Шинэ түмэн эх тодорсон их насны морьдын уралдаан

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 21 -нд

Нэрийг нь дуулж, зүсийг нь мэдэх танил дотно хурдан хүлгүүд шандас шалгадаг их насны морьдын уралдаан хүлээлт, итгэл найдвар, сэтгэл догдлолоор дүүрэн байдаг. Өнөө жил ч гэсэн Хүйн долоон худагийн хурдан морины бариа үзэгчдээр дүүрэн байлаа.
Сүүлийн хоёр жил дараалан төрийнхөө их баяр цэнгэлд түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн Х.Бат-Эрдэнийн Даян түмний эх хүрэн морь амжилтаа бататган, цолоо ахиулж чадах болов уу, завсаргүй дөрвөн жил дараалан айрагдсан С.Ганхуягийн алдарт бор морь альханаар давхих бол, шинэхэн Алдарт Б.Ерөөлтийн хүрэн халзан, дэлхийд данслагдсан Ц.Энхтайваны хонгор халзан, уралдсан болгондоо цулбуур өргүүлдэг Д.Баясгалангийн Суман хүрэн гээд энэ цагтаа тодрон эзэн хүнээ баясгасан эрэмгий хурдан хүлгүүд чухам яаж давхих бол хэмээн сэтгэл нь гэгэлзсэн үзэгчид суудалдаа тогтож ядан байсан билээ.
АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд газар газрын 325  хурдан хүлэг бүртгүүлснээс 314 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг гарчээ. Уралдааны замд  Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн Даян түмний эх хүрэн, Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Базардарийн Баасанбазарын “Их хурд-5” уралдааны түрүү Дөлгөөн хонгор, Төв аймгийн Баян сумын уугуул, Манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн халзан, Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Баясгалангийн Суман хүрэн, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Манлай уяач Дамбын Хишигжаргалын сартай хонгор, Булган аймгийн Могод сумын уугуул, Манлай уяач Цэнгэлийн Цэгмидийн хүрэн, Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын хээр, Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын хүрэн, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Манлай уяач Пүрэвийн Мэндбаярын хар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, Манлай уяач Бат-Очирын Эрдэнэгэрэлийн хонгор, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Думаажавын Батбаярын Зоос бор, Завхан аймгийн Яруу  сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хүрэн халзан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Бөөрөнхийгийн Амарбаясгалангийн хүрэн халзан, Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээгийн Яруу саарал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Сүхийн Балдандоржийн хонгор, Ховд аймгийн Дарви сумын уугуул, Манлай уяач Батчулууны Баттөрийн хээр, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мөрнэрэнгийн Мөнхбатын шарга, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Бат-Очирын Саранхүүгийн хээр халзан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын буурал халзан зэрэг хурдан шандсаа шалган өрсөлдсөн байна.
Хурдан хүлгүүд барианд ороход таамагт багтаагүй битүү морь түрүү магнайгаар тодорч, наадамчин олон шинэ түмэн эхээ уухайлан угтсан билээ. Өнгөрсөн жил төрийнхөө их баяр цэнгэлд эхний аравт хурдалсан хүлгүүдээс Даян түмний эх хүрэн морь хараахан айрагдаж чадалгүй зургаалж, Д.Баясгалангийн Суман хүрэн амжилтаа ахиулан аман хүзүүнд хурдалсан.
Их насны морьдын уралдааны үеэр хоёр ч сайхан эрдэнэт хүлэг эндэж, наадамчин олны өрийг өвтгөсөн. Билэг дэмбэрэл, ерөөл цалгисан баяр наадам хуучраагүй, бүсийн наадмууд залгах гэж байгаа болохоор эрхэм уяачид, морины зүтгэлтнүүд та бүхнээ дахин сануулахад хүлэг мориныхоо хоол ундыг сайн тааруулж, хүүхдэдээ мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагахыг сануулах нь зүйтэй биз ээ. Үзэгчдийн нүдэн дээр барианы зурвас даван амьсгал хураасан сайхан буянг амыг нь татаж, уралдаанаас гаргах хэрэгтэй болсныг эмч нар сануулсан, хүүхэд нь хүлээж авалгүй дээрх байдалд хүрсэн аж. Тиймээс дараа дараагийн уралдаануудын үеэр уяачид мориныхоо шингэний дутагдлыг цаг алдалгүй нөхөж, мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөг ягштал нь биелүүлэх хэрэгтэй биз ээ. 

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна