Аймгийн Алдарт уяач С.Мөнхбат: Арав гаруй жилийн дараа төрийн наадмын анхны айргаа амслаа

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 26 -нд

-Төрийнхөө их баяр наадамд их морь айрагдууллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Миний хүрэн морь төрийнхөө наадамд айргийн дөрөвт хурдалж, түмэн олноо баясгалаа. Маш их баяртай байна. Уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад нийт наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүлье.
-Дундговьчууд сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгаа. Өнөө жил ч гэсэн урамтай сайхан наадлаа?
-Манай Дундговьчууд их сайхан наадаж байгаа.Үүний цаана манай говийнхны  ажилч, хөдөлмөрч, хичээнгүй зан чанар нуугдаж байгаа юм. Морь уяна гэдэг асар их хөдөлмөр, тэвчээр хатуужил шаарддаг. Манай говийнхон тэвчээр хатуужилтай сайхан улс байдаг учраас хөдөлмөрийнхөө үр шимийг амсч байгаа нь энэ.
 -Алдарт бүсийн наадамд морь айрагдуулж байсан ч улсын наадмын анхны хишиг үү?
 -Хурдан морь уяад 10 хэдэн жил болж байна. Бүсийн наадамд хоёр ч удаа морь айрагдуулж байсан.Энэ жил анх удаа төрийнхөө наадамд морь айрагдууллаа. Маш их баяртай байна.
-АХ-ын 93 жилийн ойдоо хэдэн насны морь мордуулав?
-Манай галын уяач Сүхбаатарын хонгор халзан шүдлэн айрагдлаа. Манай галаас үндсэндээ улсын их баяр наадмаас хоёр айраг аваад байна.
-Улсын наадмыг бүсийн уралдаанууд залгадаг. Хаашаа явж наадахаар төлөвлөж байгаа вэ?
-Аймагтаа болох төвийн бүсийн уралдаанд оролцох санаатай байна. Болбол хүрэн морио нутагтаа ахиад нэг уралдуулчихъя л гэсэн бодолтой байгаа.
-Сэтгүүлийн хуудсаар дамжуулаад Дундговьчууддаа, Монголынхоо ард түмэнд нар хур дэлгэрсэн энэ сайхан өдөр баярын мэндчилгээ дэвшүүлэх боломжтой?
-Нийт Дундговьчууддаа болон Монголынхоо нийт ард түмэнд баярын мэнд дэвшүүлье. Бүгдээрээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна