Аймгийн Алдарт уяач Б.Цэрэнбалтав: Улсын Алдартын болзол тооны хувьд гүйцсэн

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 16 -нд

-Төрийн наадмын түрүү хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ жил шүдлэнгийн уралдаанд хул үрээ маань сайхан өнгөллөө. Ер нь сунгаануудад их сайн байсан юм. Хул үрээ Сүхбаатар аймгийн угшилтай. Өөрөөр хэлбэл, миний нутгийн данстай морь. Ноднин Сүхбаатар аймгаас авчирч улсын наадамд уралдуулсан юм.
-Сүхбаатар аймгийн аль сумын, хэний адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын миний адуу. Эцэг эх нь аль, аль нь Баяндэлгэрийн адуу. Уяа сойлгыг нь Архангай аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Дашчийрэв маань тааруулдаг. Хоёр жил дараалан улсын шилдэг уяачаар шалгарсан залуу шүү дээ. Та нар мэдэх байлгүй дээ.
-Таныг улсын цолонд ойрхон уяачийн нэг гэдэг. Улс, бүсийн наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Би улс, бүсийн наадмаас найман айраг, түрүү хүртээд байгаа. Өөрөөр хэлбэл, Алдарт уяачийн болзлыг тооны хувьд хангачихсан. Харин чанарын хувьд жаахан асуудал бий. Түүнийгээ энэ жил шийдчих болов уу гэж бодож байна.
-Жил жилийн наадам өөр гэдэг. АХ-ын 93 жилийн ойг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Энэ жил морьдын уяа сойлго сайн байна. Хаа сайгүй газрын гарц сайн, өвс ногоо сайн ургаж. Түүнийгээ дагаад морьд тэнхээтэй, хурдан байна.Тийм учраас хэний ч морь урдаа орчих боломжтой.
-Улсын наадмыг бүсийн уралдаанууд залгадаг. Хаана уралдахаар төлөвлөж байгаа вэ?
-Баянхонгорын бүсэд явах бодолтой байна. Тэнд Буган азарга, хүрэн морь хоёроо нөөцлөөд аваад үлдчихсэн. Ингээд мориндоо жаахан хуваарь хийж уралдуулж байна даа.
-За баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна