Монгол уяачийн тангараг

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 12 -нд

Тангараг өргөсөн эр цэргийн цээжинд эх орон жинхэнэ ёсоороо багтдаг гэсэн үг бий. Энэ нь эр хүн гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ тангараг өргөж байж ухамсарладаг гэсэн утгатай бус, харин тангараг өргөх нь тэрхүү үзэл санааг нь улам бүр төгөлдөржүүлж, зүрхний угт мэдрүүлдэг гэсэн утгатай юм.
Монголын уяачид ч гэсэн ёс заншил, өв уламжлалаа дагаж, уралдаанч хүүхэд, уясан хүлэг морио дээдлэн эрхэмлэж, холбогдох хууль тогтоомжийг чандлан биелүүлэхээ амлан тангараг өргөдөг болсон тухай бид  өмнө нь мэдээлсэн. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон эрийн гурван наадмын нэг морин уралдааныг хөгжүүлж буй эрхэм уяачид, морины зүтгэлтнүүд та бүхэнд “Монгол уяачийн тангараг”-ийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Уяач би:
Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хууль, тогтоомж
Монголын Морин спорт, уяачдын холбооны дүрэм, Монголын хурдан морины уралдааны дүрмийг чандлан сахиж, Монголын үндэсний их өв соёл, хурдан морины уралдаан, ёс заншил, өв уламжлалыг нандигнан хайрлаж, хойч үедээ өвлүүлэх үлдээхийн төлөө оюун ухаан, эрдэм чадал, ёс суртахуунаа харамгүй зориулж явахаа Тангараглая.
Уяач би:
Уралдаанч хүүхдээ эрхэмлэн хайрлаж, хүлэг морио зөв сайн уяж, чин шударгаар уралдаанд оролцож, монгол эр хүний жудаг, нандин чанар, уяач хүний ёс зүйг эрхэмлэн дээдэлж явахаа Тангараглая.
Уяач би:
Төрийн сүлд, түмэн олныхоо буян хишгийг сүслэн дээдэлж эх сайхан орныхоо уул ус, байгаль хангайгаа шүтэн залбирч өвөг дээдсийнхээ их түүх, өв соёлоо дээдлэн уламжлан түгээж ард түмнээ цэнгүүлэн баясгаж явахаа Тангараглая.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна