Улсын наадмын харваанд нэг түрүүлж,гурвантаа айрагдсан Улсын мэргэн Д.Ханд

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 02 -нд

Ардын хувьсгалын 21 жилийн ойн баяр наадамд 360 бөх барилдсанаас “Хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн заан ес даван түрүүлж, “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэн заан үзүүрлэж Улсын арслан цол хүртэцгээжээ. Гурвын даваанд Түвдэндорж аварга Угтаалын Чоймбол зааныг амлаж аваад дотуур хутган арагш нь түрснээ гэнэт мултлан буцаагаад гуд татах мэхэнд нь орж өвдөг шороодож байжээ.
Хурдан морины уралдааны азарганд Л.Дашбал /Төв.Бор-Өндөр/-ын Гишүүт хээр, их насанд Л.Чойжил /Төв.Лүн/-ын хүрэн, соёолонд Сүрэнхиаг /Төв.Авдарбаян/-ийн хээр, хязааланд Ринчин /Сэлэнгэ.Баянгол/-гийн зээрд халзан, шүдлэнд Л.Чойжил /Төв.Лүн/-ын хүрэн, дааганд Д.Намсрай /Төв.Баянцагаан/-н зээрд түрүүлжээ.
Үндэсний сур харваа:
1. Д.Ханд /Сэлэнгэ.Зүүнбүрэн/-16
2. Хишигбуян /Улаанбаатар/-15
3. ....................
1942 онд буюу АХ-ын 21 жилийн ойн Улсын их баяр наадмын сурын харваанд “Шүүх яамны” гэгдсэн Донойн Ханд 20 сумаас 16 онож түрүүлэн Улсын мэргэн цол  хүртжээ. Д.Ханд нь Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Илдэн сум, одоогийнхоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Бэрхийн эрэг гэдэг газар 1907 онд төржээ. 14 настайгаасаа бийр янтай барьсан тэрбээр 1921 оны тавдугаар сараас Алтанбулагийн түр Засгийн газрын Сайдын яаманд ажилласнаас хойш тасралтгүй 60 гаруй жил, үүнээс 46 жилд нь хуулийн байгууллагад ажиллажээ. Тэрбээр ийнхүү хуулийн байгууллагад 46 жил тасралтгүй ажиллахдаа Ардын шүүн таслах газарт байцаагч, Өмгөөлөх коллегийн дарга, Шүүх явдлын яамны боловсон хүчний даргаар ажиллаж, улмаар 1956 онд Төмөр замын шугамын шүүхэд шилжин ажилласан байна. Хашиж явсан ажил албын нь тухай өөрөө болон өрөөл бусад нэг бус удаа өгүүлсэн байдаг ч төр түмнийхээ наадамд цэц магнай болж, үндэсний сурын спортын эрхэм дээд цол гуншинг хүртэж явсан хэрнээ энэ талаар төдийлөн дурсаагүй байх нь бий. 35 насандаа Улсын их баяр наадмын харваанд түрүүлж байсныг бодохул эртнээс сур харваж эхэлсэн нь дамжиггүй. Мөнхүү ямархан зангарагтай харваач байсныг үзүүлсэн амжилтаас нь илэрхий байдаг. Мэргэн маань,
1943 оны Улсын наадмын сурын харваанд V байрын төлөө тухайн үеийн Аж үйлдвэрийн комбинатын дарга Дэмбэрэлтэй оноо тэнцэн товхолжээ.
1947 оны Улсын наадмаар мөн V  байрт шалгарсан байна.
1952 оны Улсын наадмын харваанд 15 онож III байрт шалгарчээ. Ийнхүү тэрбээр Улсын их баяр наадмын сурын харваанд нэг түрүүлж, гурвантаа айрагдсан аж.
Хөвсгөл аймгийн уугуул, ахмад харваач, аймгийн мэргэн Б.Ягаан гуай,
-Миний бие бүсийн уулзалт харваагаар явж байхдаа Ханд гуайтай нэг бус удаа таарч байлаа. Нум сумныхаа хэрэглэлийг өөрөө хийчихдэг, ихэд томоотой өвгөн байсан даа... хэмээн өгүүлж байв.
Дашрамд дурдахад, Д.Ханд “Ардын хувьсгалын анхны наадмыг нийслэл Хүрээг чөлөөлснөөс хойш хийсэн. Би тэгэхэд Алтанбулагийн яамны сайд Билэгсайханы Харцага бор морийг 14 настайдаа унаж уралдсан...” хэмээн дурссан байдаг.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна