Шилдэг залуу уяач Б.Пүрэв-Очир: Өнгөрсөн жил бүсийн наадмуудаас 2 түрүү, 4 айраг авсан

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 21 -нд

2013 онд Улсын наадам, бүсийн уралдаанаас хоёр түрүү, гурван айраг хүртсэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Батсайханы Пүрэв-Очир могой жилийн шилдэг залуу уяачаар тодорсон юм. Тэрээр 22 настай бөгөөд Гиннест морь уралдуулсан уяачдаас хамгийн залуу нь байв. Б.Пүрэв-Очир Гиннесийн 4249 морины уралдаанд баруун бүсэд өсгийн цагаан зээрд их насны морь түрүүлгэж, мөн бор их насны морь айргийн тавд хурдлуулсан. 

-Морин жилийн босгон дээр Монгол Улсын "Шилдэг залуу уяач" боллоо. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?
-Юуны өмнө “Тод магнай” сайт, сэтгүүлээр дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд XVII жарны модон морин жилийн мэнд дэвшүүлье. Төрийнхөө ордонд орж, Шилдэг залуу уяачийн өргөмжлөлөө гардан авсандаа баяртай байна. Яг энэ мөчид уяаны их эрдэмд хөтөлсөн багшдаа үнэхээр их баярлаж байна. Би хотод ирээд багштайгаа уулзсан л даа. Илүү их хичээж, өндөр амжилт гаргахыг ерөөсөн.
-Өнгөрсөн могой жилд олз омог дүүрэн байв уу?
-Өнгөрсөн могой жил тухайн жилийн өнгө тольдох Дүнжингаравын хурдад соёолонгоо мордуулсан ч хадуурчихсан. Уг нь хязааландаа Дүнжингаравт айрагдаж байсан хурдан буян л даа. Харин улсын наадамд зээрд морио мордуулаад Ерөөлтийн халзантай зуузай холбон яваад суучихаар нь татчихсан. Дараа нь Завхан аймгийн 90 жил, баруун бүсийн даншиг наадамд очиж нэг түрүү, гурван айраг хүртлээ. Нэг азаргаа түрүүлгэж, нөгөөг нь айргийн гурваар хурдлуулж, их морь, даага тус тус аман хүзүүдүүллээ. Залгаад Монгол Улсад Адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд болсон “Монгол морь 3000” Гиннесийн уралдаанд амжилттай сайхан оролцсон. Энд Завханд аман хүзүүдсэн их морь түрүүлж, нэг нь айргийн таваар хурдлав. Завхан гарахаасаа өмнө шумуул ихтэй болохоор шөнөдөө морьдоо амрааж чадахгүй байх вий гэж эмээж байснаа нуугаад яахав. Харин тэгсэн сэрүүхэн сайхан өдөр таарсан. Өвс ургамал жигд, тэгшхэн сайхан нутгийн уул ус ээлээ хайрлаж одтой сайхан наадсандаа сэтгэл их өндөр байгаа шүү. 
-Бие дааж морь уяад удаж байна уу?
-Би чинь багадаа хурдан морины унаач хүү явлаа. Даваахүү Тод манлайн уясан Дагваа /МУ-ын Алдарт уяач Д.Дагвадорж/ ахын морийг унадаг байв. Багадаа өвөөгийндөө очиж хурдан морь унадаг байсан болохоор энэ нь хэцүү ажил байгаагүй л дээ. Тэгэхэд зургаа, долоон настай Даваахүү ахынд ирж, арав гаруй жил хурдны морь унасан. Энэ хугацаанд том наадмуудаас нэг их олон айраг, түрүү авч байгаагүй л дээ. Улсын наадамд нэг удаа есөлж, “Их хурд”-д долоолж байсан. Харин бага наадмаас айраг, түрүү чамлахааргүй шүү. Ингээд мориноос хасагдаад туслах уяач болж, уяаны эрдмийг Даваахүү Тод манлайгаар заалгаж байлаа. Би азтай хүн шүү, зууны Манлай уяачаар уяаны хичээл заалгасан.
-Багш тань уяаны эрдмээс алийг нь илүү онцолдог вэ?
-Багш маань моринд зөөлхөн хандахыг байнга л захидаг хүн. Эхнээс нь эвээр, алсаас нь зөөлхөн эдлэхийг зөвлөдөг. Зөв эдэлгээтэй морь буруудна гэж байдаггүй гэдэг юм. Мэдээж маш олон зүйлийг багшаасаа сурсан. Эндээс адуутай зөв харьцах нь яваандаа амжилт гаргахын эхлэл гэдгийг илүү ойлгосон гэж болно.
-Анхны томоохон наадмын айраг, түрүүгээ хэзээ хүртэж байв?
-2009 онд Амарбаясгалантын буюу Сэлэнгийн бүсэд хонгор азарга айргийн дөрвөөр хурдлуулж байлаа. Дараа нь Унагалдайгаа оруулсан бол өнгөрсөн жил бүсийн наадмуудаас 2 түрүү, 4 айраг аваад байна.
-Дагвадорж Алдартын морьдыг л уяад байна уу?
-Тийм ээ, Дагваа ахынхаа морийг л уяж байна. Завханд аман хүзүүдсэн их морийг нь унаган цагаас нь уяж байна. Харин гуравладаг хүрэн азаргаа хоёр,  гурван жилийн өмнөөс уяж байна. Энэ азарга Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу байгаа юм. Анхандаа санаснаар тарга хүч авахгүй, туранхай, ядруухан амьтан байлаа. Зундаа л уяна. Аятайхан цээжинд гарч явснаа суусаар дунд хавьцаа  л орчихно гээч. Өнгөрсөн зун сунгаануудад их хурдан байгаад ханиад хүрээд улсын наадамд 24-т орж, давхар уяагаар баруун хойшоо явсан нь тэр. Хул азаргыг саяхнаас л уяж байгаа юм.
-Таны хувьд олон жил унаач  явжээ. Тэгэхээр өнөөдөр яригдаад байгаа унаач хүүхдийн асуудал дээр өөрийн бодлоосоо хуваалцаач?
-Би бол энэ амьдралыг биеэрээ мэдэрсэн хүн. Зуны цагтаа улсынхаа наадамд, хавартаа Дүнжингаравт уралдаж л явлаа. Ингэлээ гээд гар хуруугаа хөлдөөж, бэртэж гэмтэж байсангүй. Өнөөдөр тухайн унаач хүүхэд осолдож, гэмтэж байгаа нь уяачийн ажлын алдаа л гэж би хэлнэ. Түүнээс биш тухайн хүүхдэд хамгаалалтын хувцсыг нь иж бүрнээр нь өмсүүлээд, зохион байгуулалт сайтай уралдаанаа явуулвал ийм асуудал гараад байхгүй болов уу. Ер нь хаврын уралдааныг газар гэсээгүй, халтиргаа гулгаа үүсээгүй байх үед хийх нь аюул багатай л даа.
-Унаач хүүхдүүдийн хэдэн хувь нь өөрийн сонирхлоор морь унадаг юм бол оо?
-Энэ тухай нарийн мэдэхгүй. Мэдээж  амьдралын шаардлагаар морь унаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь цөөхөн болов уу. Монгол хүн хүүхэд байхын л адуутай нөхөрлөдөг. Тэр тусмаа хөдөөгийн хүүхдүүд. Тэр утгаараа өөрийн дур сонирхлоороо хурдан морь унадаг болов уу. Манай унаач Мөнхболд гэхэд морь унах их дуртай. Өмнөговийн Цогтцэцийн хүүхэд моринд дуртай сэтгэлдээ хөтлөгдөөд өөрөө над дээр ирж байснаас хойш хоёр, гурван жил болж байна. Сая шилдэг унаач болсон. 
-Унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж байгаа одоогийн механизм зөв үү?
-Одоо бай шагналынхаа 20 хувийг авч байгаа. Энэ бол болж байна л гэж хэлнэ
-Удахгүй 2014 оны уралдаанууд эхэлнэ. Уяа хэр эвлэж байна даа?
-Сайн байгаа. Дүнжингаравынхаа хурдад хоёр азарга, хоёр их морь бэлдээд байна. Бас эрлийз дээд насанд нэг морь сойж байгаа. 
-Ярилцсан танд баярлалаа.

А.Мөнх /2013 он. 01 сар/

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна