймгийн Архуст суманд болсон уралдаан, шинэхэн Алдарт Чулууны ярилцлагыг хүлээн авч уншаарай.
Сэтгүүлийн дараа дараагийн хуудсуудад мэдээж  шинэ мэдээлэл бүхий уламжлалт булангууд хүлээж байгаа. Та бүхэн сэтгүүлээ "Интер" номын салбар дэлгүүрүүд, сонин борлуулах цэгүүд, мөн манай редакцийн 9408-2992, 9111-5114 дугаарын утсанд холбогдон авч болно. 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна