МУ-ын Алдарт уяач Д.Болд: Уяач хүн малаа хайрладаг, зөөлөн сайхан сэтгэлтэй байх учиртай

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 30 -нд

Энэ удаагийн зочны хоймортоо Монгол Улсын Алдарт уяач Д.Болдыг урьж, халуун яриа өрнүүллээ. Хусуур бүсэлж хурдан хүлгэдээ наадамд сойж, зодог шуудаг өмсөж Халхын бөхчүүдтэй хүч үзэж, ер эр хүний бяр чадал, од хийморь сорьсон бүхнийг хийж явсан түүний яриаг олон оршил үггүйгээр танд хүргэе.
ИДЭР ЕСИЙН ШУВТАРГА ДЭЭР УРАЛДУУЛСАН АДУУНД СЭВ СУУЖ Л ТААРНА
-Нэг үе Баруунхараагийнхан Улсын наадамд айрагдуулсан морьдынхоо тоогоор тэргүүлж байсан бахдам түүх бий байх аа?
-Тэгж байсаан. Хязаалан, шүдлэнгийн уралдаанд Баруунхараагийн зургаан морь орж байсан түүх бий шүү.
-Сүүлийн үед төдийлөн амжилт үзүүлэхгүй байгаа нь юутай холбоотой вэ. Энэ хавийн адуу их чанаржчихав уу, эсвэл Баруунхараагийн адууны хурдны талд асуудал байна уу?
-Олон адуу сайн давхиж байсан нь адууных нь их хурдан үе байсан юм уу даа. Миний хурдан хээр морь, Мягмардоржийн хар азарга, Хорлоодой гуайн хар гээд хурдууд үрээ байцгаасан. Тэдэн шиг хурд одоо төрөхгүй ч байгаа юм уу. Уядаг улсууд уг нь уяж л байх шиг байна. Тэр үеийн уяачдаас зарим нь ч тэнгэрийн орондоо морилсон. Манай сум зургаан алдарттай. Балжин гуай, Хорлоодой гуай, Санжаасүрэн гуай өөд болцгоосон. Одоо надаас гадна Лувсандорж, Өлзийжаргал гэж Монгол Улсын Алдарт уяачид байна. Бидний хойноос залгаж улсын Алдарт болсон хүн одоогоор алга. Аймгийн алдарт бол 20 дөхөж байгаа.
-Та Баруунхараагийнхан Улсын наадамд дийлж уралддаг байсан үеийн Алдарт уу?
-Тийм. Би чинь 1997 онд Монгол Улсын Алдарт уяач болсон байх аа. Баруунхараагийн тэр сүрхий адуунууд улсад орж байх үед Алдарт уяач болсон. Өвөрхангайн Зүйлд Өндөр гэгээний анхны наадам болдог жил миний хээр морь улсад гуравлаад, гэгээний даншигт очиж гуравлаж байсан. Тэр жилээ би оны шилдэг уяач болсон юм. Түүнээс хоёр жилийн дараа би Алдарт болсон шүү дээ. Дараа нь Эрдэнэтийн бүс, Хангайн бүсийн наадамд түрүү аваад, бас Манлай ч болчих юм болов уу гэж горьдож байсан л даа. Ямар юм нь болохгүй байсан юм, эсвэл би чимээгүй байсандаа ч юм уу, цол нэмсэнгүй л дээ. 
-Тодорхойлолтоо явуулсан юм уу?
-Ноднин өгье үү гэсэн чинь хоцроочихсон байна билээ.
-Таны улс, бүсийн наадмаас авсан айраг, түрүү хичнээн байна?
-Арваад л юм байгаа байх. Анх Ардын хувьсгалын 66 жилийн ойгоор бор халзан үрээ маань улсад түрүүлсэн. Ардын хувьсгалын 68 жилийн ойгоор нэг түрүү, хоёр айрагтай гурав орсон. Зүйлийн Өндөр гэгээний даншгаар даага, их морины айрагтай. Хээр морь улсад бас айрагдсан гэхээр нэг жилийн гурван айраг болчихож байгаа юм.  Эрдэнэтийн Хангайн бүсэд хээр морь дангаараа нэг айрагдсан. Аймгийн 60 жилийн ойгоор хоёр морь айрагдсан. Тэрийг тусгай ой, бүсийн чанартай наадам гэж үзсэн гэхээр бүсийн их морины түрүү, соёолонгийн айраг байгаа.
-Болд Алдартын хурдан морьтой холбогдсон талаар асуувал сонирхолтой түүх сөхөгдөх байх?
-Манай өвөг эцэг улсын сайн малчин Янжив гэж Төв аймгийн Партизан, Батсүмбэрээр нутагладаг хүн байлаа. Тэр өвгөн аав маань морь сайн танина, бас сайн уядаг, их даруухан хүн байсан. Жилдээ хоёр л адуу уяна, энд тэндхийн суманд очиж уралдахаар нөгөө хоёр нь хоёулаа ч түрүүлчих нь бий. Өвөг эцгээ дагаж уясан морийг нь хөтлөөд сумын наадамд очиж барилдан 17 настайдаа сумын начин болж үзүүрлэж байсан. Тэгээд 19 настай цэрэгт явж, гурван жилийн алба хаах хугацаандаа барилдаж цэргийн арслан цолтой армиас халагдаж байлаа. Муу ч үгүй цэргийн арслан цолтой байсан болохоор нэг хэсэгтээ морь гэхгүй, бөх барилдсан. 1971 онд цэргээс халагдахынхаа өмнөхөн цэргийн арслан цол авсан юм. Тэр үед “Алдар” спорт нийгэмлэг гэж ганц нийгэмлэг л байсан. Армийн бүх л барилддаг нөхөд “Алдар” нийгэмлэгт ордог, тэнд барилддаг байсан болохоор амаргүй. Улсын аварга ч байна, арслан ч л байна. Ер нь нэлээн үйлээ үзэж байж цэргийн цолыг авна. Цэргийн заанаас дээш цол авсан улс голдуу улсын начин болчихдог байсан даа. Би яагаад улсын начин болоогүй юм, мэдэхгүй.

40 ГАРСАН НАСАНДАА СЭЛЭНГЭ АЙМГИЙН НААДАМД ТҮРҮҮЛЖ БАЙСАН
-Тэр үед тойргоор барилддаг байсан болохоор “Алдар” нийгэмлэгийн бараг бүх бөхтэй өрж байсан болов уу?
-Өвгөнхүү начин, Лундаа начин, Бээжин аварга, Амартүвшин, Артаг гээд л улсын цолтон олон, аймгийн арслан ч зөндөө. Цэргээс халагдаад Төв, Сэлэнгэ аймгийн наадмуудад түрүүлсэн юм. Тэгэхэд цэрэгт барилдаж байсан шиг тэгж их зовоогүй. Тойргийн барилдаан, наадмын барилдаанд барилдаад түрүүлж байсан ч цэргийн барилдаанд барилдсан шиг бэрх байгаагүй санагддаг. Ер нь цэргийн барилдаан их чансаатай байж. Би бүр 40 гартлаа барилдсан. 40 гарсан насандаа Сэлэнгэ аймгийн наадамд түрүүлж ч байсан.
-Эрийн гурван наадам нэг саванд багтддаггүй гэдэг хуучны үг байдаг ч эр бяр, ир чадлаараа аль алинд нь амжилт гаргасан бөхчүүд бас бий. Та тэдний тоонд орох нь ээ?
-Таван жилийн өмнө сумандаа хоёр даваад нэг хүүхдэд уналаа. Түүнээс өмнө бол ийш тийшээ морио аваад наадамд явахдаа байнга нэг авдартай, тэрэндээ зодог шуудаг, гутлаа хийгээд явдаг. Морио давхиулчихаад өөрөө гарч ноцолдчихоод явдаг байлаа. Хотод нааддаг байхдаа хүн амьтанд морь малаа захиж үлдээчихээд, Яармагаас автобусанд суугаад хотын төв орж барилдчихаад эргээд автобусандаа суугаад морь руугаа явдаг байсан. Би ер нь сүрхий амарч барьж, бэлтгэл сургууль хийж байгаагүй, зүгээр морио уяж яваад л ирээд зодоглочихно. Амьдралдаа хоёр удаа л амарч бэлтгэл хийсэн юм байна. Нэг жил чөлөөтөөр барилдаж шигшээд байхдаа бэлтгэлд гарсан. Сүүлд 40 хүрч байхдаа “Алдар” нийгэмлэгийнхэнтэй бэлтгэлд гарч, аймгийнхаа наадамд очоод төвөггүй л түрүүлсэн. Бэлтгэл гэдэг юм бол онцгой их нөлөөтэй, бэлтгэлтэй байх сайхан л юм билээ. Адуугаа хариулж байгаад морио уячихна, аажуу уужуухан очоод л барилдчихна. Ерөнхийдөө багынхаа унаган юмаар л үздэг байсан даа.
-Та үндэсний бөхөөс гадна чөлөөтөөр барилддаг байсан гэсэн. Хэдэн кг-ын жинд барилдаж байсан бэ?
-Тийм ээ, ах нь чөлөөтөөр барилддаг байсан. Анхан 74 кг-д барилдаж байгаад, сүүлдээ 82 кг-д голцуухан барилдсан даа. Хэсэгхэн зуур чөлөөтөөр барилдаад мориныхоо ажил руу орсон. Чөлөөт бөх бол байнгын бэлтгэл сургуулилттай байхыг шаарддаг спорт. Гэтэл би харимаар байдаг, хэдэн малаа хармаар байдаг. Би нэг жил л шигшээд цугларалтанд очиж, бэлтгэл хийсэн. Голдуу ирж очоод л, улсын аварга, бүсийн аваргад орчихоод л явдаг байсан. Чөлөөтөөр айхтар сүйдтэй амжилт үзүүлж байгаагүй, дөрөвдүгээр байранд нэг орж байсан. Мягмар заан, Артаг, Сэрээтэр гээд сайн бөх олон байлаа. Тив, дэлхийгээс медаль авдаг тийм бөхчүүдтэй би яаж эгнэх вэ дээ. Намайг тэдэн шиг болгох гээд л яс бэлтгэл хийлгэх гээд, би тэрнээс нь зугтааж байсан хүн байхгүй юу /инээв/.
ТОМ УЯАЧДЫН МАЙХНЫ ҮҮДЭНД СУУЖ МОРИНЫ УЯАНД СУРАЛЦСАН

-Барилддаг үедээ л морио уяад байдаг байжээ дээ?
-Манай өвөө надад цөөхөн хэдэн боловч их сайн адуу өгсөн. Тэр адууг манай өвгөн эцэг яаж бий болгосон юм бүү мэд, тусгай угшил энэ тэр гэж мэдэхгүй, хэдэн сайхан адуу л байсан даа.
-Танай аймаг ОХУ-тай хил залгадаг учраас орос цустай адуунууд байсан болов уу?
-Өвөг эцэг маань Төв аймгийн Партизан, Батсүмбэрт амьдарч байсан болохоор гадны гэхээсээ нутгийн, тэр хавийн л адуу байсан болов уу. Манай том шар хээр гүүнээс их хурдан төл гардаг байсан. Нөгөө муу шар хээр гүүнийхээ унагыг үрэгдүүлнэ гэж байхгүй, унага л гарвал мал болгоно. Тэр гүүний л юм яваад байгаа юм. Сүүлд нь би Төв аймгийн Баянцагаан сум, Жаргалантын морин заводын цусны адуу, тойруулга цусны адуу сэлбэсэн л дээ. Тэр маань ерөнхийдөө яваад байгаа.
-Зодог шуудаг, хусуурыг зэрэг бүслээд бөх ч барилдаад, морины уяа тааруулаад явах амаргүй л байсан болов уу?
-Цэргээс халагдаад л тууштай биш ч хааяа морь уяж эхэлсэн. Өвөг эцэг нас өндөр болоод морь руу ойртож чадахаа байсан болохоор би өөрөө л оролдсон. Цэрэгт яваад ирэхдээ өмнө нь өвөг эцгээрээ заалгасан жаахан юмаа мартаж, морины хөл доголуулах, эцээж жаахан будлиулж байж билээ. Сүүл сүүлдээ тэр болгоноосоо суралцаж арай л гайгүй болсон. Энд тэнд томчуудын майхнаар орохоор морь давхиулдаггүй хүнийг чинь том уяачид хүн гэж үзэхгүй л дээ. Ер нь тоохгүй, тэрүүхэн хаяанд нь суугаад л. Аймаг, сумын наадам гарын дор байхад аминдаа улсад ирээд томчуудын майхнаар сонирхоод очно. Тэнд чинь “Маргааш чи түрүүлгэнэ”, “би түрүүлгэнэ” гээд л яриад сууж байдаг. Тэрийг сонсож байгаа надад “Улсын наадмын түрүү, айраг яриад байдаг ямар сонин юм, эд нар шиг ийм болох юмсан” гэх бодол бас орж л байлаа. Тэр бүхнээс жаахан юм бодож, улайрч анхаарал тавьсан байх. Тэдний тийм адуу хурдан байна, сунгаанд өнгөлж байна гэсэн болгоныг нь очиж үзнэ. Давхиад ирсэн хойно нь бас очиж үзнэ. Гол нь энэ ямархуу уяатай байж байгаад түрүүлж, айрагддаг юм бэ, давхиад ирэхээрээ ямархуу болчихсон байдаг юм бэ гэдэг юмыг их хардаг байсан. Тэр үеийн том уяачид асуугаад бараг юм хэлэхгүй шүү дээ, урдаас доог хийнэ. Хэлж өгөхгүй юм чинь асуугаад ч яахав дээ, өөрөө л харж, ажиглаж суралцдаг байсан. Архи ууцгаагаад байхаар нь архи уучихаараа хэлж өгч магадгүй гэж бодоод архи авч өгнө. “Өөрөө уу чи, цуг уухгүй бол наадахаар чинь яах юм бэ” гээд ганцаараа уухгүй. Нөгөөдүүлтэйгээ хамт ганц хоёр хундага татаж эхлээд, сүүлдээ ч архинд жаахан дуртай болох маягтай болох юм билээ. Заримдаа морь гайгүй давхиад ирэхээр нэг майхны хажуугаар өнгөрөхөд л дуудаад “Дүү сайхан уралдлаа шүү” гээд архи хийгээд өгдөг, “За нэг авчих, морины юм” гэнэ. Тэгээд л нэг мөнгөн аяга архи уучихаар чинь халалгүй яахав. Тэгээд жаахан архи ууж ч үзлээ.
-Өвөөгөөс уламжлагдаж ирсэн адуунуудаар наадаж байв уу?
-Унаган адуугаар анхны айраг, түрүүгээ авч байсан. Хээр гүүний төлүүд гэсэн үг. Согоо шиг их сайхан гүү байсан юм. Хээр гүүндээ миний өвөг эцэг хөгшин борлог азарга авч тавиад, тэрний үр төл одоо болтол үргэлжилж байна. Борлог зүстэй байснаа бор алаг, хээр алаг юм гарсан. Одоо миний энэ унаж яваа алаг морь гэхэд л тэрний удам. Тэр борлог адуу их олон жил хурдан удмаа хадгалсан, их мундаг мал байсан шиг байгаа юм. Сайн удамтай мал гэдэг чинь үе удмаа алддаггүй шүү дээ. Би хүнээс ер нь хурдан морь авч, тэрийгээ шууд уяж давхиулж үзээгүй. Гүү энэ тэр авч цус сэлбэж л байсан. Тойруулгын азаргануудад гүү тавиад төл авч ч байсан, эргүүлээд азарга тавьж ч үзсэн. Тэгж л сэлбэсэн. Ер нь одоотой адилхан үнэтэй морь аваад байхаар их мөнгө надад хаана байхав дээ. Засгийн ажил хийгээд 200-300 төгрөг л авна, тэрнийгээ иднэ, даалимбаа авч өмсөнө.
-Хорлоодой гуайн хар азарга нэг үе сайхан дийлж уралдаж байсан. Тэр хар азарганы үр төлөөс авч байв уу. Ер нь тойруулгын ямар, ямар адууны үр төлөөс авч адууныхаа цусыг сэлбэж байсан бэ?
-Баянцагааны адуу их хурдан байсан болохоор Баянцагаанаас ганц нэг юм авч цус сэлбэсэн. Ер нь өөрийнхөө адуугаар л уралдсан даа. Сүүлийн үед би Даваанэрэнгийн халзангуудын угшлаар азарга тавилаа. Тэр их сайн адуу, олон жил үр удмаа хадгалж байгаа адуу шүү.
-Уяачийн ид хав амтагдаж, уясан болгон айраг, түрүүнд орж байсан үе байдаг гэлцдэг. Таны хавтай сайхан наадсан үе гэвэл?
-Би ер нь малчин хүн. Нэг хэсэг адуу маллаж байгаад, дараа нь фермийн эрлийз цагаан үхэр нэлээд олон жил малласан. Эрлийз үхэр бас их хэцүү л дээ, арчилгаа маллагаа нэлээд шаарддаг. Би арчилж тордох малд гайгүй дөртэй. Мал хуй, тэр тусмаа морийг сайхан тэжээнэ. Өлзийт хороололд нэг хэсэг морь уясан юм. Анхны жил энд тэндхийн найр наадмаас бөөндөж олон удаа айраг, түрүү авсан шүү. Ямар сайндаа нэг өвөл “Их хурд”-ын эрх өгнө гээд Баруунхараад бүсийн уралдаан болоход таван адуутай очоод нэг нь түрүүлж, дөрөв нь айрагдсан. Баянцогтод Бандгаа Ганхуяг Алдартаа тэмдэглэж Иж планет-5 мотоциклийн байтай уралдаан хийхэд их олон мундаг морьд цуглаж азарга, их морь хоёр нас уралдуулсан. Түүний хоёр түрүүг нь би аваад, Бандгаагийн мотоциклийг ачаад л явсан. Хараагийн өвлийн бүсийн уралдаанд их нас түрүү, аман хүзүү, таваар ороод, нэг азарга айрагдаад, соёолон маань аман хүзүүдэж байсан. Тэгэхэд амьтан “Та одоо болиоч, ямар ганцаараа наадаж байгаа биш. Байдаг юмыг нь авчихлаа ш дээ, одоо больж үз” гээд тоглоод хэлдэг байсан. Миний өвгөн хээр 19 настай түрүүлэхэд “Болд ах худлаа хэлж байна, 19 настай морь түрүүлээд байхдаа яадаг юм бэ. Наадах чинь өөр дүү хээр морь нь байх” гэцгээж байсан.
-Өвгөн хээр морь чинь өвөөгийн тань нөгөө хээр гүүнээс гарсан төл үү?
-Өвгөн хээр минь тэр хээр гүүний төл азарганы төл байгаа юм. Баянцагаанаас нэг найз маань хөгшин хүрэн гүү өгсөн, тэр эх нь. Хүрэн гүүний уг удмыг сураглаад байсан чинь дээд тал нь Нэрэнжимээ адууны угшил юм билээ. Морин тойруулга цусны азарга байсанд тавиад хүрэн гүүнээс сайн төл гарсан.  Миний хээр морь чинь хязааландаа улсад түрүүлж, соёолон улсад зургаалсан. Хавчиг насандаа Төв аймгийн 60 жилийн хойд талын бүсийн том уралдаанд түрүүлсэн. Сүүлд улсдаа гуравлаж, Өндөр гэгээний даншигт мөн гуравлан, хангайн бүсийн даншиг Эрдэнэтэд болоход дөрөвлөсөн. Өөр бага сага бэсрэгхэн наадмуудад бол олон түрүүлсэн дээ. Бүсийн чанартай шахуу наадмуудад бас их түрүүлсэн. Хээрээ гамнаж хайрлаад суманд бараг уралдуулж байгаагүй. Зундаа хоёр гурав, өвөл ганц уралдуулвал уралдуулна.
АДУУ БОЛ ГАНЦХАН ГУТАЛТАЙ, САЙН МОРИЙГ ОЛОН УРАЛДУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ
-Ер нь сайн адууг олон уралдуулах дэмий байх нь ээ?
-Сайн адууг олон уралдуулах шаардлага байхгүй. Адуу бол ганцхан гуталтай. Хүн бол олон гутал сольж өмсдөг шүү дээ. Адууныхаа ул тавгийг хайрлаж байхгүй бол элэгдэнэ, таваг нь өвдөнө, нимгэрнэ. Ер нь тэгээд Монголын хамаг л хурдан сайхан хүлгэд хөл гар нь нимгэрч их цөөрч байна. Хурдан адуу гэдэг чинь тэр болгон дандаа төрөөд байдаггүй, ховорхон төрдөг амьтан. Тэгэхээр хурдан морио хайрлаж гамнаж байх хэрэгтэй. Дээхнэ үеийн улс өвлийн морь, зуны морь гэж хоёр янзаар уралдаад байдаг байлаа. Зун уралддаг мориор өвөл уралдахгүй, өвөл уралддаг мориор зун уралдахгүй. Өвөл уралддаг морь нь арай өөр, бяртай, туулах чадвар сайтай, хөнгөн ясны морьд байдаг, нэг их тэжээл энэ тэр гэдэггүй л байсан. Одоо өвөл, зун ялгахгүй хэдэн морио уралдуулаад байхаар тэжээл хэрэглэхээс өөр аргагүй болж байгаа юм. Морийг чинь ер нь ирлэж байж уралдах ёстой л доо. Яг хүн шиг л хоол бүх юмыг нь тэнцүүлээд явах ёстой. Одоо чинь тэжээл, янз бүрийн витамин, тариа хийгээд хүчээр л давхиулаад байна. Тэр адуундаа л муу нөлөө болно.
-Өвлийн уралдаан адуунд ямар оёг олгох вэ?
-Өвлийн цагт есийн шувтарган дээр л уралдахаар уясан адуунд нь сэв сууж л таарна. Энэ их хурдан морьд үхсэнийг нь судлаад байхад уушги нь болохоо байсан байгаа юм. Өвөл их ажил төрөл хийж нимгэлсэн адуу хатгаа авах, уушги нь муудах талын ажил болно. Хатгаа авахаараа адууны явж барих, алхах гишгэх нь хүртэл өөр болно. Уушги муутай амьтан чинь үсээ хаяхаа байгаад, өнгө зүс нь ч хувирахгүй, цээжин тал нь татга, татга гээд хөл, цээж муудаад ирнэ дээ. Морь оёг суугаад ирэхээрээ бүхий л бие организм нь муудаад ирнэ шүү дээ. Нэг нь өвсөн тэжээлтэй, нөгөө нь махан тэжээлтэй байдаг болохоос биш хүн, мал хоёр цаагуураа бол адил шүү дээ. Надад өвөөгийн маань заасан юм чиг л байгаа юм, дээр нь барилдаж ноцолдож явахдаа сурсан юм ч байна. Хүн цочмогхон бэлтгэл хийвэл булраад, буларснаасаа болоод хамаг булчин шөрмөс нь татна, халуу оргиж янгинаж өвдөнө, хоол идэхгүй болно, ам их цангана, бие хуурайшаад хөлс гарахгүй болно. Тэр бүгдийг өөрийнхөө биен дээр цэгнэж үзээд, нөгөө адуун дээрээ аваачаад тавихаар яг л адил байгаа юм. Адуу чинь жаахан наршуулж ядраад ирэхээр хөлс гарахаа байчихдаг. Халуун өдөр зузаан нэмнээд ч, дотроос нь юм өгөөд ч хөлс гарахгүй байгаа нь буруу болоод л хөлс гарахгүй байгаа хэрэг шүү дээ. Бас нэг ярих зүйл гэвэл хүүхдүүдээр хурдан морь унуулна гэдэг их учиртай.
-Тэр учир начрынхаа далд үзүүрийг тайлж өгөөч. Унаач хүүхэд ямар байх ёстой вэ?
-Хурдан морь унадаг хүүхдүүд хий зай байхгүй, нэг илүү дутуу ташуурдахгүй, салан задгай байргүй, нямбай нягт, газраа ч сайн харж, амаа ч сайн барьж явах ёстой байдаг. Хүүхдээ их салан сургаж байгаа нь буруу. Хаа хамаагүй юман дээр буруу зөвгүй савлаж хурдалж байгаа хүүхдийг “за чи одоо морь унаад сурчихсан байна, хурдан морь уна” гээд тавиад явуулчихдаг. Тэр чинь хүний нялх үрийг унагаж алах гэж байгаатай ялгаагүй. Эмээл хазаар нь ч тохироогүй байх шиг. Сүүлийн үеийн спорт эмээл гэдэг хавтгай юмнууд чинь холбирно барина, их аюултай. Бас арзгар ултай янз бүрийн гутал өмсүүлнэ. Дөрөө нь хавтгай тавагтай биш, төмөр утсаар тойруулаад гагнаад хийчихсэн тавагтай дөрөө байгаа юм. Тэр арзгар ултай гутал, төмөр утсан дөрөөний таваг хоёр морь мал бусгаж бүдэрвэл хөл нь сугарахгүй, хүүхэд чирэгдэж үхэх аюулыг үүсгэж байгаа. Хүүхэд ухасхийгээд л мориноос уналаа гэхэд адуу чинь ухаантай амьтан юм болохоор дээр нь гишгээд хэмхчээд алчихдаггүй. Унаснаасаа илүү голдуу эмээлнээсээ салж чадахгүй хүүхдүүд гэмтэх талтай байгааг анхаармаар байна. Олом жирмийг нь баараагүй чангалж байх ёстой. Би морь уяж байхдаа хүнээр ер морио эмээллүүлдэггүй, үргэлж өөрөө олом жирмийг нь тааруулж, чангалж өгөөд хүүхдээ мордуулж явуулдаг байсан. Уяач нь тэр хол суучихсан “Морь гарах гэж байна, чи наадахаа мордуулж өгөөд явуул” гээд явуулмааргүй байгаа юм. Ийм мэтийн юмыг залуу уяачид маань анхаарах хэрэгтэй. Цээж муутай, хөл муутай мориор уралдаад байх. Цээж муутай морь бол заавал шургаж ойчно. Өвлийн уралдаанд хүүхэд унаад бэртээгээд байна гээд байгаа чинь түүнтэй их холбоотой. Хөл, цээж муутай морь чинь нэг халтирч гулгах юм бол биеэ татаж авч чадахгүй. Хөгшин хүн бүдрэхээрээ шургаад ойчдогтой яг адилхан.
-Хөлс гарахаа больчихсон адууг яаж эмнэх ёстой юм бэ?
-Амарч, идэж уусан хоол биед нь шингэж байж аяндаа хөлсөө гаргана. Хүчээр маягтай хөлслөөд ирж байхад усан бороо асгуулчихвал хөлс нь шургах гэж юм бий. Тэр бол их аюултай. Тэгээд л түгжээд авдаг. Хөлсгүй морь явах нь муудна. Хөлсөлж байхдаа ч гэсэн хурц нарнаас хамгаалах хэрэгтэй. Хөлс аваад ирж байхдаа бороо, усанд норгож болохгүй. Орой үдшийн хар чийгээр бас чийгний хөлс гэж авдаг. Ингэж хөлслөхдөө нэмнээг нь хуу татаж авч болохгүй, нэмнээнийх нь доогуур хусна. Хөлсөлсөн халуун биен дээр нь үдшийн хар чийг унах юм бол хөлс нь гарахгүй болдог. Хурц нартайд хөлсөлж ирээд нэмнээг нь хуу татаад хаячихвал нар бие рүү нь харваж, наран гилбэн ч хүртэл болдог. Энэ тохиолдолд үс нь хуурч, өнгөө алдаад, арьс хөрс нь нөхөгдөж чадахгүй бол үхэж ч мэднэ. 
-Таны эцэг эхээс хайрласан Болд нэрний өмнө олны өгсөн “Орос” гэх алдар байнга дагалддаг. Ямар учиртай алдар нэр вэ?
-Яахав дээ, би оросорхуу царайтай болохоор тэгдэг байх даа. Би чинь өвөө, эмээгийн л хүүхэд. Эцэг эхээсээ тавуулаа байсан, одоо гуравхан болчихсон. Нэг ахтай байсан, гурван сайхан дүүтэй байлаа. Одоо эрэгтэй, эмэгтэй хоёрхон л дүүтэй болчихоод байна даа.
-“Шөвгөр” гэгддэг Өлзий танайд зуныхаа амралтаар очиж адуу малны нь ажилд тусалдаг байсан, моринд ороход таныг нөлөөлсөн гэдэг юм билээ?
-Манай Өлзий ер нь моринд дуртай л даа. Морь руу орох гээд санаархаад эвээ олохгүй байхаар нь би “Чи энд тэнд айлд хэдэн юм авч тавиад, нөгөөх нь үрэгдлээ, байхгүй боллоо гээд амьтантай заргын юм яриад уяач ч болсон юм байхгүй яваад яахав. Манайд ирж морь малаа уя. Би морь малыг чинь уяя, чамайг уяач болгож өгье” гэж хэлсэн. Тэгээд л Өлзий манайд ирж, хүн амьтнаас морь мал авч, би ч бас ганц нэг юм өгсөн. Манай Өлзийн морь сайхан давхисан. Ах шиг нь, аав шиг нь л байж Өлзийгөө моринд оруулсан.
-Ер нь танаар уяаны эрдэм заалгасан, “багш аа” гэж дууддаг ямар, ямар уяач байна?
-Тэр нэлээд олон шүү. Өлзий байна, Содномцог байна. Содномцог анхныхаа уралдах морийг надаас авсан. Миний хээр гүүний удам том өндөр хээр морь байсан. Айхтар нарийн уяатай, их сайхан ч морь байсан даа. Мал сайхан, гоё болоод ирэхээрээ эмзэгдүүхэн, их нарийн уяа шаарддаг юм. Тэр хээр мориор л Содномцог эхэлсэн. Хээр морь Цогийн анхны багш даа. Талийгаач Пунцагбалжир ч гэсэн ах гээд л над дээр ирнэ, уулзана, учирна. Хот хүрээ ороод ирэхээр дуудаад уулзаад, “Манайд очиж хононо шүү та, тантай ярих юм бий” гэнэ. Манай Онон эд нар чинь намайг их хүндэлнэ ш дээ. “Бо ах бол ерөөсөө янзтай, адууг хүртэл үйлдвэрийн юм шиг гоё гаргадаг” гээд л намайг магтаж хөөргөднө л дөө, цаадуул чинь /инээв/. Би ч бас тэрэнд нь онгироод юм ярина. Даваахүү бид хэд ч уулзахаараа тэр нь тэгээд байх юм, тэрийг тэгвэл яасан юм бэ, дээд угшил нь тийм юм билээ гээд л янзтай ярина, зөвлөнө шүү дээ.

МИНИЙ БӨХ БОЛНО ГЭЖ ХАРСАН ХҮҮХЭД БӨХ БОЛЧИХООД БАЙДАГ ЮМ
-Танай адуунаас ийш тийшээ хэр тарсан бэ. Хэн, хэний адуунд танай адууны цустай адуунууд байна?
-Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Ганболд гэж хүнд азарган үрээ өгсөн. Сүхбаатар аймгийн Засаг дарга байсан Эрдэнэцогт гэж хүнд нэг азарга өгсөн юм байна. “Түүнээс их сайхан төл гарсан. Хаврын айхтар шуурганд адуу мал уруудахад таны өгсөн хээр азарга адуугаа буцаагаад туугаад ирсэн. Ёстой адууны гарлагагүй мэнд гарсан, манай Болд ах надад өгье гэж өгсөн” гээд л намайг магтдаг юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Амартайван гэж яруу найрагч хүн надаас азарга авсан. Энэ жил очиж үзэхэд тэр азарганы үр төл сайхан, сайхан юм гарсан байна лээ. Ер нь нэлээд азарга, үрээ хүнд өгсөн. Сэлэнгийн Энхбат гэж аймгийн Алдарт уяачид хүрэн үрээгээ өгсөн. Би хүнд юм зааж өгөх дуртай, мал өгсөн ч сайхан мал өгчих дуртай хүн. Аймаг дээр очиж барилдаж байтал нэг өндөр хүүхэд Сэлэнгээс ирж барилдаж байна. Уг нь их аралтай, хөл гар нь юманд хүрэхээр сайхан залуу байна. Түүнтэй танилцаад аймаг дээр цуг бэлтгэлд гараад, ингэж гарч дэвж бай, ингэж этэж бай, ингэ тэг гээд л өөрийн мэддэгээ заасан. Өнөөх чинь гайгүй сайн сурдаг юм. Тэгээд заалны барилдаанд миний зааснаар дэвээд гарсан чинь хүмүүс “За энэ одоо хэн гараад ирэв. Арай Болдын хүүхэд юм биш биз дээ” гээд дуудаж асуусан гэсэн. Шавь нь байгаа юмаа гэсэн чинь “Аан тэгнээ тэр, дэвж байгаа нь адилхан байна” гэсэн гэнэ лээ. Тэр Амаржаргал гэж хүү маань улсын начин болсон л доо. Нэг удаа адуутайгаа отор хийгээд Ерөө орсон юм. Тэнд амьдардаг нутгийн дүү Өлзийбатынд очтол тэднийд 15 нас хүрчихсэн сайхан том хүү байна. Аав нь манай хүүд мэх зааж өгөөч гэлээ, намайг. Тэгээд хүүтэй нь ноцолдоод байж байтал Өлзийбат “Манай хүү аймгийн заан болохоор байна уу” гэхээр нь би “Чиний хүү улсын заан болохоор хүү байна” гэдэг юм. “За боль доо, ах одоо хүн худлаа хошгоруулаад, дандаа хүн цаашлуулж байдаг юм“ гэнэ. Би өмнөөс нь “Сайхан бөхийн шинж бүрдсэн хүү байна, чи Ерөөд байгаад юу хийхэв, хот хүрээ газар очиж барилдсан нь дээр шүү. Чи бөх болно” гэж тэр хүүд хэлсэн. Тэр хүү маань улсын харцага Даваабаатар байгаа юм.
-Та ч тэгвэл бөх шинжихдээ гаргууд юм байна. Адуу мал хэр шинждэг вэ?
-Ямар ч байсан миний бөх болно гэж харсан хүүхэд залуучууд бөх болчихоод байдаг юм.  Манай сумын бас нэг аймгийн арслан байдаг юм. Багадаа нусаа гоожуулсан хөх банди л байсан. Би аавд нь танай энэ хүү бөх болно шүү, үүнийг тамхи татуулж, пиво уулгавзай гэж хэлдэг байсан. Нөгөөх маань аймгийн арслан болсон чинь аав нь “Миний муу хүү ч багадаа хариугүй амьтан байсан, Болд ах л ганцаараа бөх болно гэдэг байсан. Миний хүү бөх дөө, тиймээ ах аа” гэнэ. Аймгийн арслан чинь бөх байлгүй яахав /инээв/.
Хүний морийг харж байгаад наадах чинь болохоо байчихсан байна, тавь наадахаа гэж хэлэхээр юу гэж үгэнд орж уяж байгаа морио тавих вэ. Тэгээд нөгөө морио буруудуулаад болохоо байлгачихдаг. Би жаахан ажигч юм уу даа. Ямар сайндаа манай дүү нар “морины хувилгаан” гэж намайг шоолдог байхгүй юу. Жаахан архи уудаг байх үедээ тэрийгээ зоригтой хэлнэ л дээ, “чи маргааш түрүү авах юм байна шүү”, “тийм ажил хийчихвэл наадах чинь явна даа” энэ тэр гээд л. Тэгээд тэр нь миний хэлснээр л болчихсон байдаг юм. Миний хувилгаан гэж ямар юм байхав дээ, ажигч л байх. 
-Өнгөрсөн могой жилийг уяачийн ёс зүйн жил гэж зарласан. Гэхдээ уяачийн ёс зүй гэдэг шинэ зүйл биш, эртнээс нааш уяачдын баримталж ирсэн зан заншил, ёс жудаг юм гэж би боддог. Таныхаар ёс зүйтэй уяач ямар байх ёстой вэ?
-Уяач хүн аархуу, сагсуу байх ер нь хэрэггүй л дээ. Малаа хайрладаг, зөөлөн, уян сайхан сэтгэлтэй байх нь л ер нь уяачийн ёс зүй дээ. Нэг таранд өнгөлчихөөд л аархаад байх бол муухай байдаг. Уясан морьд нь холбоотой орж ирээд наана цаана болохоор л минийх орсон, минийх тэгсэн байсан гээд л хэрүүл уруул, хэл ам хийх тусгүй. Ер нь хүлээцтэйхэн байх хэрэгтэй. Түүнээс гадна өөрөө малтайгаа дотно харьцаж байх хэрэгтэй. Адуу бараг ярьдаг гэхэд хилсдэхгүй, хүнтэй хэл амаа ололцдог шахуу амьтан шүү дээ. Адуу их ухаантай болохоор түүнтэй харьцаж байх хэрэгтэй. Одоо уяачид хоёр янз болчихоод байна. Уяач гэж аргагүй тэмдэг зүүсэн улс яваад байх юм, энэ мундаг уяач уу гэж юм асуумаар ч байдаг, уулзаж учирмаар ч байдаг. Гэтэл уяач биш, машин унаж дээгүүр харсан нэг сүрхий хүн давхиад явчих юм байна шүү дээ.
-Дээр та шинэ уяач байхдаа мундаг уяачдын майхны үүдэнд суугаад юу хөөрөлдөхийг нь сонсож суудаг байсан гэж ярьсан. Магадгүй та өөрөө хойморт нь суугаад маргаашийн түрүү, айргийг хэлэлцээд сууж байх үе ч байсан л байх?
-Тэр хойморт суудгууд чинь шал өөр хүмүүс байхгүй юу. Адуу малыг нэвтэрхий мэднэ. Аргагүйдээд морь мал эвгүй болсон хүн гүйж ороод, “Хөөе, хүн гуай  та гарч ирээд миний морийг үзээд өгөөч, миний морь ингэлээ” гэнэ. Тэгэхээр нөгөө хэд чинь гарч очоод морийг нь үзээд загнаад унана. “Яасан тэнгэргүй золиг вэ, нохой маллаж байсан гуйлгачин уу чи, малыг ингэж  уяж байхдаа яадаг юм бэ” гэж аашилж загнаад дор нь тийм эмчилгээ хий гэнэ, хатгаж өгөөд босгоод тавьчихна шүү дээ. Тийм мундаг хүмүүсээс мань мэт нь айлгүй яахав. Би хэсэг зуур дээш сууж, галзуурч үзсэн. Гэхдээ ямар тэдэн шиг тийм мундаг биш. Тэр тал дээр би өөрийгөө голоод ичээд байдаг юм. Халхын том уяачид унасан морио тун чиг хайрлана, нуухыг нь нударгаараа арчина, “миний энэ тун ч сайхан амьтан шүү, ээ хөөрхий минь” гэж хайрлаж эвийлж байдаг. 
-Болд Алдартын хүндлэлийг хүлээсэн, басхүү эмээж зүрхшээх сэтгэгдэл төрүүлсэн тэр мундаг уяачдаасаа нэрлээч?
-Тод манлай уяач Даваахүүгийн аав Данзанням гуай байна. Тожил уяачийн ах Нүдэн Бат гэж өвгөн байлаа. Суучихаад л морь малыг хараад тийм байна, тэр нь тэгсэн бол тэгэх байж гэдэг, юм асуухаар дандаа хүнийг цаашлуулж, эсрэгээр нь хэлж ярьдаг хүн байсан. Гэсэрваань гуай гэж мундаг хүн байлаа. “Энэ жил мал таргадаагүй ээ хө, адууны хүч муу, муу адуу их хэцүү” гээд л ярьж байдаг хүн байсан. Тэд чинь хүн болсоор адуунаасаа салаагүй, адуугаар амьсгалчихсан хүмүүс байхгүй юу. Одоо бол тийм хүн байхгүй, тэр нь бараг мань болох гээд байгаа юм уу хаашаа юм /инээв/. Манай Онон гайгүй. Бандгаа Ганхуяг мориноосоо ер салахгүй юм байна шүү, ажиглаад байхад.
-Сайхан яриа хөөрөө дэлгэсэн танд баярлалаа.
-Намайг тоож ингэж ярьж хөөрсөнд би ч бас баяртай байна.
-Туурт хурдан хүлгэдийн хийморь таныг ивээх болтугай.

Б.Ирмүүн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.89.231

    Сайн байцгаана тод манлай сэтгүүлийн хамт олондоо мөн эрхэм хатагтай дүүдээ их амжилт хүсье Болд ахын маань ярилцлагыг гаргасанд их баярлалаа сайхан хүнд хүрсэн гоё ярилцлага болжээ

    Reply