Аймгийн Алдарт уяач Ж.Чулуун: Миний хар азарга адуу адуунаас өөр, аргагүй төрчихсөн буян
Унаган хүлгэд нь улс, бүсийн наадамд урамтай сайхан хурдалж буй Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жамъянгийн Чулуунтай уулзаж ярилцлаа. Хурдан хүлгэдийнхээ буянаар морь сонирхогчдын эчнээ танил болсон энэ эрхмийн яриа уншигч таны таалалд нийцэх биз ээ.
-Алдартын нэртэй унаган хүлгэд амжилт дагуулан хурдалж байна. Морин жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2014” уралдаанд танай унаган хүрэн азарга түрүүллээ.
-Өндөр зээрд азарганы маань төл, аймгийн Алдарт уяач Энхболдын хүрэн азарга морин жилийн хаврын бүсийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд-2014”-д түрүүллээ. Бага насандаа энэ хавиараа хэд хэд айрагдаж, Дундговьд аймагт болдог хаврын бүсийн “Мандалын хурд” уралдаанд түрүүлж байсан адуу.
-Эцэг Өндөр зээрд азарга нь ямар амжилт үзүүлж байсан юм бэ?
-Манай ах, Улсын аварга малчин Дондов гэж хүний унаган адуу байгаа юм. Өндөр зээрдийн эцэг нь том хүрэн азарга, харин эх нь яхир Дондогийн хар гэж багадаа их хурдан байсан азарганы төл халтар гүү байсан. Ах маань зээрд азаргыг дааганд нь хүүдээ өгснийг, манай найз аймгийн заан Дорж бид хоёр үзчихээд “азарга тавибал болохоор юм байна” гэж ярилцаад 300 мянган төгрөгөөр авч байсан юм. Тэгээд тэр жилээ уяад үзсэн, хөлийн хурдтай адуу байсан. Харамсалтай нь Өвгөн хар азарга маань ид хурдан байсан болохоор зээрд үрээг дахин оролдож чадаагүй юм. Харин Өндөр зээрдийн төл соёолон хүрэн үрээ сумынхаа баяр наадамд түрүүлснийг манай аймгийн МСУХ-ны тэргүүн байсан Манлай уяач Ч.Гансүх авсан. Өөр нэг төл нь сая Дүнжингаравт түрүүлдэг Энхболдын хүрэн азарга байна. Бас нэг хүрэн үрээг Өвөрхангай аймгийн харьяат Намдаг гэдэг хүнд өгсөн. Ноднин Архангай аймгийн Хотонт суманд болсон уралдаанд нэг айрагдсан дуулдана лээ. Бас нэг эмнэг шахуу хонгор үрээ сумандаа уралдаж, Тайваны хонгор азарганы ар дээр ирсэн юм. Түүнийг Хөвсгөл аймгийн нэг залуу авъя гэсээр байгаад аваад явсан. Очсон өвлөө хязаалан үрээ азаргатай уралдаад түрүүлж байна гэсэн сурагтай байсан. Ахиад дуулдсангүй. Хөлийг нь эвгүйтүүлчихэв үү, яав.
-Мөнххааны захын уяачтай уулзахад таны Өвгөн хар азарганы талаар ярих юм. Домог мэт тахигдсан энэ хурдан хүлгийнхээ талаар хуучлаач?
-Банзайн Түвшин гэж залуугийн хурдан Буган азарганы төл хар даагыг би мөнгө нугараагүй байхад 10 мянган төгрөгөөр авч байлаа. Тэр үеийн 10 мянган төгрөг гэдэг чамгүй өндөр хөлс шүү дээ. Эцэг Буган азарганы дээд угшлыг хөөвөл Тайж гаралтай Бадиа адуу болдог.
-10 мянган төгрөгөөр даага авна гэдэг хэр баргийн хүний санаанд багтах үнэ биш. Хар дааганы юунд нь тэгтлээ найдлага тавьсан юм бэ?
-1989 оны зун хар дааганы эцэг Буган азарга нь төрсөн дүүгийнхээ хамт сумын наадамд түрүүлэхгүй юу. Мөн эхээс нь гарсан бас нэг үрээ айрагдаж, хар даага өөрөө тав дээр давхиж байгаад зургаалсан юм. Тэгээд л удам угшил талаас нь хөөвөл аргагүй хурдан юм байна гэдгийг мэдэрсэн.
-Эзэн нь ч бас хурдан гэдгийг нь мэдэрдэг байж. Тиймдээ ч тийм өндөр үнэ хэлсэн байх?
-Энэ сайн адуу болох нь авъя гэтэл “10 мянган төгрөг өгөөд ав” гэсэн. Тэгээд л хэлснийг нь өгч хар үрээгээ өөрийн болгосон доо. Хар азарга маань надад олон сайхан хурдан төл өгсөн. Одоо дөрвөн хар азарга байна. Хамгийн том нь энэ жил 18 настай. Сумынхаа баяр наадамд гурав аман хүзүүдсэн хурдан хүлэг. Дараагийн хар азарга нь сумандаа нэг түрүүлж, гурав айрагдсан. Түүний дараагийнх нь их хурдан байсан ч би ачдаа өгчихсөн юм. Дөрөв дэх хар азарга соёолондоо энэ хавиараа хэд хэд түрүүлээд, бас зарагдсан.
-Хэн гэдэг хүн авсан юм бэ. Очоод ямар амжилт үзүүлсэн гэнэ?
-Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Жадамбын Бат-Эрдэнэ гэдэг залуу авсан. Тэр хүнд очоод Улсын наадамд есөөр давхиж, дараа нь “Мандалын хурд-2012” говийн бүсийн уралдаанд айрагдсан байна лээ. Ер нь миний хар азарганууд бүгд төл сайтай. Хамар цагаан харын төл шүдлэн, хязаалан хоёр үрээ сумынхаа наадамд түрүүлсэн. 18-тай хар азарганы төл даага ноднин сумынхаа наадамд бас түрүүлсэн.
-АХ-ын 91 жилийн ойгоор айргийн тавд хурдалсан Мөнхтайваны Хулан хээр хар азаргануудын чинь угшилтай гэдэг байх аа?
-Тиймээ. Мөнхтайван манай том хүү Ганболдын найз. Хулан хээр бага харын маань төл байгаа юм.
-Та ер нь Өвгөн хар азаргандаа ямар удам угшилтай гүүнүүд хураалгаж, хурдны үрийг тарьсан юм бэ?
-Би хар азаргандаа дөрвөн хар гүү тавьсан. Тэр бүгдээс нь хурдан адуу гарсан. Нэг жил манай гадаа сунгаан болж Хас-Эрдэнэ гэдэг залуугийн морийг унадаг хүү сайхан хар шүдлэн байдас уначихсан ирсэн юм. Цоохор хонгорын угшилтай тэр байдас нүдэнд тусаад байхаар нь наймаа хийсэн. Тэр хар гүүнээс энэ хэдэн хар азарга гарлаа шүү дээ. Өөр бас нэг хар гүү авсан юм байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Хэнтий аймгийн Галшар сумтай адууны солио хийхээр болж тэр дунд нь нэг их дэлтэй хар байдас байхаар нь асуусан чинь “манай сумын их сайн удамтай айлын адууны байдас” гэдэг юм байна. Тэгсэн манай сумын Ганболд гэдэг залуу аваад, би түүнээс хойтон жил нь орны адуун дээр нь 300 төгрөг өгч авсан юм. Одоо бодож байхад бүгд л сайн удамтай гүүнүүд таарч байсан юм билээ.
-Өвгөн хар азарга тань өөрөө уралдаад ямар амжилт гаргаж байсан юм бэ?
-Дааганд нь аваад, хязааланд нь уяж Уулбаян сумын 70 жилийн ойд уралдуулан 20-д давхиулсан. Соёолондоо ханиагаад уяж чадаагүй. Тэгээд бүдүүрснээсээ хойш 15 хүртлээ айраг таслаагүй ээ. Миний хар азарга адуу адуунаас өөр, аргагүй төрчихсөн буян л даа. Сууна гэж мэдэхгүй. Гар хөдөлгөх тоолонд огло харайгаад холддог. Хаагуур эргэсэн нь хамаагүй хэд харайгаад л тархинд гардаг адуу.Төлүүд нь сайн байгаа ч эцэг шигээ адуу харагдахгүй л байгаа юм. Харин нэг хязаалан үрээг Өвгөн харыг дуурайсан адуу гарах нь гээд манай хүүхдүүд магтаад байгаа.
-Унаган адуунаас улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан нь дээр ярьснаар хязгаарлагдахгүй байх?
-Мөнхтайваны Хулан хээр чинь “Говьшанхын хурд-4” уралдаанд хязааландаа түрүүлчихээд, дараа жил нь соёолондоо улсад айрагдаж байгаа нь тэр. Мөн манай хүргэн Октъябрийн хүрэн даага сумынхаа наадамд түрүүлээд, АХ-ын 90 жилийн их ойд айрагдсан шүү дээ. Аймгийн Алдарт уяач Санчирт өгсөн хээр азарга аймгийнхаа бүсэд хэд хэд түрүүлсэн. Ингээд яриад байвал олон бий.
-Ихэнх нь хөвгүүдээр тань дамжиж зарагдсан байдаг юм билээ?
-Хурдан буяныг түмэн олонтойгоо хуваалцалгүй яахав. Ганболд, Гантөмөр хоёрын зарсан адуунууд очсон газар бүртээ хурдалж, авсан эзнээ баярлуулж байгаа дуулддаг. Мөн манай нутгийнхан миний хар азаргануудын төлөөс авч азарга тавиад түүнийхээ үр төлөөс зардаг юм билээ. Тэгээд өгөхдөө Чулуун гуайн харуудын угшилтай гэж хэлээд нөгөө морь авсан хүмүүс нь давхиад ирэхээр нь “Чулуун гуайн угшилтай” гээд ярьдаг бололтой юм билээ. Би адууны наймаанд нэг их оролцдоггүй хүн. Хүүхдүүд л адуунд дуртай, хурдан морь сонирхдог хүмүүстэй уулзаж нөхөрлөн, өөрийнхөө болон энд тэндхийн сайн адууг зааж өгдөг юм шиг байна лээ. Өнгөрсөн зун их сайн хурдалсан Энхтайваны хонгор халзан морийг авахад Гантөмөр Ихбаяртай хамт явсан гэсэн. Би Ихбаярыг адууны хөдөлгөөнийг бүрэн гаргадаг сайн уяач гэж боддог.
-Аль ч газрын наадамд Сүхбаатарын адуу дийлж уралдаж байна. Түүнийгээ дагаад үнэ ханш нь ч жил ирэх тусам өсч байх шиг...?
-Хаа сайгүй Сүхбаатар, Хэнтий аймгийн адуунууд дийлж уралдаад байхаар хүн бүхэн л тэндээс ганц үрээтэй болчих юмсан гэсэн хүсэлтэй болж байна. Түүнтэй нь уялдаад адууны үнэ ханш ч өсч байна. Гэхдээ сүүлийн үед хүмүүс үрээ гэхээсээ илүүтэй гүү авах сонирхолтой болж байна. Бодвол өөрсдөдөө байгаа нэг, хоёрдугаар үеийн эрлийз азаргандаа хураалгах гэдэг байлгүй дээ. Харин боломжийн хөрөнгөтэй хүмүүс бол цоорсон, хурд нь тодорсон адууг үнэ хайрлалгүй авч байна. Хөдөөгийнхөн болохоор даага л авъя гэх юм.
-Сүхбаатарын адууны хурдлах чадварыг та хувьдаа юутай холбон үздэг вэ?
-Манай аймгийн адуу удам угсаа сайтай. Гэхдээ хамгийн гол зүйл нь байгаль, ургамалдаа байгаа юм. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр манай эндээс сайн угшилтай азарга, гүү авч очоод үржилд оруулахад дундаас нь яг Сүхбаатарт байсан шиг нь хурдан адуу төрөхгүй байна. Тэр бүү хэл, манай эндээс адуу авч яваад гурван жилийн дараа буцаагаад авчрахад дэл сүүл нь ихсээд, буурал дух хоншоортой, хөл нь бүдүүрчихсэн байх жишээтэй. Тэгсэн энд байсан адуу нь зүгээр байх жишээтэй. Тиймээс Сүхбаатарын адуу хурдан байгаад хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл бол байгаль орчин.
-Тэгвэл танай сумын тухайд. Мөнххааны адуу хэзээнээсээ хурдан хурц гэгддэг байсан. АХ-ын эхэн үеийн баяр наадмуудад энэ нутгийн адуу айраг, түрүү алдаж үзээгүйг амжилтын цуваанаас бэлхнээ харж болно?
-Бүрэнцогтын уурхай нээгдэж, тэнд ажиллахаар газар бүрийн хүмүүс ирж манай нутагт суурьшсан. Тэгэхдээ хүн бүхэн нутаг орноосоо сайн гэсэн адуугаа авчирч, ажлаа тараад уяж хурдлуулдаг байлаа. Түүгээр нэлээд цус сэлбэгдсэн байх гэж боддог.
-Мөнххааны хурдан адуунууд ямар нэг байдлаар Босоо цавьдартай холбогдоод байдаг. Та тэр цавьдар азаргыг харж байв уу?
-Би Босоог нэлээд хөгширсөн хойно нь харж байсан. Дааган цагаасаа эхлээд хурдалсан гээд их сайхан зээрд азарга байж билээ. Даагандаа Хэнтий аймгийн 40 жилийн ойгоор түрүүлэхэд нь унаж байсан Сергей гэж 50 гаруй насны хүн бий. Тэр хүн “Босоо бол төрмөл хурдан хүлэг байсан. Азаргандаа ажил хийх гээд “тэр хүрээд ир” гээд намайг явуулна. Нэг овоо давахад л азарга буцах гээд ер явахгүй.Тэгэхээр нь овооны цаана сууж байгаад хэлсэн газар нь хүрээд ирэх хугацаа боллоо гэж бодохоороо мордоод очдог байж билээ. Тэгээд ажилгүй шахуу хэрнээ Бүрэнгийнхээ наадамд түрүүлчихдэг байсан. Сумандаа түрүүлчихээд давхар уяагаар Хэнтийн наадамд очоод түрүүлнэ. Хэрвээ ажлыг нь хийгээд уралдуулсан бол малтай уралдах амьтан биш байсан” хэмээн одоо хэр нь хуучилдаг юм.
-Танд Босоогийн угшилтай адуу бий юу?
-Бий, бий. Миний халиун азарга Босоогийн дөрөв дэх үеийн төл. Босоогийн төл хонгор гүү. Хонгор гүүний төл Пүрвээгийн хул. Пүрвээгийн хулын төл нь миний халиун азарга байгаа юм.
-Танай Мөнххаанаар Босоогийн төл их тархсан байх шүү?
-Босоогийн төл хар, хонгор хоёр гүү манай Бүрэнгийн зүүн талд үлдсэн юм. Тэр хоёроос гарсан эр бүгд нь хурдалж байлаа. Баадуу Дорж гуайн Дэлдэн хүрэн азарганд Босоогийн төл хонгор гүүг хураалгаж, Пүрэвжавын хул, Дугарсүрэн гуайн хүргэн Гомбын хоёр хул азарга, Очирхуягийн хул гээд олон хурдан адуу төрсөн. Дэлдэн хүрэн азарга бол даагандаа морины байнд ирсэн адуу. Түүнд нь Дорж гуай “Дэлдэн хүрэн” гэдэг нэр өгч, соёолон хүртлээ хурдлуулаад Гансүх гэдэг хүнд 2000 төгрөгөөр зарсан юм билээ. Тэгээд тэр цагаас хойш Гансүхийн “Дэлдэн хүрэн” гэж цуутай хурдан хүлэг болсон доо. Тэр хүрэн азарганд Дугарсүрэн гуай Босоогийн төл хонгор гүүгээ тавьж, дээр хэлсэн олон хул азарга чинь гарсан юм. Тэгээд сүүлдээ Дугарсүрэн гуайнх Талбулагийн уурхай руу нүүх болоод “би хөгшин гүүгээр яахав. Чи аваад үлд” гээд “Ембүү” Пүрвээд үлдээгээд явсан юм билээ. Тэр жил нь Дэлдэн хүрэнгийн төл хүрэн азарга гараад, дараа жил нь будан азаргандаа тавьж, загалтай хонгор морь, загалтай хонгор гүү гарсан. Бүдүүн Дэжид гэж хүнд бас Босоогийн угшилтай нэг хар гүү байсныг Баадуу Дорж гуайн алаг азарганд тавин их олон хурдан адуу гарч, манай сумын баруун талаар тарсан даа.
-Хурдан адууг танихдаа гаргуун хэмээгддэг Баадуу Дорж гуайг ойроос мэдэх хүний нэг нь таныг гэх юм билээ. Дорж гуай үрээнүүдээ бараг засдаггүй байсан гэдэг үнэн үү?
-Үнээн. Адуугаа барагтай засдаггүй. Дандаа хушгатайгаа явж байдаг байсан. Дорж гуай надад их сайн. Манайхаар их ирнэ. Нэг жил будан, хүрэн хоёр хязаалан хөтөлж ирээд “энэ жил будан нь сайн давхих байх. Хүрэн нь ирээдүйд сайн адуу болно, чи ав” гэсэн юм. Би авч чадаагүй. Тэгээд наадам болж будан үрээ нь түрүүлж, хүрэн аман хүзүүдсэн. Түүнээс хойш будан нь яваагүй. Харин хүрэн үрээ нь их олон түрүүлж, айрагдсан. Ер нь адуу сайн таньдаг хүн байсан шүү. Надад хэд хэдэн адуу өгсөн. Би ч бас өгч л байсан. Дорж гуайн адууны угшилтай хоёр алаг гүү надад одоо бий.
-Хурд таних мэлмийтэй байна гэдэг уяачийн том ур чадвар шүү?
-Дорж гуай азарга, гүүний тохироог маш сайн тааруулдаг хүн байсан. Лхагваад “миний алаг азарганд хоёр гүү тавь” гэж хэлээд өөрөө гүүг нь сонгож тавиулсан юм билээ. Тэр хоёр гүүнээс хоёр сайн алаг азарга гарсан. Өөрөө олон газраас адуу цуглуулсан хүн. Хурдан алгууд нь Хэнтийн Баянхутагийн “Шаазан” Шарав гэдэг хүний алгуудын угшилтай. Дорж гуай нэг сайн хүндээ их сайн, ухаалаг уужуу сайхан хүн байж билээ.
-Адууны хурдыг үе дамжин хадгалахын тулд ямар бодлого баримтлах ёстой юм бол. Энэ талаар Алдартын бодлыг сонсмоор байна?
-Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Би бол сайн адууны цус холдоо ч гэсэн татагдаж, хадгалагдаж байна л гэж боддог. Жишээлбэл, миний хар азарга эх талаасаа Далиу ногооны угшилтай. Далиу ногооны төл Батжаргалын саарал азарга.Түүний төл Мягмарын хар азарга. Хар азарганы төл гүүнээс миний Өвгөн хар азарга гарсан. Хүслэнгийн хар азаргыг харсан хүмүүс “Далиу ногоон яг ийм азарга байсан гэдэг. Яг дүрээрээ байна” л гэлцдэг юм. Надад ч бас Далиугийн зураг бий. Хараад байхаар нээрэн ч адилхан ч юм шиг харагддаг шүү.
-Таныг залуудаа адуунд их эрэмгий байсан гэлцэх юм билээ. Тэр талаараа хуучлаач?
-Би 18 настай нэгдлийн адуучин болж, бригадын өдөрлөг дээр морь уургалан, эмнэг сургаж бүтэн өдөржин юм болсон. Тэгж байгаад удалгүй цэрэгт татагдаж, 1966 оны хавар яваад 1969 оны намар халагдаж ирсэн. Манай оны цэргүүд бүгд гурван жил, гурван сар алба хааж байсан.
-Та хаана алба хаасан юм бэ?
-Нисэхийн 107 дугаар ангид. Тэнд жолоочийн мэргэжил эзэмшээд халагдаж ирснийхээ дараа нэг хэсэг жолооч хийж, адуунаас хэсэг холдсоон.
-Эргээд адуутай холбогдоход хэн нөлөөлсөн юм бэ?
-Моринд дуртай олон найзууд маань нөлөөлсөн байх. Бас манай ах Улсын аварга малчин Дондов гэж хүн байлаа. Ах маань нэгдлийн адуу маллаж байгаад сүүлдээ сор сүрэг маллаж байсан юм. Тэр ахын маань нөлөө их байсан. Тэгээд “Бураа” Пүрэвжаваас 800 төгрөгөөр нэг хээр азарга аваад, холбооны Балжиннямаас сайхан зэгэл азарга авч адууныхаа суурийг тавьж байлаа. Үүн дээр Пүрвээгийн адууны угшилтай сайхан зээрд азарга авч, төлүүдийг нь Өндөр зээрддээ тавиад л хурд төрж эхэлсэн дээ.
-Унаган адуугаараа урамтай наадагч Алдарт үндэсний спортын хос малгайтан. Хэзээнээс шагайн харваагаар хичээллэх болсон юм бэ?
-Шагайн харваа бол дэлхийд цор ганц манай үндэсний уламжлалт тоглоом шүү дээ. Энэ спортоор хорин хэдэн настайгаасаа хичээллэж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд таван жил дараалан түрүүлж аймгийн Гоц мэргэн байлаа. Шагайн харвааны Харьшгүй мэргэн цолтой. Морь уяад хэдэн жил шагайнаасаа жаахан холдсон байсан, хотод ирээд эргээд харваж байна. Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд орж хоёрдугаар байр эзэллээ. Цомын төлөө тэмцээнд манай баг түрүүлсэн. Мөн Дархан хотод болсон тэмцээнд багаараа гуравдугаар байр эзэлсэн. Шагайн холбоо энэ спортоо хөгжүүлэхийн тулд олон зүйл хийж байгаад хувьдаа баяртай явдаг юм.
-Ярилцлагаа амттай сайхан дурсамжаар өндөрлөе гэж бодож байна. Морь уясан энэ он жилүүдэд хамгийн ихээр баярлуулсан бахдалт наадам нь хэзээ байсан бэ?
-Улсын наадамд унаган адуу айрагдахад баярлалгүй л яахав. Гэхдээ 2011 онд Улсын наадамд явж байхдаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын наадамтай таарч, морьд ажил багатай байгаа юм чинь гээд оролцохоор шийдлээ. Нэг давхилтай байсан хар азаргаа мордуултал айрагдчихлаа. Дараа нь соёолон, хязаалан, шүдлэн гурвуулаа түрүүлж их баярлуулсан даа. Тэгж олноороо түрүүлэх чинь сайхан л юм билээ. Мөн өнгөрсөн жил манай сумын 90 жилийн ой болж, хоёр хүргэний маань даага, хязаалан түрүүлэхэд бас сайхан л байсан.
-Ийм бахдам дурсамжит наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Уясан хүлэг бүхэн тань хурдалж, алтан жолоо өргүүлж байх болтугай.
-Танай сэтгүүлээр дамжуулаад Монголынхоо нийт уяачид болон шагайн холбооны бүх гишүүддээ мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ц.Амарбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна