Аймгийн Алдарт уяач Д.Ганбат:Ирэх жилийн түрүү магнай гэдгээр нь бэлгэшээж байгаа

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 16 -нд

АХ-ын 93 жилийн ойд газар газрын 291 хурдан даага бүртгүүлж, 234 нь гарааны зурхайгаас эргэсэн. Сүүнийх нь үнэр салаагүй бяцхан дааганууд наадамчин олноо цэнгүүлэн төрийнхөө их баяр цэнгэлд тоосоо өргөн хурдалж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашзэвэгийн Ганбатын хээр даага ирэх жилийн түрүү хүлгээр тодорсон билээ. Босоо дэлт хүрэн азаргаа төрийнхөө наадам, шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд айрагдуулж байсан түүнтэй цоллуулахаар явах гэж байхад нь тааран цөөн хором ярилцлаа.
-Монгол түмэн эртнээсээ энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай хэмээн бэлгэшээсээр ирсэн. Ирэх жилийн түрүү магнай хүлгийг танилцуулаач?
-Хурдан хүрэн азарганы маань төлийн төл байгаа юм. Төрийнхөө баяр наадамд тоосоо өргөж, төв асартаа очно гэсэн хүсэл байсан. Түүнийгээ биелүүлж байх шиг байна. /инээв/Гэхдээ энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай гэдэг шүү дээ. Бэлэгшээлтэй л юм.
-Хүрэн азарга гэдэг нь Босоо дэлт үү?
-Тиймээ. Монгол түмэн маань сайн мэдэх байх. Хурдан хүлгийнхээ буянаар төв цэнгэлдэхэд хоёр, гурав ч орчихсон.  Төл нь энэ жилийн баян ходоод болж цэнгэлдэхэд очих юм байна. Миний даага хоёр талаасаа угшилтай. Эх талаасаа “Их хурд”-д түрүүлсэн Дөлгөөн хонгор, Чандмань халтар морины цустай. 
-Морь түрүүлж айрагдах сайхан ч хүүхэд, морь мэнд сайхан наадах хамгийн эрхэм хэмээдэг?
-Тэгэлгүй яахав. Сайхан байна, мэнд сайхан уралдаад ирлээ. Би арваад жил морины сүүл боосон. Анх удаа баян ходоодны хишиг хүртлээ. Өнөөдрийн уралдаанд олон шинэ цагийн адуунууд уралдлаа. Уг нь миний даага давгүй сайхан байсан. Сунгаануудад шинэ цагийн даагануудтай уралдаад түрүүлээд л байсан юм.
-Хаана сунгасан бэ?
-Төв аймгийн Баян сумын Дэндгэр гэдэг газар Алдарт уяач Ганзориг, Манлай уяач Баттөмөр ах гээд олон хүний адуу байсан.Тэнд морьдоо сунгаж байсан. Төв цэнгэлдэхэд цэвэр монгол адуу орох ёстой. Тэр талаас нь харж байна.
-Бага насанд шинэ цагийн адуу олон мордож байна шүү?
-Монгол наадмын хууль дүрмийг зохиосон улс тунгааж байгаа байлгүй. Үзэгчид Хүйн долоон худагт монгол үндэснийхээ бахархлыг үзэх гэж ирдэг. Эрлийз адуу гэдэг томъёолол хэр зохимжтой юм. Ялгавал ялгасан шиг ялгаал, ялгахгүй бол өмнөх шигээ зургаан насны морь уралдуулдаг болмоор юм.
-Модон морин жил гарсаар хаана, хаана наадсан бэ?
-Морин жилд сунгаагаа тааруулж Архус суманд наадаж, даага маань шинэ цагийн адуунуудтай уралдаж айрагдсан. Ер нь би морин жилд өөрийн унаган зургаан насны морь уялаа. Хязаалан, даага хоёртой  улсад ирж мордуулсан. Хязаалан үрээ 90-ээдээр ирсэн байх. Даага минь сайхан давхиж, баян ходоод боллоо. Монголчууд маань жилдээ нэг удаа хуран чуулж үндэсний том соёлоороо дэлхийд гайхуулдаг. Энэ төрийн хэрэгт морио уяж оролцож байгаадаа баяртай байна. 
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна