Үндэсний сур харваанд Ерөөчүүд тэргүүлсэн АХ-ын 19 жилийн ойн баяр наадам

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 29 -нд

Энэ жилийн Улсын наадамд 512 бөх зодоглосноос Ш.Ванчинхүү заан ес даван түрүүлж, “Гулзгай” хэмээх У.Дамчаа заан үзүүрлэж тус тус улсын арслан цол хүртжээ
Хурдан морины уралдааны азарганд О.Намсрай /Төв.Баяндэлгэр/-н хүрэн, их насанд Ж.Балдан /Хэнтий.Мөнххаан/-гийн хүрэн, соёолонд Ж.Наваан /Хэнтий.Мөнххаан/-ы ухаа хул, хязааланд Чүлтэм /Хэнтий.Мөнххаан/-ийн буурал цоохор, шүдлэнд Өлзийхутаг /Төв.Баянцогт/-ийн хээр, дааганд Даш /Төв.Эрдэнэ/-ийн хар хээр түрүүлжээ.
Үндэсний сурын харваа:
1. М.Цэдэв /Сэлэнгэ.Ерөө/-17
2. С.Самдан /Сэлэнгэ. Ерөө/-15
3. О.Адилбиш /Сэлэнгэ.Ерөө/
Сэлэнгэ аймгаас төрж гараад буй Улсын мэргэн цолтой 25 харваачийн дотор  М.Цэдэв хэмээх нэр зүй ёсоор багтдаг. Тэрбээр өдгөөгөөс 74 жилийн тэртээ буюу 1940 онд АХ-ын 19 жилийн ойн баяр наадмын сурын харваанд 20 сумаас 17 онож түрүүлэн Улсын мэргэн цол хүртжээ.
1921 оны Ардын журамт цэрэг Цэдэв бээр 1892 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийнхоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Цагаан тохой хэмээх газар мэндэлжээ. Бага балчир ахуйгаасаа эхлэн Хүдэр харуулын баячуудын мал хариулах, жин тээх зэрэг хар бор ажилд хүчин зүтгэж амь зууж явав. 21-25 нас хүртэл Ерөөгийн алтны уурхайн цагдаа хийхийн зэрэгцээ бичиг үсэг заалган сурч, улмаар Тамгын газрын бичээч, засаг хиа болж явжээ.
1921 онд Ардын журамт цэрэгт элсэн орж, ардын хувьсгалын хэрэгт оролцсон М.Цэдэв ардын хувьсгалын жилүүдэд улс, олон нийтийн байгууллагад ажиллаж байгаад 1954 оноос нэгдэлд элсэж ажиллаж байв.
Үндэсний сурын харвааг хөгжүүлэхэд Сэлэнгэ нутгийнхан эрт дээрээс хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй. Тухайлбал, Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрай засгийн хошууны Бэрлэг, Дарьт, Шарын хийдийн хорин ламын, Бадрах, Дандан, Отгоны дарга нарын, хойд талаас Далан, баруун хойноос Дархийн багууд жил бүр “Сурын дов”-д ирж цэц мэргэнээ сорьж, санал бодлоо солилцож, уухайн дуу хадаадаг уламжлал тогтсон байжээ. Үүнийг дурдахын учир гэвээс Цэдэв гуайн төрж мэндэлсэн Цагаан тохойд энэхүү домогт “Сурын дов” байдаг агаад 1999 онд тус аймгийн үндэсний сурын товчоо ахмад сурчдынхаа дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор уг газарт чулуун өндөрлөг босгон ёсолсон юм.
АХ-ын партизан, Улсын мэргэн М.Цэдэв морины давхил дунд бөмбөг намнах, сарампай харвахдаа гаргууд байсан тухай дурссан нь бий. Мөнхүү 1999 онд явагдсан Улсын аварга шалгаруулах тэмцээнд Цэдэв мэргэн 27 онож түрүүлэн Монгол Улсын анхны аварга харваачаар тодорч байжээ. Энэ үед тэрбээр 67 настай байсан бөгөөд “Алдар” нийгэмлэгийн тамирчин байв. М.Цэдэв мэргэн өөрөө сайн харваач байсны сацуу залуу харваачдыг сурын спортоор хичээллүүлж сургах талаар цуцалтгүй мэрийж ирсэн мэргэчүүлийн нэг билээ.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна