Аймгийн Алдарт уяач Д.Баянбат: Манайханд олон сайхан хурдан азарга заяасан нь ховорхон хувь хишиг юм

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 01 -нд

-Монгол төрийн наадамд гурван үеэрээ адуу сүргийн манлай азарга түрүүлгэсэн удамт уяачдад баяр хүргэе?
-Баярлалаа. Ардын төрийн наадамдаа азарга түрүүлгэж шинэ амжилтын эзэн болсондоо баяртай байна. Дэлгэр сайхан зун болж, бороо хуртай, шороо багатай баяр наадам сайхан боллоо. Миний өвөө өндөр өвөг нар олон жил адуу гэдэг хийморилог амьтныг адгуулан  маллаж, өнөөдрийн амжилтын үндэс суурийг тавьж өгсөн. Миний өвөө Мөнхийн Данзанням Ажнай хүрэн азаргаа улсын наадамд дөрөв түрүүлж, нэг айрагдуулсан бол, аавын минь Цолмон халтар азарга улсын наадам, Их хурдад түрүүлж байсан. Мөн Өндөр зул азарга нь 1997 онд түрүүлж байсныг та бүхэн мэдэх байх. Энэ сайхан азаргануудын залгаа болж миний Наран хонгор азарга өнөөдөр төрийнхөө наадамд түрүүлсэнд баяртай байна.
-Монгол төрийн наадамд хамгийн олон удаа азарга түрүүлгэсэн хүн бол таны аав. Хонгор азаргаа түрүүлнэ гэдгийг мэдэрч байв уу?
-Хонгор азарга маань энэ жил үнэхээр хурдан байсан. Түрүүлдэггүй юмаа гэхэд айрагдчих болов уу гэж харж байсан. Миний хонгор азарга хязааландаа улсын наадамд аман хүзүүдэж, төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан адуу. Өнгөрсөн жил соёолон үрээ уялгүй өнжөөж бярлуулсны хэрэг өнөөдөр гарлаа.
-Наран хонгор “Ажнай” галын түрүү азарганы буухиаг үргэлжлүүллээ?
-Тэглээ. Азарга гэдэг адуун сүргийн манлай, эцэг мал. Тэр утгаараа адуу адуунаасаа онцгойлон дээдэлж ирсэн. Манай гэр бүлд, манай удамд олон сайхан хурдан азарга заяасан нь их хувь хишиг юм.Гол нь миний хувьд тэр хувь заяаг дээдлэн энэ том нэр хүндийг авч сэвтээхгүй авч явах том үүрэг оногдлоо.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье?
-Баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна